Францын кино найруулагч Жон-Фронсуа Кастэлл нь“Хөөмийгөөр Аялахуй” баримтат киног бүтээн гаргасан билээ.
Тус кино нь Энэтхэг улсын Керала мужид энэ оны 10 сарын 29-нөөс 11 сарын 8-ныг дуустал зохион байгуулагдсан Олон Улсын Ардын Билгийн Нила Кино фестивалиас Шилдэг урт хэмжээний баримтат киногоор шалгарч, Хар Гал шагнал хүртсэн байна.
Монгол хөөмийг өвлөн уламжлагч, судлан таниулагч нарын хоорондын хүнлэг үйлс, дуу хөгжмийн болоод эрдэм судлалын аялал болон даяарчлал дахь соёл хоорондын харилцааны тухай өгүүлэх уг бүтээлийн талаар фестивалийн шүүгчдийн нэг, Америкийн Конгрессын номын сангийн Ардын билгийн төвийн судлаач Катэрин Хибэрт Кэрст олон нийтийн сүлжээгээр сэтгэгдлээ ийнхүү илэрхийлсэн байна.
“Монгол соёлын баялаг ахуйд нэн үнэ цэн бүхий, ер бусын, гайхалтай энэ бүтээлийг ёс суртахууны өндөр түвшинд баримтжуулан бүтээжээ. Дуу хөгжмийн онцгой нэгэн энэхүү хэв маягийг хадгалж хамгаалахын төлөө хийсэн Жон-Фронсуа Кастэллийн чин сэтгэлийн бөгөөд гүн гүнзгий судалгааны ажилд болон кино бүтээгчид хүндэтгэлээ илэрхийлье.” гэжээ.