Монгол улсын хөгжилд онцгой чухал үүрэгтэй уул уурхайн томоохон төслүүд болох Оюутолгой, Тавантолгой, Цагаан суваргын ордууд болон Өмнийн говийн хэрэглэгчдийг Төвийн эрчим хүчний системтэй холбосон Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220 кВ-ын Цахилгаан Дамжуулах агаарын шугамын бүтээн байгуулалтын ажил дуусч, 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр улсын комисст хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Засгийн Газраас санаачлан хэрэгжүүлж буй энэхүү томоохон бүтээн байгуулалтын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр М-Си-Эс Интернэйшнл ХХК ажилласан. Тус компани энэхүү төслийг төлбөрийн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд уг бүтээн байгуулалтын ажлыг 28 сарын хугацаанд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлжээ.
Төслийн 1-р шатанд Мандалговь-Тавантолгойн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, Чойр, Мандалговь дэд станцын шинэчлэл, Тавантолгой шинэ дэд станцын ажлыг энэ оны зургаадугаар сард барьж дуусган, Өмнөговь аймгийн Даланзадгад хот, ойролцоох гурван сумыг Ухаа Худагийн цахилгаан станцаас найдвартай цахилгаанаар хангаж байна.
Төслийн 2-р шатанд Тавантолгой-Оюутолгойг холбосон агаарын шугам, Оюутолгой дэд станцын барилга угсралтын ажил дууссанаар төслийн гүйцэтгэл 100 хувьд хүрч, Мандалговь-Тавантолгой-Оюутолгойг холбосон 400 орчим км цахилгаан дамжуулах агаарын шугамЧойр, Мандалговь дэд станцын өргөтгөл, Тавантолгой, Оюутолгой дэд станцууд ашиглагч байгууллага болох Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ний ашиглалтанд бүрэн шилжлээ.
Уг бүтээн байгуулалтыг улсын комисст хүлээн авах үеэр ЭХЯ-ны ТНБД Д.Дэлгэрцогт “Энэхүү төсөл нь өндөр үр ашигтай, стратегийн ач холбогдолтой” болохыг онцолсон бол, ЭХЯ-ны БХЗГ-ын дарга Ц.Баярбаатар “Төслийн ажил амжилттай, хугацаандаа хэрэгжсэн нь Захиалагч болох Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв, Ашиглагч болох Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, түүний салбарууд, Диспетчерийн үндэсний төв Гүйцэтгэгч нартай уялдаа холбоо сайтай хамтран ажилласны үр дүн” гэж хэлсэн юм.
Ийнхүү говийн бүсийн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах сүлжээ үүсч төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдон Өмнийн говийг гэрэлтүүлж эхэллээ.
Төсөл амжилттай хэрэгжсэнээр:
- Өмнөд бүсийг төвийн эрчим хүчний системд холбосноор говийн бүсийн хэрэглэгчид найдвартай цахилгаанаар хангагдах төдийгүй Төвийн бүсийн хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлнэ.
- Тавантолгой орчмын Нүүрс баяжуулах үйлдвэрүүдээс ялгагдах ихээхэн хэмжээний эрчим хүчний нүүрсийг ашиглан Цахилгааны томоохон эх үүсвэрүүд баригдсанаар Төвийн бүс болон Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахад ашиглагдана.
- Тавантолгой, Оюутолгой төслийн цахилгааны боломжит хэрэглээг дотоодоос хангаснаар борлуулалтын орлого нэмэгдэж, Хятад улсаас импортоор авах цахилгааны хэмжээг бууруулна.
- Цаашид Цагаан суварга, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбороор дамжин Төвийн болон Говийн бүсийн цахилгаан хангамжийн нэгдсэн системийг үүсгэснээр цахилгааны эх үүсвэрүүдийн үр ашиг, найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх юм.
- Тавантолгойд 450МВт-ын цахилгаан станц баригдсанаар эрчим хүчний эх үүсвэрээс 2 талаас тэжээгдэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл энэхүү төслийн хүрээнд баригдсан 220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудаар дамжуулан Төвийн эрчим хүчний системд түүнчлэн Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэгцээг тодорхой хэмжээгээр хангах боломж бүрдэх юм.
- Уг цахилгаан дамжуулах агаарын шугам нь Монгол улсын эрчим хүчний салбарыг гадаад зах зээлд гаргах боломжийг бүрдүүлж, ОХУ-БНХАУ-н эрчим хүчийг холбосон олон улсын хэмжээний босоо тэнхлэгийн сүлжээ үүсгэж байгаагаараа онцлог юм.
Монгол инженерүүдийн эрдэм мэдлэг, ур чадвараар үндэсний компаниудын хамтран хэрэгжүүлсэн уг төсөл Эрчим хүчний салбарын томоохон бүтээн байгуулалт болж байгаа төдийгүй монголчууд өөрсдөө аливаа томоохон төслийг богино хугацаанд, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хэрхэн хийж, бүтээж чаддагийг харуулсан бодит жишээ боллоо.