“Тэнгэрийн хүү” жүжиг Александринскийн театрын олон улсын фестивальд оролцоно

УДЭТ-ын уран бүтээлчдийн “Тэнгэрийн хүү” жүжиг ОХУ-ын Санкт-Петербург хотноо болох “Александринскийн олон улсын театрын фестиваль”-д оролцохоор болжээ.

2026 оны намрын фестивальд Европын авангард найруулагчид, Азийн уламжлалт театрын мастерууд бүтээлүүдээ толилуулах бол Монгол Улсаас Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулга, зохиолч Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” жүжиг сонгогдсон нь Монголын театрын урлагийн түүхэнд тодоор бичигдэх чухал үйл явдал болж байна.  ОХУ-ын Санкт-Петербург хотын төвд оршдог, дэлхийн театрын урлагийн түүхэн өлгий хэмээн нэрлэдэг Александринскийн театрын Ерөнхий захирал Александр Малич энэхүү жүжгийг театрынхаа тайзнаа 9 дүгээр сарын 4,5-нд тоглуулах албан ёсны урилгыг УДЭТ-д ирүүлсэн байна. Тэрбээр урилгын захидалдаа, “Тэнгэрийн хүү” жүжгийг толилуулах нь Санкт-Петербург хотын оршин суугчид болон жуулчдад онцгой үйл явдал болохоос гадна хоёр театрын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхам болно” хэмээн онцолжээ.

1832 онд суут архитектор Карло Россигийн зураг төслөөр неоклассик хэв маягаар сүндэрлэн босгосон Александринскийн театр нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн түүхэн барилга юм. Оросын болон дэлхийн театрын урлагийн хөгжлийн чухал төв болсон тус театрт Николай Гоголийн “Байцаагч түшмэл”, Антон Чеховын “Цахлай” зэрэг сонгодог бүтээлүүд анх тайзнаа амилж байжээ. Түүхт 250 жилийн ойгоо тохиолдуулан 2006 оноос зохион байгуулж буй “Александринскийн олон улсын театрын фестиваль” нь үндэсний статустай болон сонгодог театрын дэг сургуулийг хадгалсан шилдэг театруудыг нэгэн тайзнаа нэгтгэдгээрээ онцлогтой.

Тус жүжгийг УДЭТ-ын тайзнаа 6 дугаар сарын 19-21-нд толилуулах юм.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Барилгын салбарын даатгалын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байна

Барилгын салбарт даатгалын тогтолцооны хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагын талаар даатгуулагч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл …