Нийслэлийн Онцгой комиссын 2026 оны анхдугаар хуралдаан боллоо.
Хуралдаанаар Улаанбаатар хотын үерийн тохиолдлын бэлэн байдал, хэрэгжүүлж буй ажил, гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Улаанбаатар хотын үер, усны байгууламжийн 70 хувийн насжилт хэтэрсэн бөгөөд борооны ус зайлуулах гол шугамуудын дийлэнхийг 1990 оноос өмнө хийжээ. 2026 онд нийслэлийн хэмжээнд олон жилийн дунджаас дулаан, хур тунадас их орох төлөвтэй байгаа. Тиймээс үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагуудын хүн хүч, техник хэрэгсэл, нөөцийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг НОК-ын дарга Б.Пүрэвдагва холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
Нийслэлд борооны ус ихээр хуримтлагддаг, эрсдэл бүхий 41 байршилд 60 мотопомпыг байрлуулахаар бэлтгэл хангаж байгаа бөгөөд үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй 2000 орчим айл өрхийг үе шаттай нүүлгэх ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Мөн үерийн хамгаалалтын далан, авто замын ус зайлуулах шугам сүлжээ, байгууламжийг өргөтгөх, шинэчлэх ажлыг эрчимжүүлнэ.
Үүнээс гадна хүүхэд хамгааллын орчныг сайжруулах асуудлыг хэлэлцсэн байна. Энэ хүрээнд бүх шатны боловсролын байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн хүүхэд хамгааллын байгууллагуудын орчныг сайжруулах, нийтийн эзэмшлийн тоглоомын талбай, хашаа, ногоон байгууламж, хүүхдийн зуслан, асрамжийн төв, халамжийн газар, хүүхдийн сувиллуудад шалгалт зохион байгуулж, аюулгүй байдлыг хангуулахыг НОК-ын дарга Б.Пүрэвдагва холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн тэрбээр боловсролын байгууллагаар дамжуулан эцэг эх, хүүхдүүдэд аюул, ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах талаарх ойлголт, мэдээллийг хүргэх ажлыг эрчимжүүлэх чиглэл өгөв.
Ташрамд дурдахад, хотын дарга Б.Пүрэвдагва өчигдөр НОБГ-т ажилласан байна. Энэ үеэр газрын дарга, хурандаа Г.Галбадрах байгууллагын үйл ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулжээ. Харин Б.Пүрэвдагва дарга нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилладаг тус газрын нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, гамшгийн эрсдэлийн удирдлага, тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, алба хаагчдын ажиллах орчин, нөхцөл, техник, тоног төхөөрөмж, материаллаг нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай шийдвэр гаргаж хэрэгжүүлэхээ хэлсэн байна. Энэ үеэр нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар аврах ажиллагааны тусгай зориулалтын бүрэн тоноглолтой хоёр автомашин, техник хэрэгслийг шийдвэрлэснийг гардуулжээ.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл



