Жил бүрийн 12-р сарын 05-ний өдрийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөөх олон улсын сайн дурынхны өдөр буюу Олон улсын сайн дурын ажилтны өдөр хэмээн дэлхий нийтээр тэмдэглэдэг.
Энэ өдрийг тохиолдуулан Монголын үндэсний сайн дурынхан “People Power” уриан дор олон улсын нийтлэг стандарт, туршлага, хамтын ажиллагааг шийдвэр гаргагчид, олон нийтэд танилцуулах, тулгамдсан асуудлаа хэлэлцэх зорилгоор нэгдсэн чуулганаа хийлээ. Чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, нийслэл, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй “Дэлхийн зөн”, “Улаан загалмай нийгэмлэг” зэрэг 500 гаруй сайн дурынхан оролцсон юм.
2024 оны байдлаар үндэсний хэмжээнд нийт 10,000 гаруй сайн дурынхан 5.600.000.000 төгрөг \Таван тэрбум зургаан зуун сая\-өөр үнэлэгдэх нийгэмд тустай ажил үйлчилгээг хийгээд байна.
Мөн чуулганаар, “Сайн дурын үйл ажиллагаагаар дамжуулан тогтвортой ирээдүйг бий болгох нь” “Ирээдүй өөд” Хүүхэд залуучуудын сайн дурын үйл ажиллагааны хэрэгцээ, “Сайн дурын үйл ажиллагааны инноваци хөгжүүлэлт”, “Сайн дурын үйл ажиллагааны бодлогын нөлөөлөл”, “Сайн дурын үйл ажиллагаанд иргэний нийгмийн үүрэг оролцоо, залуучуудын манлайлал” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Мөн арга хэмжээний үеэр сайн үйлсийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд манлайлал үзүүлэн ажиллах сайн үйлсийн элч нарыг тодруулав.
“Сайн үйлсийн элч” –ээр МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг, Соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Гантогоо нар тодорсон юм.
МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа: Сайн дурын үйлс бол хэн нэгний гуйлт, заавраар биш бие сэтгэлээсээ хийдэг, хүмүүнлэгийн үйлсийн тулах хүч, дэлхийн хамгийн том хүч бол сайн дурын үйлстнүүд. Сүүлийн жилүүдэд манай хүүхэд залуус хүмүүнлэгийн үйл ажиллагааyд идэвхтэй, өргөнөөр оролцдог болж байна. Одоо дунд үеийнхнийг татан оролцуулах хэрэгцээ бий. Хүмүүнлэгийн үйлстнүүд багадаа нь долоо хоногт 6 цаг, сард 100 гаруй цагаа зориулдаг судалгаа бий.
МУЗН сар бүрийн 01-ний өдрийг хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулагчдад талархлаа илэрхийлдэг өдөр болгож байна.
МУЗН зөвхөн энэ онд 75000 хүүхэд залуучуудаар эгнээгээ өргөжүүллээ. Бид байгалийн гамшиг, аюулт үзэгдлээс өөрийгөө болон гэр бүл, хамт олноо хамгаалах, эрсдэлийг урьдчилан тооцох, хохирол багатай даван туулах энэ аргад хүүхэд залуусыг сургахад түлхүү анхаарч байна.