Иргэдийн халаасыг хандив нэрээр “сэгсрэх арга хэлбэржив”

Он дуусахын өмнө Ерөнхийлөгчийн пиарчин Херо Баатар нарын гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр 12 сарын эхээр байгуулагдсан “Хүүхдийн төлөө фонд” ТББ-аас санаачлан гадаад дотоодын урлаг соёлынхныг оролцуулсан онлайн хандивын аяныг Монголын Үндэсний телевиз тэргүүтэй 13 телевизээр оройн 08.00 цагаас шөнийн 02:00 цаг хүртэл гаргаж, иргэд, байгууллагуудаас нийтдээ 2.3 орчим тэрбум төгрөгийн хандив цуглуулав.

“Хүүхдийн төлөө фонд” ТББ зөв буруу, хууль зөрчсөн тухайд биш зөвхөн хандивын эргэн тойрны зарим асуудлыг хөндөж өгүүлэх болно.

Байгуулагдаад удаагүй байгаа “Хүүхдийн төлөө фонд”-од Монгол Улсын Засгийн газраас 10 тэрбум төгрөгийн хандив өргөхөө ч илэрхийлжээ. Мөн Ерөнхийлөгчийн хандив өгөхийг уриалсан бичлэг, Засгийн газрын хуралдаанаар “Хүүхдийн төлөө фонд”-ыг байгуулахыг дэмжиж байгаа бичлэгийг нэвтрүүлгийн үеэр байн байн гаргасан нь олон нийтэд төрийн оролцоотой байгуулагдсан байгууллага гэж ойлгоход хүргэн хандив өргөх хүчийг нэмэгдүүлсэн.

Дээр нь хувийн хэвшлийн томоохон байгууллагууд их хэмжээний хандив өргөсөн нь далд утгаараа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт тэдний ажлыг дэмжсэн гэж өөрсдийгөө “харагдуулах” гэсэн пиар гэж харж болохоор байв. Жишээ нь, хувийн хэвшлийнхэн хуучнаар хүүхдийн паркийн газрын ихэнхийг хууль бусаар нь авч барилгажуулсан. Гэтэл нэвтрүүлгийн үеэр хөтлөгчийн зүгээс “хүүхдийн паркийн газраа эргүүлж авъя” гэсэн уриалга дэвшүүлж давлагаалъя гэнгүүт “Үндэсний соёл амралтын хүрээлэн” /Хуучнаар хүүхдийн парк/-ээс 300 сая төгрөгийн хандив өргөж байх жишээтэй.

Нэгэнд хандив цуглуулах зорилготой онлайн нэвтрүүлэг, дээр нь Херо Баатар өөрөө найруулсны хувьд олны анхаарлыг татах шийдлүүд, хүний сэтгэлийг хөдөлгөх тавилтууд, инээд баяр хөөр, нус нулимс бүгд байв.

Монголын түүхэнд АВГАЙ гэж нэрлэгдэн, социализмын үед Монголын төрийг бараг 4 жил нөхрийнхөө ардаас удирдсан Анастасия Ивановна Филотавагийн тухай зочин ярьж уйлахад хөтлөгчдийн нэг И.Одончимэг дагаж уйлж буй сценар харагдав. Хэдийгээр Филотава Монголын хүүхдүүдийн төлөө олон сайн зүйл хийсэн боловч Монголын төрд, түүхэнд хийсэн түүний үйлдэл хэзээ ч сайнаар дурсагдах боломжгүйг түүнийг дурсан уйлагсад олж мэдээгүй бололтой. Онлайн тоглолтын үеэр мөнгө босгож болох бүхий л аргыг хэрэглэсэн гэж хэлж болно. Спорт урлагийн одуудын хэрэглэж байсан хувцас хэрэглэл, гар бичмэлийг дуудлага худалдаанд оруулах, Тод манлай уяачыг хүүхдийн төлөө за гэж хэлүүлэн хурдан удмын адуу амлуулах, хөтлөгчдийн зүгээс олон нийтийг байнга уриалах зэргээр “ажиллажээ”.

