Өнөөдөр /2024.06.12/ “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр” тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар хамтран “Амлалтаа биелүүлье-Хүүхдийн хөдөлмөрийг устгая” уриа дор “Хүүхдийн хөдөлмөрийн асуудал” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
“Хүүхдийн хөдөлмөрийн асуудал” зөвлөгөөнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын нийт 110 гаруй ажилтан, албан хаагчдын төлөөлөл оролцов.
Энэ үеэр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Мөнхнасан “Хүүхдийн тусламжийн 108 утас болон хүүхдийн байгууллагад хүүхдийн хөдөлмөр эрхлэлтэй холбоотой гомдол мэдээлэл ирдэг. Энэ хүрээнд дуудлага мэдээллийг хүлээн авч хариу үйлчилгээ үзүүлж ажилладаг. Хэрвээ хүүхдийг хууль журмын хүрээнд ажиллуулаагүй, хориглосон ажлын байранд ажиллуулсан нөхцөл байдал тогтоогдвол эрүүгийн болон зөрчлийн хуулиар арга хэмжээ авч ажилладаг.
21 аймаг, 9 дүүрэгт Хүүхдийн эрхийн улсын 52 байцаагч ажиллаж байна. Байцаагчид аж ахуйн нэгж байгууллагуудад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийдэг. 9-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Хүүхэд хамгааллын тухай хуулинд аж ахуйн нэгж болон хувь хүн 18 нас хүрээгүй хүүхдийг хориглосон ажлын байранд ажиллуулж байгаа тохиолдолд хүүхдийн эрхийн улсын байцаагч хяналт шалгалт хийх эрх нь нээгдэж байна” гэсэн юм.
Үндэсний статистикийн хорооны Ахлах стастистикч Э.Гантуяа хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааг танилцуулав.
Тэрбээр “Үндэсний статистикийн хорооноос 2021-2022 хооронд улсын хэмжээнд хүүхдийн хөдөлмөрийн судалгааг хийсэн.
Уг судалгаагаар улсын хэмжээнд 5-17 насны 138.5 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байна. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 16.3 хувьтай гарсан.
Байршлын хувьд:
Хот суурин газарт хөдөлмөр эрхэлж байгаа 5-17 насны хүүхдийн эзлэх хувь 10.2 хувьтай байгаа бол хөдөө орон нутагт 30 хувьтай гарсан байна.
Хөдөлмөр эрхэлж байгаа 138.5 мянган хүүхдийн 58.2 мянга нь буюу 42 хувь нь аюултай ажил эрхэлж байна гэсэн үр дүн гарсан.” гэлээ.
Зөвлөгөөнөөр:
-Хөдөлмөрийн тухай хууль, олон улсын гэрээ конвенцын хэрэгжилт,
-Хүүхдийн хөдөлмөрийн тухай олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ, олон улсын чиг хандлага,
-2023 оны “Нийгмийн шударга ёсыг бэхжүүлье-Хүүхдийн хөдөлмөрийн устгая” уриа нь дор зохион байгуулсан бодлогын зөвлөгөөний зөвлөмжийн хэрэгжилт,
-Хүүхэд хамгааллын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ танилцуулга,
-АНУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт:Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хэрэгжилт,
-“Хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөр” Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Ази номхон далайн бүсийн чуулга уулзалтын мэдээлэл,
-Хүүхдийн хөдөлмөрийг илрүүлэх арга зам, шийдлийн талаар оролцогчдын санал байр суурийг сонсож, бодлогын зөвлөмж гаргах юм.