Хоёр жил завсарласны эцэст эргэн ирсэн “Яг түүн шиг” шоуны анхны дугаар тавдугаар сарын 8-нд үзэгчдэд хүрснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Ням гараг бүр үзэгчдийг жинхэнэ утгаар нь цэнхэр дэлгэцийн өмнө уяж буй энэхүү шоуны долоо дахь дугаарын ялагчаар гавьяат жүжигчин С.Наран хатагтай болон Чойжоо нар шалгарлаа. Тэдний хувьд энэ дугаарт Камила Фабелло, Шон Мендес нарын хамтран дуулсан “Senorita” дууг тайзнаа амилуулсан билээ.
“Яг түүн шиг 2022” шоуны долоо дахь дугаарын ялагч боллоо, баяр хүргэе. Түрүүлэх мэдрэмж ямар байна?
Баярлалаа. Түрүүлэх мэдрэмж маш гоё байна. С.Наран эгчдээ баярлалаа гэж хэлмээр байна.
Гавьяат жүжигчин С.Нарантай хамтарч энэ дугаарын ялагч болсон. Хамтарч ажиллахад сурах зүйл байсан болов уу?
Хамтарч ажиллахад мэдээж сурах зүйл байлгүй яахав. Оролцогчдын хувьд шоуны туршид нэг нэгнээсээ суралцаж байна. Шоу бол надад сонирхолтой л байна.
Таныг энэ улирлын шоуны хүчтэй оролцогчдын нэгд зүй ёсоор нэрлэж байгаа. Шоу дуусах дөхөж байна. Таны хувьд энэ шоунд өөрийгөө хэрхэн оролцсон гэж үнэлж байна вэ?
Миний хувьд өөрийгөө хүчтэй өрсөлдөгч гэж бодохгүй байгаа. Өрсөлдөөд байна ч гэж бодохгүй байна. Өөрийгөө олон талаас харууллаа л гэж бодож байна.
Тав дахь дугаарт Мишээлд гурван оноогоо өгч, түүний хувьд ялагч болсон. Өөрөө түрүүлэх боломжтой байтал шүү дээ. Яагаад энэ шийдвэрийг гаргах болсон бэ?
Ямар ч эрэгтэй хүний гаргах л үйлдэл байсан гэж бодож байна.
Энэ дугаарт тайз засал бас үнэхээр гайхалтай байсан. Арын албаныхны багагүй хөдөлмөрийн дүнд бий болсон байх?
Тайз засал мэдээж маш гоё байсан. Би арын албаныхныг шидтэнгүүд гэж боддог. Гайхалтай бүхнийг бий болгож байгаа арын албаны бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье.
Үзэгчдийн урам нэг талаар сайхан ч нөгөө талаар хариуцлага болж ирж байх шиг байна. Чойжоод урам өгч сайхан байна уу, аль эсвэл хариуцлага үүрүүлж хэцүү байна уу?
Хүмүүсээс урам авах сайхан байна. Гэхдээ миний хувьд өөртөө нэг их хариуцлага үүрүүлэхгүй байгаа. Хүмүүс надад урам өгсөн ч, зэмлэсэн ч, доромжилсон ч яг л урьдынхаараа, хийдэг байсан зүйлээ чанартай хийнэ. Илүү сайн хийхийн төлөө хичээнэ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу