Коронавируст цар тахлын үед Монгол улсын засгийн газраас халдварын тархалтыг таслан зогсоох, голомтыг хумих зорилгоор хөл хориог шат дараатайгаар дөрвөн удаа тогтоож, ард иргэдийг вакцинжуулах ажил эхэлсэн.
Улмаар цус цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийг бүрдүүлэхэд бэрхшээлтэй болж, цус, цусан бүтээгдэхүүний нөөц буурч байна.
Хэвийн үетэй харьцуулахад цусаа өгдөг донорын тоо төвийн хэмжээнд 31%, цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 20%-иар буурсан.
Цус, цусан бүтээгдэхүүнийг төрөхийн хүндрэл, автын осол, гэмтлийн үед, зүрх судас, хавдрын өвчлөл болон эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа зэрэгт түлхүү хэрэглэдэг.
Тухайлбал элэг шилжүүлэн суулгах хагалгааны цус, цусан бүтээгдэхүүний захиалгыг 500 орчим донороос бэлтгэдэг бөгөөд 7 хоногт 2-3 элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийгдэж байна.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь Улаанбаатар хотын хэмжээнд улсын болон хувийн 80 гаруй эмнэлэгт үйлчилдэг бөгөөд одоогоор эмнэлгийн захиалгыг бүрэн хангаж байгаа ч улаан эсийн бүтээгдэхүүний хувьд 3-5 хоногийн нөөцтэй байна.
Олон улсын сайн туршлагаас харахад болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед тухайн улс орны иргэд, аж ахуйн нэгж, хамт олны зүгээс цусны албаны үйл ажиллагааг дэмжин цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажилладаг.
Аливаа улс орнууд цус, цусан бүтээгдэхүүний хангалттай нөөцтэй байх нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны салшгүй хэсэг байдаг тул эрхэм цусны донорууд, байгууллага хамт олон та бүхнийг цусаа бэлэглэхийг уриалж байна.