“Хямралын мэдээллийн харилцаа ба оролцогч талуудын хамтын ажиллагаа” хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжлээ

Баталгаатай мэдээлэл амьдралыг аварна уриатай “Хямралын мэдээллийн харилцаа ба оролцогч талуудын хамтын ажиллагаа” хөтөлбөрийг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хоёр дахь жилдээ нийслэл болон орон нутагт амжилттай хэрэгжүүллээ. Төслийн хэрэгжилтийг дүгнэсэн өргөтгөсөн зөвлөлдөх уулзалтыг гуравдугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа.

Өргөтгөсөн уулзалтад хөтөлбөрт оролцогч талуудын төлөөлөл болох хэвлэл мэдээллийн байгууллагууд, төрийн байгууллагууд буюу ОБЕГ, Улсын онцгой комисс, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн болон бусад иргэний нийгмийн  байгууллагуудын удирдлагууд оролцсон юм.

Хөтөлбөрийн зорилго нь хэвлэл мэдээлэл, орон нутгийн засаг захиргаа, иргэний нийгмийн байгууллагууд хоорондоо хамтарч нэг баг болон ажилласнаар осол, гамшиг, эрсдлийн үед иргэд баталгаатай, найдвартай мэдээллийг хүлээн авахад дэмжлэг болох мөн хямралын мэдээллийн харилцааны жишиг загварыг бий болгох юм.

Ингэхдээ хөтөлбөрийн оролцогчдыг хямралын үеийн мэдээлэл харилцааны мэдлэг, ур чадвар олгох найман багц сургалтад хамруулж, улмаар суралцсан зүйлээ амьдралд хэрэгжүүлэх боломжийг хоёр сарын хугацаанд олгов. 

Тодруулбал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд “Цахим орчин дахь худал мэдээллийг ялган таних” болон “Цахим орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтээс сэргийлэх” гэсэн сэдвийн хүрээнд мэдээллийн багц бэлтгэн түгээлээ. Энэ хүрээнд 37-р сургуулийн дунд болон ахлах ангийнханыг хамруулсан захидлын уралдаанд 250 гаруй хүүхэд оролцож цахим орчин дахь худал ташаа мэдээлэл, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын талаар үзэл бодол, байр сууриа хуваалцсан юм. Энэхүү захидлын уралдаан нь хүүхэд, өсвөр үеийнхнийг сонсох хэрэгцээ шаардлага өндөр буйг харуулахаас гадна үе тэнгийнхний оролцоотойгоор цахим орчныг эерэгээр ашиглах, хүүхдийн эрхийг хамгаалах нь чухал буйг уралдааны шүүгчид онцолж байв.

Чингэлтэй дүүрэгт ажилласан мэдээлэл харилцааны багийнхан  цахим орчин дахь худал ташаа мэдээллийг ялгаж, үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсооход уриалсан телевизийн сурвалжилга 1, гарын авлага 1, сонины сурвалжилга 2, сайтын сурвалжилга 3, видео хичээл 2, видео нэвтрүүлэг 4, уулзалт, сургалт, хэлэлцүүлэг, үйл явдал зургааг зохион байгуулж, сошиал медиа пост, постер 20 гаруйг бэлтгэн түгээв. Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлд идэвхтэй ажиллах зорилгоор 37 дугаар ЕБС-ийн сурагчид өөрсдийн санаачлагаар “Wall-E” клубийг байгуулсан нь төслийн бас нэгэн чухал үр дүн байлаа. “Баталгаатай мэдээлэл амьдралыг аварна” гарын авлагыг ахлах, дунд ангийн 2500 хүүхдүүдэд тараалаа.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Aлтанбулаг суманд хилийн бүс нутагт оршин суугаа малчид болон хилчдийн хоорондын зөрчил маргааныг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор баталгаат мэдээлэл түгээх мэдээлэл харилцааны ажлыг зохион байгуулсан. Зөвлөлдөх уулзалтын хэлэлцүүлгийн үеэр Гадаадын иргэн харьяатын газрын хяналтын улсын байцаагч Ш.Даринчулуун дээрх сэдвийг сонгох болсон шалтгаанаа хуваалцсан юм. Ингэхдээ “Сэлэнгэ аймгийг газар тариалангийн бүс нутаг болгон зарласан. Үүнээсээ болоод хилийн бүс нутагт мал бэлчээх газар хомсдолтой, тиймээс ч малчин өрхүүд хил орчимд малаа бэлчээхээс аргагүйд хүрч байна. Гэтэл энэ нь хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчилд тооцогддог. Нөгөө талаас хилийн зурвасын шонгууд амархан эвдэрдэг, мал хэд шөргөөгөөд унадаг, бат бөх материалаар хийх асуудлыг холбогдох байгууллага, аймгийн удирдлагын анхааралд өртүүлж чадсан гэж үзэж байна” гэв.

Энэ хүрээнд мэдээлэл харилцааны багийнхан малчид, хилчдэд чиглэсэн олон төрлийн мэдээлэл бэлтгэж хүргэхдээ Сэлэнгийн мэдээ сонины тусгай дугаарыг гаргалаа. Мөн малчид, хилчдийн хамтарсан зөвшилцөх уулзалтыг хоёрдугаар сарын 27-нд зохион байгуулсанаар талууд саад бэрхшээлээ хоорондоо ярилцахаас гадна гарц шийдлээ олж харсан юм. Үүнийг шийдвэрлэхийн тулд хилийн бүсэд тодорхой хугацаанд, хариуцлагатайгаар мал хариулах зөвшөөрөл бүхий хилчид, малчид, орон нутгийн засаг захиргааны хамтарсан гэрээг байгуулав. Ингэснээр дээрх талуудад харилцан үр өгөөжтэй шийдэл болсон юм.

Ийнхүү мал бэлчээртэй холбоотой хилийн зөрчлийг багасгах, малчдад хууль эрх зүйн мэдлэг олгох зорилготой видео нэвтрүүлэг 1, телевизийн мэдээ сурвалжилга 1, сонины тусгай дугаарыг 1000 хувь, малчид болон хилчдийн хооронд ойлголцлын уулзалт 1, аймгийн удирдлагууд болон бусад оролцогч талуудын удирдлагад төслийн үр дүнг танилцуулсан уулзалт 1 удаа тус тус зохион байгуулж, сошиал медиа пост, постер 10 гаруйг бэлтгэн түгээлээ.

Хөтөлбөрийн оролцогчид сургалтад хамрагдаж, мэдээлэл харилцааны төсөл хэрэгжүүлэх явцад бусдын оронд өөрийгөө тавьж, нэгнийхээ ажлын онцлогийг харилцан ойлголцсон, ПИАР буюу олон нийтийн харилцааг шинэ өнцгөөс ойлгосон, төр-иргэн-хэвлэл мэдээлэл хамтарч ажиллахын чухлыг мэдэрсэн, бусадтайгаа мэдлэгээ хуваалцсан, тус тусын эрхэлдэг ажлаа дүгнэсэн, цаашид ажилдаа сурсан мэдсэнээ хэрхэн хэрэгжүүлэх талаар боддог болсон зэрэг үр дүнгүүдээ зөвлөлдөх уулзалтын хэлэлцүүлгийн үеэр хуваалцав. 

Чингэлтэй дүүргийн 17-р хороонд байгуулагдсан багийн гишүүн, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Д.Дагийсүрэн хэлэхдээ “Төсөлд хамрагдсанаар хэвлэл мэдээллийн салбарын хүмүүсийн үүрэг оролцоо нийгэмд ямар өндөр болохыг ойлголоо. Төрийн байгууллагын хувьд бусад оролцогч талуудтай хамтран ажилласанаар ямар их үр дүнтэй ажил хийж болохыг харсан. Судлаач хүнийхээ хувьд шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээр төрийн албан тушаалтнуудыг хангахдаа мэдээ мэдээллийг маш сайн нягтлан шалгасаны дараа хуваалцах ёстойг өөртөө тусгаж авлаа. Хэдийгээр төсөл хэрэгжүүлэхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд хязгаарлагдмал байсан ч гэсэн хүүхдүүдэд үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчин дахь мэдээллийг хэрхэн хүлээж авах талаар ухамсарт эерэг нөлөөлөл үзүүлсэнээр үйлдэл нь  эргээд эерэг болж үр дүн ямар өндөр байж болохыг ойлгосон нь уг хөтөлбөрийн үр дүн байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Түүнчлэн уулзалтад оролцогчид тус хөтөлбөрийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжсэн хэмээн дүгнэсэн юм. Тухайлбал, ОБЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Анхтуяа “Энэ хөтөлбөрт хоёр дахь жилдээ манай байгууллагаас Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтнүүд оролцсон. Эндээс харахад гамшгийн нөхцөл байдалд энэ баг ОБЕГ дээр байгуулагдана. Харин бусад нийгмийн хэмжээнд хямрал болж байгаа нөхцөлд бол тухайн асуудлыг хариуцсан газрууд нь оролцож явах ёстой. Салбар бүр дээр байгуулагдах ёстой гэдэг нь харагдаж байна” гэлээ.

Түүнчлэн уулзалтад оролцсон судлаачид, их сургуулийн багш нар, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд маш чухал төсөл хэрэгжсэнд баяртай байгаагаа дурдаад дахин ийм хөтөлбөр хэрэгжвэл оролцох сонирхолтойгоо илэрхийлэв.

ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа уулзалтыг хааж хэлсэн үгэндээ “ХМЗ нь энэ хөтөлбөрийг зөвхөн төсөл гэж хараагүй. Энэ бол Монгол улсад хэрэгтэй үйл ажиллагаа учраас системд нь суулгаж өгөх тал руу оролдлого хийж байна. Цаашид улс орны хэмжээний хямралын нөхцөл байдал үүсэхэд энэ мэдээлэл харилцааны багийг удирдан чиглүүлээд, ОБЕГ дээр бүрдүүлээд явах нь зүйтэй гэж харж байгаа. Бид энэ ажлыг цаашид хэрэгжүүлэх бодлогын хэмжээний уулзалтуудыг төсөл дууссан ч үргэлжлүүлэн хийсээр байх болно” гэсэн юм. 

“Хямралын мэдээллийн харилцаа ба оролцогч талуудын хамтын ажиллагаа” хөтөлбөрийг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн холбооны яамны дэмжлэгтэйгээр Дойче Велле Академитай хамтран хэрэгжүүлж байна.

Санал болгох мэдээ

Япон улсын Каназава Их сургууль АШУҮИС-д Төлөөлөгчийн газраа нээлээ

Япон улсын Каназава Их сургуулийн Төлөөлөгчийн газар өнөөдөр /2024.04.29/Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуульд албан …