Аугаа өнчрөл “Н” үсэг Юуны түрүүнд, эрхэм “Ь” таны гэгээн мэлмийн өмнө толгой гудайн хүлцэл өчье. Хатууг аргадаж, зөөлнийг учирлаж ирсэн ЗӨӨЛНИЙ ТЭМДЭГ танд Монгол хэлний үгсийн сангийн нийт үйл үг, нэр үг, Оноосон нэрсийн өмнөөс хийсэн бүтээсэн бүхнийг тань дурсан гүн талархлаа илэрхийлье. Бидний журмын нөхөр “Ь” таны аливаа сайн сайхан, хийсэн бүтээсэн үгсийг энд дурсвал энэ өдөр битгий хэл, нэгэн насны амьдрал барагдам тийм л их гавьяат үйлсээрээ ЗӨВ ХИЧЭЭНГҮЙ БИЧИГТЭН биднийхээ сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно. Таны өөрийгөө золиослон бусдын төлөө байдаг нэгэн жишээг энд дурьдахдаа сэтгэл бага ч гэсэн уужирч байна. Таны зарим нэг “хүнд байдаггүй” ХҮНЛЭГ тэр үйлс бол нэгэн үг төрхөө олж биежихийн төлөө өөрийгөө зориулдаг эрхэм үнэт чанарыг тань магтахгүй байхын аргагүй билээ. Арь+хь=Архи… Таныг үгүйд өнчрөн хоцорч байгаа “Н” үсгийг өөрийн адил хайрлаж, энхрийлэн тойлж байна гэдгээ ах дүүс, ижил төрөл болсон 34 үсгийн өмнө андгайлан тангараглаж байна. Хамаатуулахын тийн ялгалын “НЬ” нөхцөл хойшид үгүй болж, “Н” үсэг хүн төрөлхтний аугаа баялаг хэл соёлын түүхэнд ганцаар хүчин зүтгэх болсон ч, “Ь” таны хатууг аргадаж, зөөлнийг учирладаг мягтаршгүй чанар хүмүүний бичиг соёлын хөх тэнгэрээс “Н” үсгийг маань тэнхрүүлэн зоригжуулж явна гэдэг гүнээ итгэж байна. Эх монгол хэлэндээ эргэн төрөх хүртэл тань элгэмсүү харь үсгийг нь элэг нэгт мэт эгнэгт хүндэтгэн хэрэглэж, бичгийн соёлд эрхэмлэн сийрүүлж байх болно.