Аялал жуулчлалын давалгааны өмнө бид бэлэн үү?

Энэ жил Монгол руу зорих жуулчдын тоо нэмэгдэх нь тодорхой байгаа. Гэвч бид үүнд бэлэн үү гэдэг асуудал анхаарал татаж байна. Наад зах нь манай улс руу зорих онгоцны тийз үнэтэй бөгөөд олдоц муу гэж гаднынхан хэлдэг байна. Дээр нь жуулчны бааз, отгийн хоногийн төлбөр өндөр гэж тэд халагладаг гэнэ.

Дэлхийн банк Монголын аялал жуулчлалын салбараас авсан судалгааны үр дүнд олон улсын нислэгийн олдоц болон нислэгийн зардал их байгаа нь аялал жуулчлал хѳгжихѳд саад болж байна гэж дүгнэсэн. Судалгаанд оролцогчдын 85 хувь нь Монгол Улсад ирэх нислэгийн олдоц муу байна гэж хариулсан ба 83 хувь нь нислэгийн зардал ѳндѳр байгаа нь аялахад асуудал болж байна гэж хариулсан байна.
2022 оны 6 дугаар сарын 1-ээс эхлэн Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг 2024 оныг дуустал Монгол Улсад 90 хүртэл хоног визгүй зорчуулах Засгийн газрын шийдвэр гарсан нь Монгол Солонгосын нисэх чиглэлийн нислэгийн эрэлт огцом нэмэгдсэн.
Үүний үр дүн “Air Busan”, “Jeju Air”, “Korean Air”, “T’way Air” болон “Asiana Airlines” зэрэг гадаад улсын авиа компаниуд нислэг үйлдэж эхэлсэн ба Монгол авиа компаниуд ч гэсэн ѳѳрийн давуу талыг сайжруулж Солонгос жуулчдын урсгалыг ѳѳртѳѳ татах боломж бүрдэж байна.
Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын агаарын тээврийн либералчлах зорилт үр дүнгээ өгч, нислэгийн тоо давтамж 2-3 дахин нэмэгдэж өнгөрсөн онд нэг сая 750 мянган зорчигч агаарын тээврээр үйлчлүүлсэн байна.
Гурав дахь хөрш солонгосчуудыг аялал жуулчлалаар татаж чадсан учраас Чингис хаан Олон улсын нисэх буудлын ачаалал нэмэгдэж орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа онгоцны буудлаас хийхээр болж байна.

Манай аялал жуулчлалын компани, жуулчны баазууд одоо нэгийг бодож, хоёрыг тунгаах цаг хэдийнээ болжээ. Хувийн хэвшлүүд, жуулчны компаниуд дэлхийн түвшний стандартаар үйлчилж, жуулчдыг татах хэрэгтэй.

Яаж вэ? гэхээр үйл ажиллагаа, үйлчилгээ, менежменттэй шууд хамааралтай. Монголчуудын хамгийн найдвартай аялал бол дотооддоо аялах аялал. Сүүлийн жилүүдэд дотоод аялал овоо хөгжсөн. Гэхдээ гадаадынхан байтугай монголчууд өөрсдөө нь жуулчны баазуудаасаа “айх” болоод байна.

Тэрэлж орчимд дотроо 00-той монгол гэрт нэг хоноход 600 мянган төгрөг төлдөг гэнэ. Тэр мөнгөөр Тайландын тансаг зочид буудалд гурав ч хонож болох.

Энэ өвөл манайхан Вьетнам, Тайланд, Хятад руу цувчихлаа. Эх орныхоо хүйтэн өвлөөс зугтааж тансаглах гэсэндээ биш бодит байдал дээр Тэрэлжид “амрах” өндөр үнэ төлж байснаас Вьетнамын далайн эргийн дагуух 4-5 одтой зочид буудалд гэр бүлээрээ нэг хоноход 40-60 ам.доллар буюу ойролцоогоор 170-200 орчим мянган төгрөг болж байх жишээтэй.
Тиймээс манай аялал жуулчлалын баазууд үнэ ханш, үйлчилгээгээ эргэж харах цаг болсон. Чанартай үйлчилгээ, боломжийн үнэ, сэтгэл ханамжийг татаж чадаж гэмээнэ дотоод гадаадын жуулчдыг татаж, тэр хэрээр орлого ашгаа нэмэгдүүлж чадна.

Т.Санаа

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …