Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд Монгол нутгаас олдсон, монголчуудын хэрэглэж байсан хөгжмийн зэмсгийг дахин сэргээн хийж, “Чингис хаан” музейн дэргэд найрал хөгжмийн баг бүрдүүллээ.
“Хаан найрал” нэртэй хөгжмийн найрал нь эртний монголчуудын хэрэглэж байсан олдвороос илэрсэн 20 орчим хөгжмийн зэмсгийг шинээр үйлдэж, эгшиглүүлж байгаа юм.
Мөн “Чингис хаан” музейн “Хаан найрал”-ын анхны хөгжим нь Монголын сүүлчийн эзэн хаан Чингис хааны удмын Лигдэн хутагт хааны ордны найралд тоглож байсан аяны алтан нот олдсон учир түүнийг сэргээн тоглуулж байна. Өөрөөр хэлбэл, 400 жилийн дараа Лигдэн хааны ордны найрал хөгжмийг “Их Монгол” нэртэйгээр өнөөдөр Төрийн ордонд тоглолоо.
Лигдэн хааны ордны найрлын алтан үсгээр тэмдэглэгдсэн нотыг орчин үеийн нотоор сольж бүтээсэн. Монголын хөгжмийн түүхэнд эртний нүүдэлчдийн хэрэглэж байсан хөгжмийн зэмсгийг анх удаагаа тоглож байгаа бөгөөд Монголын Их хаадын ордны найрал хөгжмийн түүхийг тодруулж буйгаараа онцлогтой.
Уг найрал Чингис хаан музейд гадаад, дотоодын жуулчдад тоглох, Монголын хөгжмийн түүхийг дахин бий болгох, сэргээн хөгжүүлэх, соёлын өвийг сурталчлах, ард олныг соён гэгээрүүлэх, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа юм.
Мөн үзэсгэлэнгийн танхимд хөгжмийн эх үзмэрийг байрлуулж, тоглолтын танхимд олдвороор олдсон хөгжмийн зэмсгүүдийг сэргээн тоглуулах, түүний түүхэн хөгжлийг харуулсан баримтад киног үзүүлэхээр бэлтгэсэн байгаа юм.