Н.Ганибал:Үнэ тэглэх шийдвэр эрчим хүчний салбарын үнэнийг ил гаргаж, аваарын байдалд ажиллах нөхцөлд хүргэлээ

Монгол Улс дотооддоо нийтдээ 1534 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Нэмээд 20 сая орчим ам.доллар төлж ОХУ-аас эрчим хүч импортоор авдаг. Цахилгааны үнийг тэглэх шийдвэр гарснаас хойш хэрэглээ огцом нэмэгдэж ачаалал 1300 хүрвэл эрчим хүчийг хэсэгчлэн хязгаарлахаас аргагүйд хүрэх юм байна. 

Хэт их ачааллаас хамааран, ТЭЦ-IV-ийн нэг эх үүсвэрт гэмтэл гарлаа гэхэд 15 аймаг цахилгаангүй болох эрсдэлтэй юм байна. Тиймээс цахилгааны эх үүсвэрээ яаралтай өргөтгөх, цаашдаа өндөр хүчин чадал бүхий цахилгаан станц барих шаардлагатай гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлж байна.

Цахилгаан, эрчим хүч улс орны хөгжлийн гол тулгуур  болдог. Өндөр хөгжилтэй 20 улсын хүн амын тоо дэлхийн хүн амын 30 хүрэхгүй хувийг эзэлдэг ч нийт эрчим хүчний 90 хувийг хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Тиймээс иргэдийнхээ хэрэглээг хязгаарлах бус дэмжих, үйлдвэрлэл явуулах боломж нөхцлийг нь нэмэгдүүлэх ёстой.

Иргэдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ хязгаарлагдмал байсныг айл өрх, зарим аж ахуйн нэгжийг хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг төр хариуцах тухай Засгийн газрын шийдвэр харууллаа гэж гишүүд дүгнэв. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн /2020.12.21/  хуралдаанд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарынхаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан, 10 аймагт дулааны станц барих ажил ямар шатандаа явааг тодрууллаа. Мөн УИХ-ын гишүүн Н.Ганибал, “Үнэ тэглэх шийдвэр эрчим хүчний салбарын үнэнийг ил гаргаж, аваарын байдалд ажиллах нөхцөлд хүргэлээ. Нөгөө талаас бодит байдалтай нүүр тулж, цаашид зөв замдаа орж ажиллах боломжоо бүрдүүлж авах ёстой” гэв.

Ардчилсан намын бүлэг мөн цар тахлын үед аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилго бүхий хуулийн төслүүдийг хэлэлцэв. Үүнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын алданги, торгууль болон Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслүүд орж байна.

Түүнчлэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж зарчмын хувьд дэмжлээ.  Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ч дэмжив.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …