Улсын хэмжээнд буй 900 мянга орчим айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төр бүрэн хариуцахаар болсон.
Засгийн газар энэхүү амаргүй шийдвэрийг гаргахын тулд холбогдох яам, албаны хийсэн тооцоо, судалгаан дээр үндэслэсэн бөгөөд хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд болох “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс тавантолгой” компаниуд шийдвэрлэх юм.
Салбарын сайд Г.Ёндон, дэд сайд О.Батнайрамдал нар 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нартай уулзаж нийгэм, эдийн засагт чиглэсэн тус арга хэмжээний талаар ярилцлаа.
Сайд нарын зүгээс салбарын нэр хүндийг өндөрт өргөж яваа баялаг бүтээгч салбарынхандаа болон дээрх хоёр компанийн удирдлага, ажилтнуудад хандан улс, орон нутгийн төсвийг бүрдүүлэхээс гадна цар тахлын хүнд нөхцөл байдалд байгаа аж ахуйн нэгж, ард иргэдийн нуруун дээрх ачааллыг хөнгөлж, бодит дэмжлэг үзүүлж буйд яам, агентлагийн нийт ажилтан, иргэд, аж ахуйн нэгжийн нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн юм.
Түүнчлэн салбарын нуруунд ирж буй энэхүү ачааллыг даван туулахын тулд бүх төрлийн өртөг зардлыг бууруулж, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрүүдийг зөв эрэмбэлэн, оновчтой зохицуулалт хийж, чухал ач холбогдолтой төслүүдийг хугацаанд нь хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллах шаардлагатайг уулзалтын үеэр онцоллоо.