“Нөлөөллөөс дээгүүрт” нэртэй уриаг нийгэмд гэнэт цацаж, олон залуусын анхаарлыг өөр дээрээ татаад буй “Татар” хамтлаг гэнэт тэсрэлт хийхээр шийджээ.
Нэг хэсэг нам гүм байсан тус хамтлаг 10 жилийнхээ ойн босгон дээр удаан хүлээсэн фэнүүддээ зориулан олон шинэлэг зүйлсээр бэлэг барихаар бэлтгэл ажлууд хангагдаад байна.
Төрсөн өдрөө тохиолдуулан фенүүддээ зориулж шинэхэн уран бүтээлийнхээ дээжсээс нэгтгээд “Нөлөөллөөс дээгүүрт CD”-гээ өргөн барихаас гадна, 10 жилийн ойн хүрээнд “Нөлөөллөөс дээгүүрт” сэдэвт залуучуудаа уриалсан архины эсрэг аян хэрэгжүүлж байна.
“Нөлөөллөөс дээгүүрт” аяны арга хэмжээг нээж, энэ сарын 2-ны 19:00 цагаас “Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд” Татар хамтлаг шинэ уран бүтээлээрээ бэлэг барилаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд хүүхэд залуучуудыг буруу нөлөөллөөс дээгүүр, ухамсартайгаар, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа өндөржүүлжархины эсрэг тэмцье хэмээн уриалсан юм.
Аяны хүрээнд шинэхэн гарч буй “Нөлөөллөөс дээгүүрт CD” -ний баяраа энэ сарын 5-наас эхлэн хоёр сарын хугацаатай 60 удаагийн аялан тоглолтыг Улаанбаатар хотын бүх дүүргүүдээр хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна.
Аялан тоглолтын хүрээнд хандивын данс нээж ажилуулах бөгөөд энэхүү дансанд цугларсан бүх хандивыг архины эсрэг байгууллагуудын үйл ажиллагаанд хандивлах юм байна.
Татар хамтлаг нь Д.Батзаяа, Д.Мөнхчулуун, Ч.Жаргалсайхан гэсэн гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр 2003 онд “Чугу” ХХК-ийн дэргэдэх “Сонор” рекордстой хамтран ажиллах гэрээ үзэглэснээр албан ёсоор байгуулагдсан.
Тус хамтлаг өнгөрсөн 10 жилийн хугацаанд “TATAR(2004)” , “Second” (2005), “Ганцаараа” (2005), “FREEDOM” (2007) гэсэн дөрвөн цомог гаргасан бөгөөд 2004 онд анхны бие даасан “Хайрыг хүндэл” тоглолтоо амжилттай зохион байгуулж байсан түүхтэй. “Хайрыг хүндэл”, “Эсрэг өдөр”, “Бороо”, “Ганцаараа”, “Чамдаа зориулъя” гэх мэт олон хит дуунуудаараа фэнүүдийнхээ зүрх сэтгэлийг байлдан дагуулж чадсан байдаг.
Тус хамтлаг ирэх долоодугаар сарын 4-нд 10 насны төрсөн өдрийн тоглолтоо зохион байгуулна. Энэ үеэр фэн клубтээ шинээр гишүүнээр элссэн болон фэн клубийн бүртгэлээ сэргээсэн бүх фэнүүдтэйгээ хамт “Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд төрсөн өдрөө тэмдэглэхээр болжээ.
Д.Батзаяа: “Татар” хамтлаг 60 гаруй тоглолт хийнэ
“Татар” хамтлагийн ахлагч Д.Батзаяатай аяны талаар болон хамтлагийнх нь эргэн тойронд болж буй мэдээллээс тодрууллаа.
-“Татар” хамтлаг Монголын хип хоп ертөнцөд 10 жилийг өнгөрүүлжээ. Хамтлагийн ахлагчийн зүгээс өнгөрсөн хугацааг товчхон дүгнээч?
-10 жил гэдэг богино хугацаа биш. Хамтлагаа анх байгуулах гээд гүйж байсан өдрүүд өчигдөр юм шиг санагдаж байна. Манай хамтлаг хип хоп чиглэлээр уран бүтээлээ туурвиж эхлэхэд үзэгчид, сонсогчид сайхан хүлээж авсан. Тэр л их том урам зориг болсон доо.
-Ойн баяраараа ямар арга хэмжээ төлөвлөж байна вэ?
-Юун түрүүнд бид аялан тоглолт хийхээр зэхэж байна. Дүүрэг бүрт, цаашлаад товлогдсон газар бүр хүрвэл нийт 60 гаруй тоглолт хүлээж байгаа. Залуус, дүү нартаа зориулж “Нөлөөллөөс дээгүүрт” аяныг зохион байгуулаад байна. Хамтлагийнхаа 10 жилийн ойн баяраар хамгийн гол нь олонд хүртээмжтэй, залуучуудад хандаж, тэдэнд үг хэлэхийг зорилоо. Архины хэрэглээг багасгахад уран бүтээлчид тэр дундаа залуучуудад хамгийн ойр байдаг хамтлаг, дуучид л үг хэлэх ёстой.
-“Нөлөөллөөс дээгүүрт” нэртэй цомог гаргаж байгаа гэлээ. Яагаад ийм нэр өгсөн бэ?
-Цомогт 10 дуу багтсан. Яагаад ийм нэр өгсөн гэхлээр муу бүх нөлөөллөөс дээгүүрт байцгаая, хэн ч биш өөрийнхөөрөө л байцгаая гэсэн уриатай. Архи, тамхины зөв хэрэглээг залуучууд сонгоход бид туслахыг хүсч байна. Цомогт багтсан дуунуудыг бүх сувгаар цацаж байгаа.
-Ер нь “Татар” хамтлаг архины зөв хэрэглээнд залуусыг уриалдаг юм шиг санагддаг. Энэ бүтээл анхных биш байх аа?
-Тийм ээ. Бид урьд нь буюу 2008 онд “Эсрэг өдөр” нэртэй уран бүтээлээр залуучуудад хандахыг зорьсон.
Тухайн клипэнд архинд орж, амьдралаа алдвал ямар ч өндөрлөгөөс хэрхэн доош уруудаж болохыг харуулсан. Цаашдаа “Татар” хамтлаг архи, тамхийг жигших хандлагыг олон нийтэд түгээсээр байх болно. Нөлөөллөөс дээгүүрт байхын утга учир үүнд оршино.
-Шинэ цомгоо ямар хугацаанд бүтээв. Нэлээд хөдөлмөр шингэсэн гэж хэлж байсан?
-Өнгөрсөн оны долоодугаар сараас эхэлсэн. Өөрөөр хэлбэл, яг нэг жилийн өмнө “Нөлөөллөөс дээгүүрт” цомгийг барьж аваад, ийм зүйл хиймээр байна аа гэж шийдээд ажилдаа шаргуу орсон.
-Багагүй хүлээлт үүсгэсэн “Татар” хамтлагийн шинэ цомог хэдэн төгрөгөөр борлуулагдах вэ?
-Бид өмнөх цомгуудаа 5000, 10000 гэхчлэн зах зээлийн үнээр борлуулдаг байсан. Харин энэ удаагийн “CD” задгай талбайд зарагдана. Нэг цомог мянган төгрөгийн үнэтэй.
-Арай хямдхан биш гэж үү?
-Үгүй. Харин ч залууст хүртээмжтэй, олон хувь борлогдож, тэр хэрээр нийгмийн сайн сайхны төлөө зарцуулагдах боломжтой.
Эх сурвалж: