Онцгой байдлын ерөнхий газар сүүлийн үед нэг л биш болоод байгаа талаар дээр дооргүй л ярьцгаадаг. Тус газрын алба хаагчид ээлж дараалан осол аваарт өртөн зарим нь амь насаа учир битүүлгээр алдах болсноос үүдэн ийм яриа гарах болсон.
Хохирогчдын ар гэрийнхэн гомдол гаргаж байгаа нь ч үүнийг гэрчилж байна. Хохирогчдын хүсч буй ганц зүйл нь “Шударга үнэнийг тогтоож өгөөч” гэдэг гуравхан үгийг ОБЕГ-ын удирдлагуудад уламжилж байгаа. Харамсалтай нь тэдний үгийг сонсох эрх мэдэлтнүүд тус газарт байдаггүй бололтой. Сонсохгүй, сонсохыг ч эс хүсч буйн шалтгаан нь тус газрын харьяа анги салбаруудад ар өврийн хаалгаар мэргэжлийн бус хүмүүс олноор орох болсонтой холбоотой гэдгийг эх сурвалж өгүүлэв.
ОБЕГ-тай холбоотой олон осол аваарийг дурдаад байвал дуусахгүй. Тухайлбал оны өмнө Аврах тусгай ангийн захирагчаар ажиллаж байсан А.Батмөнх гэгч аврагч нараар хувьдаа хаус бариулж байгаад нэг аврагчийг өрөөсөн нүдгүй болгож байсан. Уг хэргийн улмаас А.Батмөнх албан тушаал буурах төдий л арга хэмжээ авахуулсан ч өнөөдөр юу ч болоогүй юм шиг алхаж явна.
Сохорсон биш завшив гэгчийн үлгэрээр түүнийг сүүлийн үед Нийслэлийн Онцгой байдлын газрын даргаар томилогдож магадгүй гэх шум гараад байгаа. Хариуцлагаас бултаж чадсан энэ эрхмийн цаана нөгөө л эрх мэдэлтнүүд байгаа тухай эх сурвалжууд өгүүлсэн.
Албан тушаалаа урвуулан ашиглаж хүний нүдийг сохолсон А.Батмөнхийг ингэж хаацайлж байгаа нь олны анхаарлыг нэлээд татсан асуудлын нэг болоод байгаа юм.
2008 онд Сэлэнгийн Мандал суманд “Ми-8” нисдэг тэрэг осолдсоноос хойш өнөөдрийг хүртэл ОБЕГ-ын нэр хүнд сэхэл авалгүй уруудсаар байна гэхэд нэг их дэгдсэн болохгүй л болов уу.
Мөн өнгөрөгч сарын 22-23-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн “Сайхан” сум буюу Хөтөл хот дахь Гал унтраах ангийн аврагч, гал сөнөөгч Б.Баатарцоож нас барсан байдаг.
Түүний үхлийн шалтгааныг “Буу алдсан”-аас болсон гэсэн. Гэтэл үүний талаар одоог хүртэл ОБЕГ-аас ямар нэгэн тайлбар хийгээгүй л байгаа.
Харин зарим эх сурвалжууд талийгаачийг ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан гэж мэдээлж байв. Үүнээс харахад амиа алдсан аврагч үүргээ зэвсэггүйгээр гүйцэтгэх нь ойлгомжтой. Яагаад түүнийг буу алдснаас болж амиа алдсан гэх болов.
Аврагчдын ярьж буйгаар “Манай алба хаагчдад хэзээ ч байлдааны зориулалтай буу зэвсэг байдаггүй. Амиа алдсан аврагчийг буутай явж байсан гэсэнд гайхаад л байна” гэж байсан юм.
Иймэрхүү үйлдлүүд тус газарт удаа дараа гарч байгаа нь нууц биш. Энэ бүхнийг удирдлагууд нь чухам юуны учир нууцлаад байдаг нь бас л хачирхалтай.
Мөн Архангай аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврагч ахлах ахлагч Г.Эрдэнэбаатар нь салбарынхаа дарга Мөнгөншагайн хувийн орон сууцыг барилцаж байгаад бас л амь насаа алдсан байдаг. Энэ мэтчилэн ОБЕГ хэдэн аврагчдынхаа амь насыг хэдий болтол гаргуунд нь гаргахыг таашгүй.
Ер нь бол тус газарт хүний амь үнэгүйдсэнийг дээрх үйлдлүүд харуулсаар байна.
Түүнчлэн Булган аймагт Онцгой байдлын хоёр ажилтан биедээ хүнд гэмтэл авсан тухай нэлээд шуугиж байгаад нам гүмхэн болсон. Тодруулбал аврагч гал сөнөөгч Т.Мөнхжаргал Б.Ёндонжамц, нар нь өнгөрсөн сарын 22-ны орой мотоциклтой явж байгаад осолдсон байдаг. Б.Ёндонжамц нь тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас одоо Орхон аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа.
Хүн зон, байгаль дэлхийнхээ төлөө өөрсдийн амь насаа зольдог эдгээр хүмүүстэй холбоотой мэдээлэл гарах бүрд нийгмээрээ түгшиж тэдний араас санааширдаг. Гэтэл ОБЕГ гэх байгууллага амаа үдүүлсэн мэт дуугуй суух юм.
Ар өврийн хаалгаар орсон нөхөд нь албаны бэлэн байдал гэдгийг ч огт мэддэгүйгээс болж танай байгууллагын ОБЕГ гэх нэрийг Онцгой бүтэлгүйчүүдийн Ерөнхий газар гээд нэрлэчихсэн байгааг Т.Дуламдорж та мэдсэн болов уу.
Эх сурвалж: