Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд 25 ба түүнээс дээш ажилтантай ААН, байгууллага ажилтан, албан хаагчдынхаа 4 ба түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулахаар заасан. Гэвч энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа юм.
Үндэсний статистикийн хорооны 2021 оны жилийн эцсийн мэдээллээр Монгол Улсад нийт 106.1 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Үүний 88512 нь хөдөлмөрийн насны иргэд бөгөөд 13 мянга гаруй нь л хөдөлмөр эрхэлж байгаа юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас ТББ-уудтай хамтран 2021 онд хийсэн судалгаагаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийгмийн даатгалын санд бүртгэлтэй 25-аас дээш ажилтантай 6511 байгууллагын 3242 буюу 50 гаруй хувьд нь л хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллаж байна гэсэн дүн гарчээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтын түвшин янз бүр. ААН, байгууллагууд тухайн иргэний чадамжид нь таарсан ажил мэргэжлийг санал болгож, уян хатан байдлаар зохицуулалт хийх бүрэн боломжтой. Хэрэв ингэж чадвал багаар бодоход 50 гаруй мянган хүний аж амьдрал дээшлэх юм.
Төр засгийн зүгээс энэ тал дээр хяналтаа сайжруулах нь зүйтэй. Нөгөө талаар хувийн хэвшлийнхэн ч өөрсдийн хуульд заагдсан үүргээ ухамсарлах хэрэгтэй.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж, тэдэнд итгэл найдвар бэлэглэж байгаа сайн жишээ цөөнгүй. Сүүлийн жилүүдэд үйлдвэр, үйлчилгээний салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэд харьцангуй олноор ажиллах болсон нь харагдаж байгаа. Гэхдээ л энэ нь хангалттай бус.
Сайны хажуугаар саар гэгчээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байран дээр нь дарамтлах, доромжлох, хамт олон нь үл ойшоох асуудал ч гарч байна. Энэ нь тухайн хүмүүст ажил эрхлээгүй байснаас нь ч хэд дахин дор, сөрөг мэдрэмжийг төрүүлдэг аж.
Тэгэхээр зөвхөн төр засгийн хяналт, хувийн хэвшлийнхний хариуцлагатай байдлаар хязгаарлагдахгүй иргэдийн ухамсар, хандлагыг дээшлүүлэх шаардлага ч үүсч байгаа нь дамжиггүй.
Хүний амьдрал дардан биш. Хорвоогийн олон янзын зовлон бэрхшээлээс хэнбугай нь ч бултан гарахын гаргалгаа үгүй. Хөгжлийн бэрхшээлтэй гэгдэх эдгээр иргэд ч амьдралын тэр хатуу жамын нэгээхэн хэсэгт л ээрэгдсэн төдий юм. Бусдаар бол бидний л нэг хэлтэрхий. Тиймээс эдгээр цөөхөн иргэдээ “хүн ёсоор” хайрлаж, аль болох дэмжиж тэтгэх тал дээр л хаа хаанаа анхаарчих юмсан даа та минь…
Д.Сүрэн