Гавьяат жүжигчин Н. Мягмар таалал төгсжээ

Гавьяат жүжигчин Н. Мягмар таалал төгсжээ

Тайз дэлгэцийн урлагийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Гавьяат жүжигчин, Хүүхэд залуучуудын театрын ахмад уран бүтээлч, Соёл урлагийн их сургуулийн Хүндэт профессор, сурган хүмүүжүүлэгч, Надмидын Мягмар 2020 оны 10-р сарын 04-ний өдөр өвчний улмаас таалал төгсч, хүнд гарз тохиолоо.

Тэрээр Монголын анхны дээд боловсролтой драмын жүжигчдийн нэг бөгөөд 1963 оноос Хүүхэд залуучуудын театрт жүжигчин,1987 оноос Соёлын яамны шийдвэрээр Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын ангид тайзны ярианы багш, 1990 оноос Соёл урлагийн их сургуулийн Тайз дэлгэцээс ярих урлагийн тэнхимийн багш, зөвлөх багшаар ажиллаж байлаа.

Хүүхэд залуучуудын театрын ахмад уран бүтээлч, БНМАУ-ын Гавьяат жүжигчин Н.Мягмар нь 1963-1987 онд Хүүхэд залуучуудын театрт ажиллахдаа Н.Дугарсанжаа, С.Гэндэн нарын “Ялалтын жигүүр”-Ханд, Д.Намдаг “Хярааны хонхорт”-Наташа тэргүүтэй дотоодын, А.Линдгрен “Карлсон жаалхүү хоёр”-Сванте Свантесон, А.Арбузовын “Таня”-Таня тэргүүтэй гадаадын 60 гаруй жүжигт гол болон туслах дүрийг чадамгай бүтээж, Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуучуудын хөгжилд дэлхийн болон үндэсний сонгодог бүтээлүүдээрээ үнэтэй хувь нэмэр оруулсан хүүхдийн болон драмын жүжгийн нэрт мастер байсан юм.

Тайз дэлгэцийн урлагийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Гавьяат жүжигчин Н.Мягмар нь “Энэ хүүхнүүд үү”-Дулмаа, “Бэрүүд”-Эмээ зэрэг кино дэлгэцнээ үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн олон арван дүрийг бүтээсэн кино урлагийн нэрт мастер байсан бөгөөд тэрээр “Сэгс цагаан богд”, “Бөмбөл Эрдэнэ”, “Гэргийн зүрхний бичлэг”, Иржи Марьяагийн “Эх” зэрэг найраглалуудыг амьдруулсан, бүтээл нь Монголын радиогийн алтан фондод хадгалагдсан Монголын урлагийн нэрт зүтгэлтэн, тод нэгэн юм.

Түүний монголын соёл урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын яамны “Шилдэг дүр”-ийн шагнал, СУИС-ийн “Хүндэт профессор”, Хүндэт Муза, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнажээ.

Тайз дэлгэцийн урлагийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Гавьяат жүжигчин, Хүүхэд залуучуудын театрын ахмад уран бүтээлч, Соёл урлагийн их сургуулийн Хүндэт профессор, сурган хүмүүжүүлэгч, Надмидын Мягмарын эх орондоо хайртай, хүнлэг эрхэм чанар, монголын залуу үедээ зориулсан чин үнэнч сэтгэл, цовоо сэргэлэн дуу хоолой, эрхэмсэг намба төрх, бидний сэтгэл зүрхэнд мөнхөд орших болно.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …