Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн хууль бус олгосон лиценцийг шүүхээс улсад хурааж авах шийдвэр гаргасантай холбоотой зарим хувь хүмүүс, компанийн эзэд хохирол амссан хэмээн мэдэгдэж байгаа юм. Тиймээс хохирсон гэх иргэд яг одоо Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулж байна. Жагсаалыг өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлүүлэх гэнэ.
Хохирогчид тэдний хохирлыг барагдуултал тэмцлээ үргэлжлүүлэх бөгөөд ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын дарга нартай биечлэн уулзаж өөрсдийн байдлыг танилцуулах хүсэлтэй байгаа ажээ.
Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нь тус газрын даргаар ажиллаж байх хугацандаа 108 ширхэг уул уурхайн лицензийг хууль бусаар өгсөн гэх хэрэгт шүүхээс хорих ял сонссон. Тэрээр 2009, 2010 онуудад албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин, сонгон шалгаруулалтаар олгох ёстой нийт 108 ширхэг тусгай зөвшөөрлүүдийг бусдад сонгон шалгаруулалтгүйгээр олгож, төрийн байгууллагын хуулиар хамгаалагдсан эрх ашигт хүнд хор уршиг учруулсан хэрэгт буруутгагдан хорих ял авсан юм.
Л.Бадрах http://www.ugluu.mn/5101.html