Х.Нямбаатар: НИТХ-ын сонгуульд инженер, эдийн засагч, хуульчдыг нэр дэвшүүллээ

Аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн тухай хуулиар намууд есдүгээр сарын 2-ны өдөр орон нутгийн ИТХ-д нэр дэвшигчдийнхээ нэрсийн жагсаалтаа гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байх ёстой.

Нийслэлийн Монгол Ардын Намын хороо өчигдөр (09.02) хуралдаж, 2024 оны нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох ээлжит сонгуульд тус намаас нэр дэвшигчдийн нэрсийг эцэслэн батлав.

Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Бид НИТХ-д нэр дэвшигчдийг тодруулахын тулд өнгөрсөн наймдугаар сард хэд хэдэн нийгмийн судалгаа явуулсан. Нийслэлчүүд ирэх дөрвөн жил их бүтээн байгуулалт хийх цаг хугацаа учраас инженер, эдийн засагч, хуульчид илүүтэй түлхүү төлөөлбөл зүйтэй юм гэдэг хариулт өгсөн судалгааны дүн гарсан. Ингээд энэ судалгааны дүнг үндэслэж бид нэр дэвшигчдээ тодрууллаа.

Манай нэр дэвшигчид дотор Монгол Улсад хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн менежментийн багийг ахалж ажилласан зөвлөх инженерүүд, Монгол Улсын барилгын залуу зөвлөх инженерүүд бий. Мөн хот төлөвлөгч, олон улсын банк санхүүгийн зах зээл дээр ажиллаж байсан санхүүчид, эдийн засагчид, Монголын хуулийн салбарын шилдэг төлөөллүүд багтсан.

Өмнө нь нийслэл, дүүргийн ИТХ-д нэр дэвшиж ялалт байгуулж байсан нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөллүүд бас бүрдсэн. Энэ удаагийн нэр дэвшүүлэлтэд 1980, 1990-ээд онд төрсөн, шинэ цаг үеийн бүтээн байгуулалтыг ид хийх залуучуудыг дэвшүүлсэн гэдгээ хэлье. Эцсийн сонголт бүхэн иргэд, сонгогчдын гарт байдаг. Сонгогчдын маань сонголт мэргэн байх болтугай.” гэсэн юм.

 

 

Санал болгох мэдээ

Төрийн ордонд ажиллаж буй 1400 гаруй ажилтан, албан хаагч ажилчдын автобусаар зорчино

“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаас Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах урт болон …