Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2021.08.03) Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн Төв банкны хэрэгжүүлж буй ажлуудын талаар товч танилцуулсан юм. Тухайлбал, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээл, орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл олголтын явц байдал болон Репо санхүүжилтийн талаар танилцуулгадаа онцоллоо. Түүнчлэн банкны салбарын шинэчлэлийн хүрээнд Засгийн газартай хамтран ажлын хэсэг гарган ажиллаж байгааг уламжлав.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цар тахлын энэ үед эдийн засгийг тогтвортой байлгах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад чиглэсэн зээл, санхүүжилтийн бодлого боловсруулахад анхаарч ажиллах хэрэгтэй гэлээ.
Түүнчлэн Монголбанк “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд одоогийн байдлаар 1.8 их наяд төгрөгийн зээлийг гаргасан байна. Төгрөгийн ханшийг тогтвортой барьж, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгааг сайшаав. Мөнгөн дэвсгэртийн шинэчлэлийг хэрэгжүүлж, гүйлгээний зардал, төлбөрийн хэрэгслийн зардлыг бууруулахын тулд гүйлгээнд ашигладаггүй мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс гаргах нь эдийн засгийн хувьд үр ашигтай. Иймд төрийн мөнгөн дэвсгэртийг үнэгүйдүүлэхгүй байх зарчмыг баримталж, том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргах талаар судалгаа хийхийг Төв банканд даалгалаа.