Алдарт дуучин Энрико Карузо агсны 100 жилийн ойд зориулсан дэлхийн дуурийн дуулаачдын уралдаан- “Vencero World Opera Singing Competition” 2021 онд зохион байгуулагдаж, 5 тивийн 45 орны 730 дуучид өрсөлдсөн юм.
Тэмцээний эхний шатны шалгаруулалтууд онлайнаар зохион байгуулагдаж, 60 дуучин финалын шатанд шалгараад байна.
Тус тэмцээнд Монгол улсын оролцогчид амжилттай оролцож, С.Бат-Эрдэнэ, Д.Бат-Эрдэнэ, Б.Жавхлантөгс, Д.Дагвадорж, Д.Эрдэнэ-Очир, Т.Энхбат, С.Батчимэг, Б.Батжаргал нарын 8 дуучин шалгарч төгсгөлийн шатны шалгаруулалтанд оролцохоор бэлтгэлээ хангаж байна.
“Vencero World Opera Singing Competition” 2021 дэлхийн А зэрэглэлийн дуурийн дуулаачдын тэмцээний төгсгөлийн шатны шалгаруулалт 2021 оны аравдугаар сарын 28-31 өдрүүдэд Итали улсын Наполи хотод зохион байгуулагдана.
Тэмцээний шүүгчээр дэлхийн хамгийн том дуурийн 12 театрын захирал, удирдлагууд, найруулагчид, мөн алдартай шүүмжлэгчид ажиллаж байгаа нь олны анхаарлыг маш их татаж байгаа юм.