Монгол морь дэлхийн түүхэнд олон удаа гайхамшгийг бүтээсэн гэдэг. Тэртээх XIII зууны үед монгол морьны туурай дор дэлхий чичирж байсан түүхтэй. Тэгвэл дэлхийн II дайны үед монгол морь фашизмын Германыг дарахад оролцож байсан гэнэ билээ. Эх нутгаа санасан монгол адуу Вьетнам улсаас монгол нутаг руугаа гүйж ирсэн баримт байдаг. Дэлхийн холч морьны уралдаанд монгол морийг давах битүү туурайтан гараагүй юм гэсэн. Дэлхийд ганц монгол төрийн наадамд 6 түрүүлсэн ажнай хурдан Шарга азаргыг монголоос өөр хаана ч тахарахгүй ээ.
Энэ мэтээр монгол хүн, морио магтвал олон түүхийг ярьж болно. Гэхдээ далайн түвшнээс дээш 4000 метрээс өндөрт орших мөнх цаст уулын оргилд монгол морь гарсан түүхийг хэн бүхэн мэддэггүй биз ээ.
Зурган дээрх бор морийг 1981 онд Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, уулын спортын мастер, аймгийн заан н.Галсан тэргүүтэй Тонхил сумын уулчид Сутай хайрханы ноён оргил Цаст богдод хөтлөн гарчээ. Энэ түүх нь “Монгол адуу орчныхо байгаль экологийн нөхцөл байдалд хэрхэн дасан зохицож чаддагийг гэрчилж байгаа хэрэг юм” гэж энэ зургийг бидэнд илгээсэн Монгол улсын зөвлөх мал зүйч, доктор /Ph.D/ профессор Д.Мянганцэвээн хэлсэн юм.
Адуу мал байтугай хүн ч гарахад хэцүү мөнх цаст уулын оргилд монгол морь гарч чадсан гэхэд нэг л итгэмээргүй. Гэвч энэ үнэн бодит түүх. Өнөөдөр ч гэсэн Тонхилчууд түүний зүсийг оруулж нэрлэсэн, уулын спортын ууган мастер Ядамын Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” уулын спортын клубыг байгуулан үйл ажиллагааг нь амжилттай явуулж байна. Эл клуб 2012 оноос шинэчлэгдэн зохион байгуулагдахдаа Сутай уулын оргилд гарсан бор морьныхоо дурсгалыг хүндэтгэн түүний зүсийг өөрийн клубын нэрэндээ оруулж “Сутайн бор” гэж клубээ нэрлэсэн юм байна.
Мөрөн голыг гатлаж чадах, Мөнх цаст уулын оргилд гарч чадах Монгол адуу юутай гайхамшигтай вэ?
Ц.Мөнх