Кофег эртний Эфиопчууд ууж болох тухай төсөөлж ч байсангүй. Тэд кофены жимсийг буталж, амьтны гаралтай тосоор зууран “бөмбөлөг” хийж идэн эрч хүчээ сэргээдэг байжээ. Кофег уух санаа хожим л төрсөн хэрэг.
Кофе 17-р зуунд Европчуудын дунд “Чөтгөрийн ундаа” гэдэг сүржин нэр хүртэж байлаа. Тэр ч бүү хэл зарим ноёд сүмийн тэргүүнүүдээр кофег хориулахыг оролдон лоббидож ч үзсэн байдаг. Энэ талаар манай Улаанбаатар хотын оффис ажитан бүсгүйчүүд мэдэх юм бол тэр ноёныг тасчиж тавих нь ойлгомжтой. Гэхдээ тэдэнд буруу өгөх аргагүй л дээ. Манай оффис хүүхнүүдийн дуртай энэ амтлаг ундаа бурханд биш чөтгөрт үйлчилдэг гэдгийг тэд олж мэдсэн байдаг юм. Гэтэл мань ноёдын лобби бурханы хүү Пап лам VIII Клементэд нөлөөлөөгүйгээр барахгүй пап лам мөнөөх Чөтгөрийн ундааг ууж үзээд “Ийм амттай юмыг харин ч Христэд итгэгчид ууж л байх ёстой” гэж попорсон гэдэг.

Пап лам VIII Клементийн адисласан мөнөөх амтлаг ундаа зарим үед улс төрийн хувьсгалын үзэл баримтлал бүрэлдэх шалтаг гаргаж эхлэх нь тэр. Популизм балагтай гэж хэн хэллээ дээ. Тухайлбал 17–18-р зуунд кофены газрууд “анхны сошиал платформ” болж байж л дээ. Тэнд одооныхоор бол жиргээчид бөөгнөчихөөд улс төр ярьж, шүүмжилж, бүлэг үүсгэн хувьсгалт үзэл суртал нэвтрүүлж байлаа. Ингээд Англичууд сандралдан кофены газрыг хааж эхэлсэн байдаг. Хэтэрхий их жиргээд байхаар тэгэхгүй яах вэ дээ. Германд пивоны газраас хувьсгал гарахаа шахаж байсан түүх бий.
Кофе нефтийн дараа орох хамгийн их борлуулалттай дэлхийд хоёрт орох бараа бүтээгдэхүүн. Кофены наймаа худалдаа асар том сүлжээ бий болгож мянга мянган жижиг тариалагчид, улс орнуудын эдийн засгийг тэтгэж байдаг. Тэдгээр жижиг тариачид зарим улс орны санхүүжүүлэгчид нь Финляндууд. Нэг фин нөхөр өдөрт 4-6 аяга кофе уучихад зүрх нь дэлсээд унадаггүй гэнэ шүү. Кофены соёлоороо дэлхийд гайхагддаг улс орнууд Эспрессо гэдэг нь “дарсан” гэсэн утгатай үг болохыг андахгүй мэднэ. Харин энэ амтат ундаанд саяханаас л автаж эхлээд байгаа надтай адилхан нөхдүүд “Express” буюу түргэн гэсэн утгатай гэж бодоод л тууж яваа байх даа. Уг нь бол Италийн esprimere буюу шахах, дарж гаргах гэсэн утгатай үг юм байна шүү.

Дэлхийд кофены хэрэглээ 2020 оноос эрс ихэссэн гэдэг. Ковидын үеэр гэртээ ажиллах болсон хүмүүсийн хэрэглээ тэсрэлт шиг өсөж мөнөөх жижиг тариаланчдыг томруулсан байх нь дээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл