ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий даяар ойролцоогоор 2.2 тэрбум хүн ямар нэг байдлаар харааны бэрхшээлтэй байдгаас 1 тэрбум орчим нь сэргийлж болох харааны бэрхшээлтэй байна. Тоо баримтаас харахад 1990 онд дэлхий даяар 34.4 сая сохор хүн байсан бол 2020 онд энэ тоо даруй 42.8 хувиар нэмэгдэж 49.1 сая хүн болж болж нэмэгдсэн байна.
Монгол Улсад хийгдсэн судалгаанд 50-аас дээш насны иргэдийн дунд сохролын тархалт 1.8 хувь, хүнд хэлбэрийн сул харааны тархалт 1.8 хувь байна.
2019 оны байдлаар манай улсад 11800 орчим харааны бэрхшээлтэй иргэн амьдарч байгаа бөгөөд насанд хүрэгчдийн сохрол, сул харааны тэргүүлэх шалтгаанд болрын цайлт, глауком, засагдаагүй хугарлын гажиг, эвэрлэгийн бүдэгшил, гэмтэл зэрэг өвчнүүд багтаж байгаа бол хүүхэд залуучуудын дунд харааны хугарлын гажиг, хялар, төрөлхийн болрын цайлт, дутуу нярайн ретинопати, төрөлхийн глауком өвчний тархалт өндөр байна.
Хүүхдийн нүдний харааг тогтмол шалгаж нүдний эмгэгийг эрт илрүүлснээр хүүхдийн болор цайх өвчин, төрөлхийн глауком, нүдний хорт хавдар, нүдний хугарлын гажиг, хялар харах, зовхины эмгэг зэрэг сохрох, сул хараанд хүргэдэг эмгэгүүдийг таньж эрт илрүүлэх, эмчлэх бүрэн боломжтой юм.
Эрүүл мэндийн яам, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Орбисийн хамтарсан “Хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих, мэдлэг олгох төсөл”-ийн хүрээнд хүүхдийн нүдний өвчний оношлогоо, эмчилгээ, хяналтыг сайжруулах ажлыг улсын хэмжээнд амжилттай хэрэгжүүлж байна.
Цаашид нийтийн эрүүл мэнд, эрүүл мэндийн боловсролыг сайжруулахад тус чиглэлээр түлхүү ажиллах шаардлагатай байгаа бөгөөд төслийн хүрээнд нүдний эрүүл мэндийн ач холбогдлыг таниулсан “Туяа ба шидэт зүлэг” хүүхдийн зурагт номыг бүтээлээ.
Зурагт номын нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Орбисын Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Монголын нүдний эмч нарын нийгэмлэг, Нийслэл, дүүргийн Боловсролын газар, хэлтэс, Өвөрхангай, Өмнөговь, Говь-Алтай аймгуудын Боловсролын хэлтэс, Ерөнхий боловсролын сургууль зэрэг байгууллагуудын төлөөлөл болох 30 гаруй албан хаагч оролцов.
Номын нээлтийн үйл ажиллагаанд номын зохиолч Швейцар улсын Эрүүл мэнд, оюун санааны нийгэмлэгийн тэргүүн, сэтгэлзүйч Кеннет Йонгштэйн “Боловсрол болон нүдний эрүүл мэнд” сэдвээр танилцуулга хийв.
Эрүүл мэндийн яам болон Монголын нүдний эмч нарын нийгэмлэгээс “Туяа ба шидэт зүлэг” хүүхдийн зурагт номын дээжийг Боловсролын салбарт гардуулж, хүүхдийн нүдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр цаашид илүү үр бүтээлтэй хамтран ажиллахаар боллоо.