Л.Оюун-Эрдэнэ: Өмнөговь аймгийн ХАНБОГД сумыг орчин үеийн ХОТ болгон хөгжүүлнэ

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хот болгон өргөжүүлэх ажил өнөөдөр эхэлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр тус суманд УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт ажиллаж “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” төлөвлөлтийн баримт бичгийг танилцуулж, Ханбогд сумын удирдлагуудад хүлээлгэн өгөв.   
Барилга, хот байгуулалтын яам, Өмнөговь аймаг, Ханбогд сумын Засаг даргын Тамгын газрын захиалгаар, “Оюу толгой” ХХК-ийн санхүүжилтээр боловсруулсан энэхүү төлөвлөгөөний дагуу тус сумыг 2040 он гэхэд “Ухаалаг загвар сум” болгон хөгжүүлэхээр зорьж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ онцолсон.

Мөн тэрбээр, “Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймгуудыг улсын чанартай хот болгон хөгжүүлэх томоохон зорилт дэвшүүлсэн. Энэ ажлыг эхлүүлж Ханбогд суманд “Оюу Толгой” төслөөс ирэх таван жилд 50 сая ам долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон. Ханбогдыг орчин үеийн хот болгон хөгжүүлснээр нутгийн иргэд төдийгүй Оюу Толгой болон Тавантолгой төслийн ажилтан албан хаагчид, гэр бүлтэйгээ хамт эрүүл аюулгүй шинэ хотод амьдрах таатай боломж бүрдэж, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, таталцлын шинэ соронзон орныг үүсгэх боломж бүрдэх юм. Дэлхий даяар сорилттой энэ цаг үед Эрдэнэт, Оюу Толгой, Тавантолгой зэрэг уул уурхайн томоохон ордуудаа түшиглэсэн аж ахуйн нэгжүүд тэр дундаа уурхайчин та бүхэн эх орондоо түүхэн хувь нэмэр оруулсаар байгаад Монгол Улсын нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.   
Ханбогд сумыг говийн бүсийн тогтвортой, хүртээмжтэй, цогц, ухаалаг загвар сум болгон хөгжүүлж, технологи, дэд бүтэцтэй, амьдрах орчин сайтай, нөөц талбайн шийдэлтэй, ажилтай, орлоготой иргэдтэй, аялал жуулчлал хөгжсөн, ухаалаг засаглалтай болгох төлөвлөлтийн үндсэн шийдлүүдийг төлөвлөжээ.
Ханбогд сумыг үе шаттайгаар хөгжүүлэхэд эхний ээлжид “Оюу Толгой” компаниас хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болж “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” хамтын ажиллагааны санамж бичигт БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

“Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хатагтай Дэйрдрэ Лингенфэлдер энэ арга хэмжээний үеэр,
-Монгол Улсад асар их нөлөө бүхий гайхамшигтай компанийн гүйцэтгэх удирдлагаар томилогдоход ажлын тэргүүлэх чиглэлийн талаар надаас лавлаж байв. Энэ асуултыг нухацтай эргэцүүлсний эцэст би баримтлах хэд хэдэн тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон. Эдгээр чиглэлүүд маань компани төдийгүй Монгол Улсад гайхалтай үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байна.
Нэгдүгээрт итгэлцэл, түншлэлийг бэхжүүлэх, хоёрдугаарт, Оюу Толгойн уурхайн тогтвортой бөгөөд аюулгүй үйл ажиллагаа. Гурав, дөрөв дэх зорилтууд бол байгаль орчин, нийгмийн асуудлыг стратегийн цөмд байлгаж, өгсөн амлалтаа биелүүлэх юм.  Өнөөдөр би та бүхний өмнө тав дахь тэргүүн зорилтоо сонордуулах хүсэлтэй байна. Энэ нь мөрөөдлөө биелүүлэхийн тулд та бид, түншлэгчид бүгд мөр зэрэгцэн өсөж хөгжихийн тухайд юм” гэлээ.
Тэрбээр мөн “Онгоцны буудлаас Ханбогд сум хүрэх замд байгалийн тогтоц, Монголын өргөн уудам газар нутаг надад төрөлх Өмнөд Африкийг минь санагдууллаа. Манай улсын Ерөнхийлөгч асан Нельсон Мандела нэгэнтээ “Хийхээс нааш бүтэх зүйл үгүй мэт санагддаг” гэжээ. Өнөөдөр би энэ эшлэлийг багахан өөрчилж “Бат бөх түншлэлээр бүх зүйлийг хийх боломжтой” гэж хэлэхийг хүсэж байна гэлээ.

Өмнөговь аймгийн төсвийн орлогын тал хувийг бүрдүүлдэг Ханбогд сум одоо хоёр мянга гаруй өрхийн 8660 суурин хүн амтай. Галбын говийн улаан 33 мянган тэмээтэй. Уул уурхай, үйлдвэрлэл, тээвэрлэлт дагасан 20 мянга гаруй хөдөлгөөнт хүн амтай томоохон суурин юм. Харин 2040 он гэхэд 6312 өрхийн 25,880 хүн, сумын төвд 5292 өрхийн 22,226 хүн суурин амьдрахаар судалгаа, тооцооллыг гаргажээ.
Иймд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар 2025 он гэхэд нийт өрхийн 15 хувь, дунд хугацаа буюу 2030 онд 25 хувь, 2040 он гэхэд 45 хувийг нь инженерийн төвлөрсөн хангамжтай сууцтай “Ухаалаг загвар сум” болгохоор төлөвлөөд байна.
Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг богино хугацаанд 2025 он хүртэл 250.1 га, дунд хугацааг 2030 он хүртэл 505.4 га, хэтийн төлөвлөлтийг 2040 он хүртэл 794.8 га талбайд хэрэгжүүлэх аж.


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …