Г.Золбоо: Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өрийн үндсэн төлбөрийг хэрхэн төлөх тухай тусгайлсан заалт оруулсан

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудад өөрчлөлт орох хуулийн төсөл УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэж байгаатай холбогдуулан Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоотой ярилцлаа.


-Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Үүнд төсвийн тусгай шаардлага буюу төсвийн дүрэм гэж юу болох талаар гишүүд ярьж байсан. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юу. Улс орнууд хэрхэн хэрэгжүүлдэг вэ?

-Энэ бол олон улсад маш түгээмэл ашиглагддаг эрх зүйн заалт. Тухайлбал, олон улсад 2021 оны байдлаар 106 улс төсвийн дүрэм буюу тусгай шаардлагуудыг баримталж байна. Эдгээр дүрмүүдийг төсвийн орлого, зарлага, тэнцэл, болон өрийн дүрэм гэж үндсэн дөрвөн хэсэгт ангилдаг. Улс орнуудад нийтлэг хэрэглэгдэж байгаа нь төсвийн тэнцэл болон өрийн дүрмүүд байна. Харин дэлхийд эдгээр төсвийн дүрмийг бүгдийг нь ашигладаг таван улс байгаагийн нэг нь Монгол Улс гэж ойлгож болно. Дэлхийн улс орнууд хязгаарлагдмал нөөцөөр эдийн засгийн өсөлтийг дэмжих, дунд болон урт хугацаанд төсвийн тогтвортой байдлыг хангах, өрийн дарамтаас сэргийлэх зэрэг нийтлэг зорилгын хүрээнд төсвийн дүрмийг хэрэглэдэг. Ингэхдээ улс орон бүр өөрийн улсын онцлог, орлогын эх үүсвэр, эдийн засгийн нөхцөл байдалдаа тулгуурлан төсвийн дүрмийг тодорхойлж, хэрэгжүүлж ирсэн байдаг. Түүнчлэн, улс орнууд хөгжлийн үе шат, эдийн засгийн хэрэгцээ шаардлагаас хамаарч, төсвийн дүрмээ сайжруулдаг нийтлэг жишгийг олон улсын туршлагаас харах боломжтой.

-Таван улс байгаагийн нэг нь манай улс гэлээ. Монгол Улс анх хэзээ, ямар зорилгоор төсвийн дүрмийг хэрэгжүүлж эхэлсэн юм бэ. Энэ дүрмийг өөрчлөх цаг нь болсон гэж үзэж байна уу?

-Монгол Улс анх 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж, 2013 оноос уг хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг бүрэн мөрдөж эхэлсэн. Тухайн үед манай улсын эдийн засаг уул уурхайн эрчимтэй өсөлтийн үед байсан. Улмаар төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг уул уурхайн савлагаанаас хамгаалах, төсвийг тогтвортой байлгаж, сахилга батыг сахих, эдийн засгийг дэмжих зорилгоор баталж байв.

Түүнчлэн, бид уул уурхайн салбараас орж ирэх орлогын тодорхой хэсгийг хадгалж, мөчлөг дагасан савлагаанаас эдийн засаг, төсвийг хамгаалахыг зорьж байсан. Тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг өнөө үетэй харьцуулбал дотоодын нийт бүтээгдэхүүн болон төсвийн тэнцвэржүүлсэн орлого ойролцоогоор дөрөв дахин, гадаад худалдааны нийт эргэлт 2.3 дахин өсөж эдийн засгийн багтаамж 2-3 дахин тэлснийг харуулж байна.

-Тэгэхээр одоо ч гэсэн хэрэгцээ шаардлага нь байх ёстой гэсэн үг үү?

-Бид дахин сэргээгдэхгүй уул уурхайн баялгийн орлогоос өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зорилготой Ирээдүйн өв санд 3.4 их наяд төгрөг, уул уурхайн үнийн хэлбэлзлээс хамгаалж, төсвийг тогтворжуулах зорилготой Тогтворжуулалтын санд 1.3 их наяд төгрөгийг хуримтлуулж чадсан. Улмаар сүүлийн 10 жилийн хугацаанд хэрэгжүүлж ирсэн тусгай шаардлагууд нь төсвийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн өсөлтийг дэмжиж, анх тавьсан зорилгоо биелүүлснээр түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна. Сая энэ тусгай шаардлагыг шинэчилсэн.

-Тэгвэл шинэчилсэн тусгай шаардлага өмнөх тусгай шаардлагаас юугаараа онцлог, давуу талтай юм бэ?

-Өмнөх тусгай шаардлагууд анх дэвшүүлсэн эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгодоо хүрсэн. Гэвч сүүлийн 10 жилд эдийн засаг тэлж, хүн амын өсөлт нэмэгдэхийн зэрэгцээ нийгмийн зардлын хэмжээ эрс нэмэгдсэн. Ингэж урсгал зардлын нийт зардалд эзлэх хувь хэмжээ буюу суурь үйлчилгээг иргэдэд хүргэх зардлууд, цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө нэмэгдэхийн хэрээр хөрөнгө оруулалт хийх орон зай хумигдаж ирсэн. Нөгөө талаас бидэнд эдийн засгийн суурийг тэлж, хурдтай хөгжлийн дараагийн шатанд гарах эрчим хүч, зам тээвэр зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтуудыг хийх хэрэгцээ шаардлага үүсээд байна. Энэ утгаараа бидний танилцуулсан тусгай шаардлагын шинэчлэлийн үндсэн зорилго нь Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн зорилтыг биелүүлж, эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүрэхэд шаардлагатай томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг хийх боломжоор хангахын зэрэгцээ төсвийн тогтвортой байдлыг хадгалан өрийн дарамтаас сэргийлж байгаагаараа онцлог юм.

-Яг энэ төсвийн тодотголоор энэхүү төсвийн дүрмээ өөрчлөхдөө ямар байдлаар оруулж өгч байгаа юм бэ?

-Нэгдүгээрт, урсгал зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрүүлэхгүй байхаар төсвийн тусгай шаардлагыг боловсронгуй болгосон. Энэ нь эдийн засаг дахь төрийн оролцоог хязгаарлах, нэн хэрэгцээт хөгжлийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийх төсвийн орон зайг бий болгоно. Хоёрдугаарт, дотоод эдийн засгийн нөөц бололцоогоороо санхүүжүүлж байгаа урсгал зарлага, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас хамаарах суурь тэнцлийг дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувь ба түүнээс дээш хувийн ашигтай гаргаж, тухайн ашгийг зөвхөн өрийн үндсэн төлбөрийг төлөх заалт оруулж ирсэн. Гуравдугаарт, Засгийн газрын өрийг өнөөгийн үнэ цэнээр тооцдог байсныг нэрлэсэн үнээр тооцдог болгож, олон нийтэд ойлгомжтой, хяналт тавихад хялбар болгож байгаа. Олон улсын туршлагаас үзэхэд Засгийн газрын өрийн дүрэмтэй улс орнуудын дийлэнх нь нэрлэсэн үнэ цэнээр тооцдог. Монгол Улс ч мөн тус аргачлал руу шилжиж, олон улсын жишигт нийцүүлж байна гэсэн үг.

-Гадаад зээлийн ашиглалт, бондын санхүүжилтээр хэрэгжих хөрөнгө оруулалтуудыг төсвийн тусгай шаардлагаас тусад нь тооцсоноор цаашид өрийн дарамтад орох эрсдэл бий юу?

-Шинэчилсэн төсвийн тусгай шаардлагаар бид Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 60 хувиас хэтрүүлэхгүй байх хязгаарыг огт хөндөөгүй. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ өнөөгийн үнэ цэнээр 39 хувь байгаа. Нэрлэсэн үнээр тооцвол 44 орчим хувь болохоор байна. Цаашид гадаад зээлийн ашиглалтын өсөлтөөр Засгийн газрын өрийн үлдэгдэл тодорхой хэмжээнд нэмэгдэх хэдий ч суурь тэнцлийн ашгаар жил бүр өрийн үндсэн төлбөрийг төлөхөөр хуульчлан оруулсан. Ингэснээр суурь тэнцлийн ашиг болох дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувь буюу ойролцоогоор 400-500 сая ам.долларыг жил бүр Засгийн газрын өрийн үндсэн төлбөрийг төлж, өрийн дарамтаас сэргийлнэ. Өмнө нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өрийн үндсэн төлбөрийг хэрхэн төлөх тухай тусгайлсан заалт байгаагүй бол энэ удаад хуульд тусгайлан оруулж ирлээ. Иймд Засгийн газраас төсвийн тусгай шаардлагуудыг Монгол Улсын хөгжлийн шинэ загвар болон олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож, дунд, урт хугацаанд төсвийн тогтвортой байдлыг хангах, өрийн дарамтаас сэргийлэх зорилгоор УИХ-д өргөн бариад байгаа юм.

 Эх сурвалж:Өдрийн сонин

Э.Мөнхтүвшин

Санал болгох мэдээ

“Ай-Ти Консерциум” байгуулахаар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол-Японы бизнес форум” эхэллээ. Энэхүү форумд Япон болон Монгол …