Энд онцлон хэдэн зүйлийг тодруулах нь зүйтэй болов уу. Тухайлбал телевизийн хөтөлбөрийг гэнэт өөрчлөн, эфирийг нь олон цагаар өөрчилсний төлбөрт телевизүүдэд ямар төлбөр төлсөн тухай, мөн хөтлөгчид болон уран бүтээлчид зэрэг урлаг соёлынхонд ямар хэмжээний зардал төлсөн, эсвэл тэд хандиваар оролцсон уу гэдгийг олон нийтэд ил болгох чухал юм.

Мөн нэгэнт “Хүүхдийн төлөө фонд” ТББ-ын дансанд цугласан 2,3 тэрбум төгрөгийн мөнгөн хандивыг хэрхэн, юунд, хэзээ зарцуулахаа нийтэд зарлах, учир нь ингээгүй тохиолдолд ийм хэмжээний мөнгийг арилжааны банканд сараас дээш хүүтэй байршуулахад хүү нь Херо Баатарыг байтугай бусдыг нь хэдэн жил тэжээчих хэмжээнд хүрнэ.

Тэгээд хүүхдийн төлөө төр засаг өөрөө ажиллах ёстой. Үүний төлөө төр иргэдээс татвар авч ажилладаг. Гэсэн атлаа ТББ-д 10 тэрбумаар нь шилжүүлчихээд “та нар өөрсдөө учраа ол” гэж хэлж байгаа мэт хүнийссэн байдлаар хандаж байгааг ойлгох ухаан хайрла.

Үнэхээр хүүхдийн төлөө гэсэн сэтгэлээр ажиллахыг хүсэж байгаа бол ямар ч хариу нэхдэггүй, бас пиар хийдэггүй “Ид шидийн орны” Ч.Ганжавхлан шиг залуусыг дэмжих нь зүйтэй. Түүнчлэн монгол хүүхдүүдийн 60-70 хувь нь шүд амны асуудалтай гэсэн судалгаанд үндэслэн хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлэх хөтөлбөрт чиглэсэн ажлыг хийж болохоор байна. Гэтэл “бүхнийг хүүхдийн төлөө” гэсэн уриан дор хүүхдийн ордон, байшин барилга барина гэсэн ерөнхий төлөвлөгөөтэйгөөр хандив цуглуулж байгаа нь хачирхалтай.

Тэгээд ч сар гаруйн өмнө HD Монгол телевизээр “Монголын Улаан загалмай нийгэмлэг” ТББ-аас санаачлан зохион байгуулсан “Монголчууд гэр гэртээ /тэвч, итгэ, хүлээ- теле концерт/ онлайн хандивын аяны хүрээнд Монголчууд 300 гаруй сая төгрөгийг хандивласан. Өнөөдрийг хүртэл МУЗН-ээс тухайн хандивын төсөв зардлын задаргааг олон нийтэд ил болгоогүй байна.

Мөн өчигдөрхөн TV5 телевиз дээр “Монголын иргэний хөгжлийн түшиг нийгэмлэг” ТББ-аас санаачилсан “Дулаан сэтгэл” хандивын сугалаат онлайн тоглолтыг явуулж байна билээ. Энэ тоглолтын тасалбарын үнэ 14.500 буюу хандив өргөгч ийм хэмжээний мөнгийг хандивлах ёстой, ингэж байж ПРИУС 30 автомашины сугалаанд оролцох юм байна. Энэ тухай хөтлөгчид онцлон хэлнэ билээ.

Үнэндээ, цар тахлын улмаас улс орон даяар хөл хорио тогтоосон, улс орны эдийн засаг хүндэрсэн, хүнсний бараанаас бусад худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьж, дампуурахдаа тулсан, иргэдийн олонх нь хоногийн хоолоо олоход хэцүү цаг үед ХАНДИВ нэрээр иргэдийн халаасыг тэмтэрч байгаад дургүйцэх хүмүүс олон байна.

Хэрэв төр ингэж ажиллах юм бол “ТӨР” гэдэг ТББ байгуулаад хүмүүс хандив өргөөд, төрийн ажлыг тухайн ТББ-ынхан хариуцаад ажилладаг болъё гэсэн санаачилга ч нийгмийн сүлжээнд гарах болов.

Эцэст нь хэлэхэд иргэд, аж ахуйн нэгжүүдээс өөрсдөө илүүчлэн байж хүүхдийн төлөө гэсэн сэтгэлээр өгсөн хандив эздэдээ хүрээсэй билээ.

А.Галт

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …