Эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлийг төр зүгээр авч ашиглахгүй, шаардлагатай бол худалдаж авдаг жишигт шилжинэ

“Шинэ сэргэлтийн бодлого-Шинжлэх ухааны оролцоо” сэдвийн дор тус салбарын 500 гаруй эрдэмтэн, судлаачтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д шинжлэх ухаан, технологийн ажилтнуудын үүрэг оролцоог тодорхойлох хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Монгол Улсын хөгжил эрдэмтэн, судлаачдын үүрэг оролцоо, санаачилгаас шууд хамаарна гэдгийг Ерөнхий сайд онцлоод өнгөрсөн 30 жилийн хийгээд өнөөгийн нийгэм, эдийн засгийн бодит байдал, гадаад, дотоод хүчин зүйлс, хөгжлийн цаашдын зорилтуудыг танилцуулав.

Монгол Улс хэрэглээ, халамжийн эдийн засгаас үйлдвэрлэл, мэдлэгийн эдийн засагт шилжиж, эрэлт хэрэгцээ, эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнд суурилсан төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хөгжлийн загварыг бий болгох шаардлагатай гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

“Шинэ сэргэлтийн бодлого” нь УИХ-аас баталсан “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг 2030 он хүртэл хэрэгжүүлэх, Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг шийдвэрлэх зорилготой цогц бодлого юм.

Боомт, эрчим хүч, аж үйлдвэр, ногоон хөгжил, хот хөдөөгийн сэргэлт, төрийн бүтээмжийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үндэсний шинжлэх ухааны байгууллагууд, эрдэмтэн судлаачдад тулгуурлаж, тэднийг идэвхтэй оролцуулна.

Монгол Улсын Засгийн газар ойрын 10 жилд эдийн засгийн хөгжлийг хурдасгах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн хүчин зүйл нь шинжлэх ухаан, мэдээлэл технологи, инновацын салбар хэмээн онцгой ач холбогдол өгч, бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллана. Эрдэмтэн, судлаачдын шинэлэг инновац, ноу хау, эрдэм шинжилгээний бүтээлийг төр зүгээр авч ашиглахгүй, шаардлагатай бол худалдаж авдаг жишигт шилжинэ. Ялангуяа, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх 90 орчим томоохон төсөл, хөтөлбөрийг шинжлэх ухааны судалгаа, дүгнэлтэд нийцүүлж хэрэгжүүлнэ” гэлээ.
 
Мөн энэ удаагийн уулзалт, салбар хэлэлцүүлгүүдийн үр дүнд шинжлэх ухааны салбарт дутагдаж байгаа хууль, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт татах боломж, оюуны өмчийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах талаар нэгдсэн шийдэл гаргахыг Ерөнхий сайд тус салбарынхнаас хүсээд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар эдгээрийг хэлэлцүүлэхээ илэрхийллээ. 

Шилдэг бүтээлд хоёр жил тутамд олгодог Үндэсний инновацын шагналыг энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар гардуулан өгөв. “Шилдэг инновацын бүтээгдэхүүн” төрөлд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Төвөөс зугатах хүчний шахуурга” бүтээлд олголоо.

Тус бүтээл нь Mонгол инженерүүдийн олон жилийн инженерчлэлийн туршилт, судалгааны үр дүнд бий болсон бөгөөд баяжуулах үйлдвэрийн нэгдүгээр шатлалын бөмбөлөгт тээрмийн импортын шахуургуудыг бүрэн орлож,ашиглалтын хугацааг 2,7 дахин уртасган, үйлдвэрлэлийн зардлыг бууруулснаас гадна металл авалтын хэмжээг үлэмж нэмэгдүүлж 2021 онд 88 хувьд хүргэсэн бүтээл аж.  “Үйлчилгээний салбарын шилдэг инновац” төрөлд “Гэрэгэ дижитал технологи” ХХК-ийн “Зэв дижитал музей”  бүтээлийг шалгаруулжээ. Энэ бүтээл нь орчин үеийн дэвшилтэт технологи болох VR /virtual reality/, АR /augmented reality/ технологийг ашиглан Монголын түүх, соёл өв уламжлал, нүүдэлчдийн ахуй, амьдралыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд суурь болох  соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн юм. 

Өнөөдрийн байдлаар шинжлэх ухааны салбарын 71 байгууллагад 5085 эрдэмтэн, судлаач ажиллаж байна. 1993-2021 оны байдлаар эрдэмтэн, судлаачдын 4244 төсөлд төрөөс 178,6 тэрбум төгрөг зарцуулжээ.


Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …