“Бэхэн зүрх” киног А.Баттүшиг найруулна

“MGL art media” групп “Скайтел групп” хамтран “Бэхэн зүрх” уран сайхны киног үзэгчдэд хүргэхээр болжээ.

Киноны ерөнхий продюсероор С.Бат-Ирээдүй ажиллах бол ерөнхий зураглаачаар “Black zebra” студийн үүсгэн байгуулагч Б.Базаррагчаа, хөгжмийн зохиолчоор Г.Онон нарын чадварлаг уран бүтээлчид хамтрах аж.

Харин ерөнхий найруулагчаар жүжигчин, найруулагч А.Баттүшиг ажиллахаар сонгогджээ.

Жүжигчин, найруулагч А.Баттүшиг нь СУИС-ийг 2002 онд төгссөнөөсөө хойш орчуулгын киноны салбарт тасралтгүй 10 жил ажиллаж, гадаад улс орнуудын уран сайхны кино, телевизийн олон ангит кино, баримтат кино, хүүхэлдэйн кино, телевизийн шоу нэвтрүүлэг зэрэг 6000 гаруй уран бүтээлд дуу оруулж, 700 гаруй кинонд орчуулгын найруулагчаар ажиллажээ.

Тэрбээр “Оюутны амьдралаа гэж”, “Элсний нүүдэл-2”, “Халуун сэтгэл”, “Дурлалын ангууч”, “Адам”, “Хайрын рекорд”, “Сексийн эрх чөлөө”, “Миний муу аав”, “МИ-15”, “Найз”, “Долоон бурхан харвадаггүй”, “Тэнгри”, “Улаан дөрвөлжин”, “Дурлалын гэмт хэрэг”, “Босуул”, “Бумеранг”, “Анир”, “Насан туршдаа”, “Сүүн замын сахиул” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны кино, “Хайрын эрэлд”, “Хувь тавилангийн ээдрээ”, “37 дугаар точка” зэрэг олон ангит кинонд тоглосны зэрэгцээ “Хоёр ертөнцийн буудал” жүжиг, “Тавилан”, “Ларьдма”, “Үргээлэг”, “Омарын эрэлд”, “Босуул”, “Lovers”, “Үүр цайгаасай”, “Амьдрал”, “Гэргий”, “Ус ба цөл” кино “37 дугаар точка”, “No rules” олон ангит киноны зохиолч, найруулагчийн багт ажиллаж, “Гэрлэн дохио” олон ангит киног найруулсан юм.

“Бэхэн зүрх” кино нь түүний ерөнхий найруулагчаар ажиллах бүрэн хэмжээний анхны уран сайхны кино гэдгээрээ онцлог аж.

“Бэхэн зүрх” кинонд уран бүтээлч хүний амьдрал, хайр дурлалын үнэ цэн, нэр алдар, төлөөсийн талаар өгүүлнэ.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …