Эрүүл мэндийн яамны БХЗГ-ын мэргэжилтэн Д.Ганзоригтой хүүхдийн, тэр дундаа цэцэрлэгийн хүүхдийн хоол тэжээлийн асуудлаар ярилцлаа.
Монголд хүүхдийн хоол тэжээлийн байдал ямар байна вэ?
Засгийн газраас 5 жил тутамд үндэсний түвшинд хүн амын хоол тэжээлийн байдлын судалгааг хийж, өнөөгийн байдал ямар байгаа, ямар асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар үйл ажиллагааг явуулах ёстой вэ гэдгийг тодорхойлон зохицуулж, чиглүүлдэг. Хүн амын хоол тэжээлийн байдлыг 5 хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийн байдлаар төлөөлүүлэн авч үздэг. Өөрөөр хэлбэл тухайн өрх, гэр бүл дэх хамгийн эмзэг бүлгийн хүнийг хооллож чадаж байгаа эсэхээр тухайн айл, баг, хороо, сум, аймгийн хүн амын хоол тэжээлийн байдлыг тодруулж байна гэсэн үг юм. 5 хүртэлх насны хүүхдийн дунд өсөлтийн хоцролт, тураал, туранхай гэсэн хоол тэжээлийн үндсэн 3 үзүүлэлтээр үнэлгээг хийдэг. Өсөлтийн хоцролтоор буюу хоол тэжээлийн архаг дутлын үзүүлэлтээр хүүхдийн аминдэм(витамин) бичил бодисын далд дутал, асаргаа халамжийн байдлыг тодорхойлдог бол хоол тэжээлийн хурц дутал болох тураал, туранхайн үзүүлэлтээр хүүхэд өлсөж байгаа эсвэл илүү хооллож байгаа эсэхийг тодорхойлдог.
Гэхдээ сүүлийн үед илүүдэл жинтэй хүмүүс ихэсч байгаа юм биш үү? Энэ тал дээр анхаарал хандуулж байна уу?
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Засгийн газрын бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа нь хүүхдийн хоол тэжээлийн дутлын эмгэгийг бууруулах тал руугаа илүү хандаж тодорхой амжилтанд хүрсэн. Энэ хугацаанд хоол тэжээлийн архаг дутал 50 хувиар буурсан бол, хурц дутал 75-80 хувиар буурсан байна. Гэвч эсрэгээрээ хоол тэжээлийн илүүдэл нь хүн амын дунд асуудал болон нэмэгдэж эхэлсэн. Тухайлбал, насанд хүрэгчдийн дунд жингийн илүүдэл ба таргалалт сүүлийн 10 жилд огцом хурдтай нэмэгдэж одоо талаас илүү хувь нь ийм эмгэгтэй байна. Хүүхдийн дунд илүүдэл жин ба таргалалт нь тогтмол 10 хувиас илүү байсаар байна. Хүүхдийн илүүдэл жин ба таргалалт нь алсдаа насанд хүрэгчдийн илүүдэл жин ба таргалалт, халдварт бус өвчний суурь шалтгаан болдог. Хүн амын дунд хоол тэжээлийн дутал, илүүдлийн аль нь ч 2 хувиас хэтрэхгүй байж эрүүл хүн ам бий болно. Хоол тэжээлийн дутлын бууралт ийм эрчээ хадгалсаар байвал Монголын 5 хүртэлх насны хүүхдийн дунд хоол тэжээлийн хурц дутал арилах юм, энэ нь өөрөөр хэлбэл Монголд өлсгөлөн байхгүйг илтгэж байгаа юм. Харин хоол тэжээлийн архаг дутал болон хоол тэжээлийн илүүдэл тодорхой түвшинд байна. Намхан тарган хүүхдүүд нийт хүүхдийн 10-15%-д нь байгаад байна гэсэн үг. Намхан байх нь оюуны чадавхийг бууралтад хүргэнэ, тарган байх нь халдварт бус архаг өвчлөлд хүргэнэ. Засгийн газраас энэ асуудлыг арилгахаар ажиллаж байна.
Сонин дээр цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсийг ЭМЯ-аас багасгасан тухай материал гарсан байсан, энэ талаар тайлбар өгнө үү?
2008 оны “Монгол хүний хоногийн хоол тэжээлийн физиологийн норм хэмжээ”-нд суурилсан 1-6 насны хүүхдийн хоногт шаардлагатай илчлэг, шимт бодисын зөвлөмж хэмжээ нь Эрүүл мэндийн сайдын 207 дугаар тушаалаар батлагдасан. Мөн “Тусгай хоолны дэглэмтэй хүн, нярай, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлд тавих шаардлага, түүнийг тогтоох журам”-аар 2013 оны 6 дугаар сард батлагдсан. Энэ тушаал нь Хүнсний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтад “Монгол хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилтийг хангах, илч зарцуулалтыг нөхөхөд шаардагдах хүнс, үндсэн шимт бодис, эрдэс, аминдэмийн зохистой хэмжээг эрүүл мэндийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална” гэсэн заалттай тохирч байгаа юм. Энэхүү тушаал нь зөвлөмж, шаардлагаас бүрдсэн юм.
Хүн амын хоол тэжээлийн байдлын судалгаа, хүнс, хоол тэжээлтэй холбоотой хийгдсэн бусад судалгааны дүнд тулгуурлан хүн амын хоол тэжээлийн зөвлөмж хэмжээг тохируулан өөрчилдөг. Энэ дагуу Эрүүл мэндийн яамны харьяанд ажилладаг судалгааны байгууллагаас “Монгол хүний хоол тэжээлийн бодисын физиологийн норм хэмжээ”-г 1981 оноос хойш 1992, 1997, 2008 онуудад тус, тус өөрчлөн шинэчилж байсан. Дунд орчим насны эрүүл монгол хүний стандарт хэрэгцээг тогтоож, үүндээ харьцуулан бусад насны бүлгийн хүн амын хэрэгцээг тохируулан тогтоодог. Хоногт авах илчлэгийн хэмжээг нас, хүйсээр нь тодорхойлсон байдаг, хэрэгцээт илчлэгийнхээ хэдэн хувийг мах, хэдэн хувийг ногоо, жимснээс авбал зохино гэх мэтээр тооцож гаргадаг юм. Ингэхдээ дундаж хүний илчлэгийн хэрэгцээ өндөр бол нийт хүн амын хэрэгцээ өндөр байж, буурвал мөн адил нийт хүн амынх даган буурдаг. Улсын хэмжээнд хүнсний хангамж, хүртээмж сайжирч улмаар хүн амын хоол тэжээлийн байдал сайжирсан төдийгүй, хэрэглээний илүүдэл нь эмгэгт шилжих хандлагатай болж эхэлсэн учраас 1997 оны жишсэн дундаж хүний хэрэгцээт илчлэгийн хэмжээ 2800 килокалорийг 2008 онд 2500 килокалори болгон бууруулсан. Үүний дагуу 1997 онд 1-3 насны хүүхдийн хоногт шаардагдах илчлэгийн хэмжээ 1569.2ккал байсан бол 2008 онд 1230ккал болж, 4-6 насны хүүхдийнх 1770ккал байсан бол 1650ккал болж тус, тус буурсан юм. Энэ насны хүүхдүүд цэцэрлэгт явдаг бол хэрэгцээт илчлэгийнхээ 75-80 хувийг цэцэрлэгийн хоол хүнснээсээ авч, үлдсэнийг гэрийн хоол хүнснээс авах ёстой юм. Эрүүл мэндийн салбараас боловсруулан баталсан энэхүү зөвлөмж хэмжээг боловсролын хуулийн дагуу Эрүүл мэнд, боловсролын сайдын хамтарсан тушаалаар нэмж баталгаажуулан, улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудаар мөрдүүлдэг.
2005 онд батлуулсан Эрүүл мэнд, боловсролын сайдын хамтарсан 225/296 дугаар тушаал нь 1997 оны “Монгол хүний хоногийн хоол тэжээлийн физиологийн норм хэмжээ”-нд суурилсан норматив хэмжээ юм. Үүнээс хойш 2008 онд ЭМЯ “Монгол хүний хоногийн хоол тэжээлийн физиологийн норм хэмжээ”-ээр хүн амын насны бүлэг, хүйсэнд тохируулсан хоногийн илчлэгийн хэрэгцээг шинэчлэн боловсруулан баталсан. Үүнийг дагаад Эрүүл мэнд, Боловсролын сайдын хамтарсан “1-18 насны хүүхдийн хоногийн хэрэгцээг хангах хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээ”-г шинэчилсэн тушаал гарч, хуучныг хүчингүй болгох ёстой ч Боловсролын хуулинд 2006 онд 42.3 дэх заалтад оруулсан нэмэлт өөрчлөлтийн улмаас саатсан байна. Ийм тушаал батлуулахын тулд Эрүүл мэнд ба Боловсролын сайдаас гадна Сангийн сайд хамтрах болсон. Хэдийгээр норм хэмжээ нь шинэчлэгдэн өөрчлөгдсөн ч сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад мөрдөгдөж буй Эрүүл мэнд, Боловсролын сайдын хамтарсан 225/296 дугаар тушаал нь одоо ч хүчинтэй хэвээр байгаа юм. Нэг сайдын тушаалаар хоёр сайдын хамтарсан 225/296 дугаар тушаалыг хүчингүйд тооцох боломж байхгүй учраас цэцэрлэгийн удирдлагууд одоогоор энэ тушаалаа л мөрдөж, ажиллах юм. Өөрөөр хэлбэл хүүхдүүд 1997 оны “Монгол хүний хоногийн хоол тэжээлийн физиологийн норм хэмжээ”-нд суурилсан зөвлөмж хэмжээгээр хооллож байгаа гэсэн үг юм.
Сүүлийн хэдэн сарын хугацаанд цэцэрлэгийн хүүхдүүд хоол бага идэж байна, өлсгөлөн байна гэсэн мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр явж байсан, энэ нь таны өгсөн дээрхи мэдээллээс зөрж байна.
Үндэсний түвшинд асуудал ямар байгааг Үндэсний статистикийн хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тогтмол хийгддэг албан ёсны судалгааны дүнгүүд хэлж өгдөг. Хоол тэжээлийн байдлыг тогтоох судалгаа нь олон судалгааны бүтцэд ордог, дангаараа ч энэ чиглэлийн судалгаа хийгддэг. Монголд хүүхдийн хоол тэжээлийн дутлын асуудал буурч, илүүдэл ихэсч байгааг эдгээр олон судалгаа баталгаажуулж байгаа. ТВ5, MN-25 телевизийн сэтгүүлчид өмнө нь энэ асуудлаар ярилцлага авч байсан. Ярилцлагын өмнө тодорхой мэдээлэл авч, ярилцлагаараа баталгаажуулчихаад эфирээр цацахдаа хүүхдүүд хоол тэжээлийн дуталтай байна, хүүхдүүд өлсөж байна гэж бичээд байдгийн учрыг гайхаад байгаа юм. Хоол тэжээлийн дутал гэж яг юуг хэлээд байдгийг сэтгүүлчид болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажилтнууд мэддэггүй учраас эрүүл мэндийн байгууллага дээр хийгддэг зарим ажлыг цэцэрлэгт шилжүүлэхээр БШУЯ-ны мэргэжилтэнтэй ярилцаж байгаа. Тухайлбал, 2-5 хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийн байдлын үнэлгээ. Тэгээд хүүхдээ өөрсдөө үнэлээд, хоол тэжээлийн дуталтайд нь илүү аяга хоол өгөх байдлаар зохицуулж болно.
Та өөрийнхөө тухай танилцуулаач
Би 1998 онд Анагаах ухааны их сургуулийг хүний их эмчийн мэргэжлээр төгсөөд, тэр үеийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төвд орж тасралтгүй 9 жил ажилласан. 2007-2009 онуудад “Өлсгөлөнгийн эсрэг хөдөлгөөн” Францын олон улсын байгууллагад Хоол тэжээлийн хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж байсан. 2001 онд Хүүхдийн хоол тэжээлийн асуудлаар Анагаах ухааны магистр зэргийг АУИС-д хамгаалсан, 2011 онд Япон улсын Цукубагийн их сургуульд хүүхдийн хоол тэжээлийн тархвар зүйн чиглэлээр “Монголын тав хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийн байдалд нийгэм эдийн засгийн ялгаварт байдлын үзүүлэх нөлөөлөл” гэсэн сэдвээр Анагаах ухааны доктор цолыг хамгаалсан. 2000 оноос хойшхи Монголын 5 хүртэлх насны хүүхдийн өсөлтийн хүснэгтүүд, өсөлт, хөгжлийн бүртгэлийн дэвтэр, Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр зэргийг боловсруулсан. 2013 оны 6 дугаар сараас эхлэн ЭМЯ-д мэргэжилтнээр ажиллаж байна.
Ярилцсанд баярлалаа.