Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан Туркийн ард түмэнд туслах хандивын аяныг нийслэл, дүүрэг, төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд эхлүүлсэн.
Өнөөдөр хандивын аяны эхний хэсэг болох 10 гэрийг Туркийн ард түмэн рүү илгээлээ.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын орлогч, З.Төмөртөмөө, нийслэл дүүргийн удирдлагууд хандивын гэр, асар майхнуудыг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешэд хүлээлгэн өгсөн юм. Улмаар тусламжийн бараа, материалыг Туркийн иргэний агаарын тээврийн Туркиш эйрлайнс компанийн өнөөдрийн нислэгээр илгээж байгаа юм.
Нийслэлээс “One team” төрийн бус байгууллагуудын нэгдэлтэй хамтран Төв талбайд зохион байгуулж буй Хандив, тусламжийн аян хоёрдугаар сарын 19-н буюу энэ ням гараг хүртэл үргэлжлэх юм.