Ж.Алдаржавхлан: Энэ цаг үед иргэн бүр дэглэмээ барих нь хамгийн чухал болоод байна

Цар тахлын эсрэг хариу арга хэмжээний хэрэгжилт дүүрэг, хороодын хэмжээнд хэрхэн явагдаж байгаа талаар Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлангаас тодрууллаа.

-“COVID-19” цар тахлын эсрэг авах хариу арга хэмжээний хүрээнд Хан-Уул дүүрэг ямархуу зохион байгуулалттай ажиллаж байна. Өнөөдөр танай дүүрэгт нөхцөл байдал ямар байгаа талаар танилцуулна уу?

– Арваннэгдүгээр сарын 11-нд Монгол Улсад дотоодын халдвар илэрч, улс даяараа бэлэн байдалд шилжсэн. Хан-Уул дүүрэгт коронавирусийн халдварын 22 тохиолдол бүртгэгдээд байна. Ингээд дүүргийн онцгой комисс НОК-той хамтран халдвартай иргэдийн нарийвчилсан маршрутыг гаргаж, өнөөдрийн байдлаар 31,105 иргэнээс буюу дүүргийн нийт иргэдийн 18.9 хувиас шинжилгээ аваад байна. Шинжилгээ авах хоёр төв ажиллаж байгаа. Нийт 260 гаруй иргэн гэрийн хяналтад байгаа. УОК-оос шийдвэр гарч, дараа нь НОК-оос шийдвэрүүд гардаг боловч бүх нарийн ажлууд дүүрэг, хороод дээр ирдэг.

– Халдварын нэг голомт  “Энхсаран” сувилал Хан-Уул дүүрэгт байрладаг. Ер нь халдвар илэрсэн газруудад ариутгал, халдваргүйтгэл болон дахин халдвар гарахаас урьдчилан сэргийлэх тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

– “Энхсаран” сувилалтай холбоотой хүмүүсээс халдвар илэрсэн. Мөн “Буянт-Ухаа” хорооллоос халдвар илэрсэн хүний хувьд анхны дотоодын халдвар тээгч болсон. Нэг байр, гудамжнаас тохиолдол илрэхэд тухайн байр, орц, гудамжийг бүхэлд нь хамгаалалтад авч, ариутгал, халдваргүйтгэлийг иж бүрэн хийж, бүх айл өрхийн иргэдээ шинжилгээнд хамруулсан.

Иргэд гэрийн хяналтад байх хугацаандаа халдвар, хамгааллын дэглэмийг зөрчих асуудал их гарч байгаа. Жишээлбэл, саяхан нэг байрны орцыг 48 цагийн хугацаанд хамгаалалтад авах үед зарим иргэд гарааш, цонхоороо дамжин гарч зугтах оролдлого гарсан. Онцгой нөхцөлд иргэд маань ухамсартай байж, өвчлөл нэмэгдсэн үед тэвчээртэй дэглэмээ барих хэрэгтэй байна.

– Ресторан, цайны газрууд зэрэг бусад байгууллагуудад хяналт, шалгалт хэрхэн хийж, зөрчил хэр гарч байна?  

– Ресторан, цайны газар, жижиг дэлгүүр зэрэг ажиллаж байгаа газрууд халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн сахиж байгаа эсэхэд мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаагийн албан хаагчид болон Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 200 гаруй ажилтан хамтраад өдөр бүр хяналт тавин гарсан зөрчил бүрийг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна. Өдөр бүр хяналт тавихгүй л бол хүмүүсийн халдвар хамгааллын дэглэм сулрах гээд байна.

Ер нь томоохон моллуудыг одоохондоо нээж, ажиллуулах шаардлагагүй гэж үзэж байна. Удахгүй болох шинэ жилийн баярыг ч гэсэн Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу гэр бүлийнхээ хүрээнд маш цомхон тэмдэглэх нь зөв юм.  

– Хан-Уул дүүрэгт хоол, хүнс болон түлшний дутагдалд орсон айл өрх хэр олон байна. Бусад дүүрэгтэй харьцуулахад харьцангуй гайгүй гэж сонссон. Гэхдээ хаана хаанаа эдийн засаг хүнд байгаа болохоор энэ асуудалд хэрхэн анхаарч ямар зохицуулалт хийж байна?

– Хан-Уул дүүрэг нийт 203 мянган хүн амтай. 55 мянга орчим өрхтэй. Олон хүн, олон байгууллагын дэмжлэгээр одоогийн байдлаар 7,000 айл өрхөд хүнсний тусламж үзүүлж, 5,000 гаруй айлд сайжруулсан түлш тараасан. Хүнсний тусламж үзүүлэх ажил өнөөдөр ч үргэлжилж байна.

– Иргэдээс ирж байгаа санал гомдол, тулгарч буй асуудлыг ямар аргаар хүлээж авч байгаа вэ?

– Дүүргийн Шуурхай штаб гэж байгуулсан. 8312 0466 гэсэн тусгай утас гаргасан. Өдөрт дунджаар 60-100 орчим дуудлага ирдэг. Тэр болгонд нь хариу өгч онлайн хуралдаж,  үүссэн бэрхшээл, асуудлуудаа нэгтгэж, маргааш өглөө нь дүүргийн онцгой комиссын хурлаар оруулж, шийдээд, шийдвэрлэх боломжгүйг нь НОК руу уламжилж байна.

Дээрээс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх шатанд маш  олон хүн ажиллаж байгааг онцлон хэлмээр байна. 900 орчим төрийн албан хаагч дүүргийн хэмжээнд өдөр бүр ажиллаж байна.

– Хан-Уул дүүргийн Өлзийт, Шувуун фабрикийн иргэд постын цаана оршин суудаг. Хотоос  орох, гарах хөдөлгөөн хязгаарласан үед тэр иргэдийн хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж байна вэ?

– Өлзийт, Шувуун фабрикийн иргэд хотын иргэн мөртлөө постын цаана амьдардаг. Тэр иргэдийн хувьд иргэний үнэмлэхээ үзүүлээд  чөлөөтэй нэвтэрч байгаа. Мөн нийтийн тээвэр явж байгаа бөгөөд хорооноос нь хараа, хяналтаа тогтмол тавьж байгаа болохоор асуудалгүй.

– Эрчим хүчний төлбөрийг төрөөс төлөх шийдвэрийн хүрээнд хэрэглээг нэмэгдүүлэхгүй байх нь чухал болоод байна. Гэтэл  Нүхтэд ачаалал их байна гэх мэдээлэл гарсан. Танай дүүргийн харьяа хэсэг шүү дээ. Энэ талаар?

– Хан-Уул дүүргийн 55 мянган айлын 300 айл нь л Нүхтэд байдаг.  Ийм жижигхэн газарт эрчим хүч хэрэглэж тийм хүчтэй нөлөөлсөн гэж бодохгүй байна. Хан-Уул дүүрэгт томоохон үйлдвэрүүд бий. Бас шинэ бүтээн байгуулалтын ажлууд ч ихээр хийж байгаа. Бидэнд ирсэн мэдээллээр бол ганц Нүхт биш Яармаг, Нисэх, Өлзийтийн гэр хорооллын иргэдийн хэрэглээ ерөнхийдөө нэмэгдэж байна гэсэн.  

– Өдрийнхөө орлогоор амьдардаг олон хүн бий. Тэр өдрийн орлого нь тасрангуут тухайн айлын амьжиргаанд шууд нөлөөлж байгаа. Дээр нь тэр хүмүүс их бага хэмжээний зээлтэй. Энэ асуудлын зохицуулалт яг амьдрал дээр ямархуу байх юм бэ?  

-Банкны зээлийн хүүг бууруулах талаар Засгийн газар, Ерөнхий сайдаас чиглэл өгсөн боловч банкуудын өөрсдийнх нь хүчин чадлын асуудал яригдана. Иймээс арилжааны банкууд хүүгээ хэрхэн бууруулж болох байр суурь буюу хариу үйлдлийг Засгийн газарт үзүүлэх хэрэгтэй. Гэтэл банкууд тийм асуудлаа хэлэхгүй, таг дуугүй байгааг гайхаж байна. Энэ бол нийгмийн хариуцлагын асуудал болов уу. Бүгд л гар гараасаа барин хамтдаа байж л энэ хүнд цаг үеийг даван туулна.

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …