Монголын үндэсний бөхийн холбоо 2007 оноос эхлэн нийслэл хотыг тойрон сүндэрлэсэн дөрвөн хайрханы нэрээр нэрлэсэн хишиг барилдааныг цувралаар зохион байгуулж эхэлсэн. Тэдгээрийн нэг “Баянзүрх хайрханы хишиг” барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр боллоо.
Зургаан жил завсарласны дараа өнгөрсөн жилээс тус барилдааныг дахин сэргээсэн юм. 19 дэх удаагийн “Баянзүрх хайрханы хишиг” барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой 128 бөх зодоглосноос Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан Ц.Төмөрцоож түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ үзүүрлэв. Аймгийн арслан Ц.Төмөрцоожийн хувьд улс, аймгийн цолтнуудын барилдаанд анх удаа түрүүлсэн нь энэ. Тэрбээр мөн “Баянзүрх хайрханы хишиг” барилдаанд түрүүлсэн улсын цолгүй хоёр дахь бөх болов. Түүнээс өмнө улсын аварга О.Хангай аймгийн арслан цолтойдоо энэхүү барилдааны түрүү бөхөөр тодорч байсан юм.
Тус барилдааны их шөвөгт Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Тэргүүн Богд” дэвжээний бөх, аймгийн арслан Ч.Алтангэрэл, Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, “Завхан Даян” дэвжээний бөх, аймгийн начин Б.Сундуйжав нар шалгарлаа.
Дунд шөвөгт улсын харцага Э.Даш, начин Б.Сосорбарам, аймгийн арслан М.Баяржавхлан, заан О.Чадалбат нар үлдэв.
Зохион байгуулагчид “Уран барилдааны шагнал”-ыг аймгийн начин Б.Сундуйжавт, “Улсын цолд ойрхон бөхийн шагнал”-ыг аймгийн арслан М.Баяржавхланд тус тус гардууллаа.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл



