Хоёр жилийн өмнө “Бороо гоулд” компанийн ажилчид Эрдэс баялаг, эрчим хүчний яамны үүдэнд суулт хийж, нуруулдан уусгах технологи ашиглах зөвшөөрөл олгохыг шаардаж байлаа. Хэрэв үүнийг зөвшөөрөхгүй бол 54 монгол ажилчин ажилгүй болно хэмээж байсан. Тэд УИХ-ын сонгуулийн дараахан буюу өнгөрсөн оны долдугаар сарын 6-нд санасандаа хүрч, зөвшөөрлөө авсан.
ЭБЭХ-ний сайд Д.Зоригт албан тушаалаасаа буухынхаа өмнөхөн мутраа хайрлаж, энэ эрхийг олгожээ. “Бороо гоулд”-ынхны хэлсэнчлэн алт угаах хамгийн шилдэг технологи буюу цианит натри ашиглан нуруулдан уусгах технологи гэж юу вэ? Цоордоггүй тусгай хулдаас дэвсэж бэлтгэсэн талбай дээр бага агуулгатай хүдрээ нуруулдаж, цианитын сулруулсан уусмал нэвч үүлэх замаар алт ялгаж авдаг технологи юм байна.
Энэ технологийн гол хэрэглэгдэх үүн нь цианит натри. Химийн энэ хорыг алтны компаниудад ашиглахыг манайд албан ёсоор хориогүй. Гэхдээ энэ бодисын хэрэглээнд бүрэн хяналт тавьж, хор хөнөөлийг нь арилгах арга туршлагыг мэдэхгүйгээс “Хонгорын хордлого”- ын сургамж өнөөдрийг хүртэл мартагдаагүй байна. Манай эмч мэргэжилтнүүдийн нийтлэг оношоор “хамуу” хэмээн оношлогддог энэ бодисын усанд шингэсэн хор ууршин агаарт дэгдэж түүгээр нь амьсгалсан хүнийг хордуулахаас гадна хөрсөнд шингэсэн хор нь малаар дамжин хүний эрүүл мэндэд аюул учруулдаг. Үүнийг дэлхий даяараа хүлээн зөвшөөрсөн ч харин манайд “хамуу” -ны хэмжээнд үл ойшоосоор буй нь “Хонгорын хордлогыг” хот, хөдөөгүй экспортолж мэдэхээр байна.
Алтыг бүрэн гүйцэд угааж авдгаараа нуруулдан уусгах технологи компаниудад ашигтай. Харин цианит натри нь байгаль орчинд дахин нөхөгдөшгүй хохирол учруулдаг. Учир нь энэ технологийг хэрэглэсэн газрын хөрсний үршил шим 60-70 хувь алдагдаж ойр орчмын усны ундарга бохирддог. Тиймээс энэ технологийг уул уурхай өндөр хөгжсөн орнууд ч тэр бүр хэрэглээд байдаггүй. Үржил шим багатай, хүн амьтан нутагладаггүй, говь цөлийн бүсдээ л ийм аргаар алт угаахыг зөвшөөрдөг дэлхийн жишиг бий. Гэтэл өнөөдөр Монголд хаа дуртай газарт энэ технологийг ашиглах эрхийг “Бороо гоулд”-оор ийнхүү эхлүүлснээр алтны олон компанийг араасаа дагуулаад байна.
Завхан аймгийн Дөрвөлжин суманд Баян-Айрагийн алтны үндсэн орд байрладаг. Энэ ордыг Канад захирлуудтай “Баян айраг эксплорэшн” компани эзэмшдэг. Тэд энэ ордод мөн л нуруулдан уусгах технологи ашиглахаар ТЭЗҮ-дээ тусгасан нь Хутагтын нутгийнханд айдас болгоомжлолг төрүүлж эхэллээ.
Баян-Айрагийн орд буюу долоон жилийн золиос
Завхан аймгийн хувьд уул уурхайн олборлолтод өртөөгүй үлдсэн Монгол Улсын цорын ганц аймаг байлаа. Харин өнөөдөр Дөрвөлжин сумаасаа эхлээд алтны “хараалд” өртөхөд ойртов. Тус сумын нутагт алт, мөнгө, зэсийн асар их нөөцтэй Баян-Айрагийн орд бий. Энэ ордын геологийн зураглалыг Монгол, Оросын геологчид 1963 онд анх хийжээ. Алт, зэс, цайр, мөнгөний агуулга өндөртэй энэ ордын алтны нөөцийг Австралийн “Хеллман ба Счофийлд” компани хоёр жилийн өмнө JORC стандартаар тооцож 50 тоннын нөөцтэй хэмээн тооцсон байна. Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумын зааг дээр байрлах алт бүхий энэ ууланд нутгийнхан өвгөдийгөө нутаглуулдаг байж. Гэвч үе дамжин хүндэтгэж, тахин шүтэж ирсэн энэ уул нь алтны “хараалд” өртөн, ухуулж төнхүүлж эхлээд байна. Малайз, Канадын хэд хэдэн компанийн гар дамжсан энэ ордыг ашиглах лицензийг “Баян айраг эксплорэшн” компанид 30 жилийн хугацаатай буюу 2038 он хүртэл олгожээ.
Харин ТЭЗҮ-д тусгаснаар тэд энэ ордын алтыг долоон жилийн дотор уусгаж авахаар төлөвлөжээ. Уул уурхайн олборлолт тэртусмаа алтыг ашиглахад усан хангамж, усны нөөц хамгийн чухал. Гэтэл энэ орд байрладаг дээрх хоёр сум нь уул уурхайд хэрэглүүлэх нь байтугай уух усаар ч ховор, хомс. Тиймдээ ч Дөрвөлжин сумын Цогт багийнхан эхнээс нь эсэргүүцэж байсан ч тэгсхийгээд дарагджээ. Сум орон нутагт нь том орд ашиглалтад орвол Өмнөговийн Цогтцэций шиг сайхан хөгжил дагуулах ирээдүй бий. Харамсалтай нь энэ орд олон жилийн насгүй, хэдхэн жилийн дотор ухаж төнхөөд ухсан нүх үлдээгээд, урсдаг ганц гол Завханыг нь ширгээгээд хаячихвий гэж айж болгоомжлох олон шалтгаан бий тул нутгийнхан ийнхүү эсэргүүцэж байжээ. Одоо нам жим болсон нь энэ бүхнийг нь эерэгээр зохицуулсан гэсэн үг биш. Харин ч нутгийн малчдыг мунхруулж, ар гэрт нь арав таван төгрөг өгч, ах дүү, үр хүүхдийг нь ажил, сургуультай болгосноор нам дарж авсан бололтой.
Дөрвөлжин сумын нутаг цэвэр усны нөөц хомс. Ганц Завхан гол дэргэдүүр нь урсдаг. Уул уурхайд хэрэглүүлэх нь байтугай хүн, малгүй уух усаа гүнийн худгаас дугаарлан авч, зөөврийн усаар хэрэгцээгээ аргацаадаг. Гэтэл тус компанийнхан Эрдэнэхайрхан сумын нутагт усны хайгуул хийж илрүүлсэн гүний усаар үйлдвэрлэлийн хэрэглээгээ хангахаар төрийн байгууллагуудаас холбогдох зөвшөөрлөө саяхан авчээ. Ус ч яахав ингээд шийдэгддэг юм байж. Гэтэл одоо цианит натри гэх асуудал нутгийнхныг зовоож эхлээд байна. Монгол Улсын стратегийн ордын нэг-Бороогийн алтны орд 40 тонн нөөцтэй байлаа. Энэ ордыг Канадын “Сентерра гоулд”-ийн хөрөнгө оруулалттай “Бороо гоулд” компани 10 гаруйхан жилийн дотор хуу хамсан. Одоо үлдэгдлийг нь шүүж байгаа. Харин “Баян айраг эксплорэшн” компани Баян- Айрагийн 50 тонн алтыг долоохон жилийн дотор ашиглахаар төлөвлөсөн. Энэ хугацаандаа орон нутгийнханд олон том “хөрөнгө оруулалт” хийхээ амлажээ. Өнгөрсөн жилд л гэхэд сумын нийгмийн хөгжилд зориулан 100 сая төгрөгийн хөрөнгө оруулахаар болжээ. Мөн уурхайн ажилчдын хотхоноос Дөрвөлжин сум хүртэл 20 км, Цагаан зам хүртэл 12 км, нийт 32 км сайжруулсан шороон зам барих зэрэг олон сайхан амлалтыг өгч байна. Харин долоон жилийн дараа нутгийнхан юутай үлдэх вэ.
Хонгорынхон шиг “хамуураад”, хоосон амлалтын золиос болох юм биш биз
Цианит натри болон химийн бусад бодис ашиглах зөвшөөрлөө төрийн холбогдох байгуулагуудаас хараахан авч амжаагүй байгаа ч энэ нь эдгээр хорыг ашиглахгүй гэсэн баталгаа биш. Алт олборлохын тулд цианит натри хэрэглэх нь тодорхой. Харин үүнд нь орон нутгийнхан болоод холбогдох мэдэлтнүүд нь хяналт тавьж чадах уу. Нуруулдан уусгах технологи ашигласан тохиолдолд тэр хавийн газар шороог нутаг орныхонд нь аюулгүйгээр унаган төрхөөр нь сэргээж чадах уу. Австрали улсын жишээ байна. Энэ орон уул уурхайн үйл ажиллагаа, технологиороо дэлхийд тэргүүлдэг. Гэтэл тэд нуруулдан уусгах аргыг хэрэглэсэн газар нутагт бий болсон хүчлийн цөөр өм бүхий нуурыг битүү цементлэн, цианит натрийн хордлогыг газарт нь булшилж дардаг юм билээ. Харин манайд шороогоор булаад, дээр нь мод тарьснаар химийн хорт бодисоос нутгийнхныг “хамгаалдаг” нь нүглийн нүдийг гурилаар хуурав гэгч болсоор байна. Уул уурхай шинэ тутам хөгжиж буй, туршлага багатай манай оронд цианит натрийг хортой, хоргүй гэсэн маргаан байдаг. Гэтэл олон улсад энэ химийн бодисыг ингэж үздэг юм байна.
Цианит натри хоргүй гэж үү
Хамгийн аюултай хор. Маш түргэн үйлчилгээтэй. Цианитийн ионууд цусан дахь гемоглобины ионы төвтэй тун хурдан зохион байгуулалтад ордогт энэ бодисын хамаг аюул нуугддаг аж. Ионууд ингэж цоо шинэ бүтэц үүсгэхдээ бие организм дахь хүчилтөрөгчийн хангамжийг бүрм өсөн хаадаг. Гемоглобин гэдэг нь хүн, амьтны цусанд байх төмөр агуулсан улаан бөөм бөгөөд уушгаар орж ирсэн хүчилтөрөгчийг цусанд шингээх үүрэгтэй. Энэ химийн бодисыг уул уурхайд ашиглах нээлтийг Шведийн алдарт химич Карл Вэлгэльм Шээлэ 1783 онд анх олжээ. Жирийн эм зүйчээс ажлаа эхэлсэн энэ химич Шведийн эзэн хааны академийн гишүүн байсан бөгөөд зарим эх сурвалжид бичигдэн үлдсэнээр цианит натри эрүүл мэндэд нь чимээгүй нөлөөлсөөр хордож үхсэн аж. Цианит натрийг гаднаас нь харахад давстай андуурмаар, тунгалаг талст хэлбэртэй. Онцлог нь усыг өөртөө дээд зэргээр шингээдэг. Тиймээс баяжмалаас алтыг нь ялгаж авахын тулд цианит натрийг усанд уусгаад алт бүхий шороонд шингээхэд л хангалттай. Уул уурхайн үйлдвэрүүдийн цианит натрийн хаягдал хүнд шууд нөлөөлдөггүй. Харин усаар дамжин маш том газар нутгийг ч асар богино хугацаанд хордуулдаг. Усанд шингэсэн хор нь ууршин агаарт шингэж, түүгээр амьсгалсан хүн хордох магадлал өндөр.
Уул уурхайнхан ашигласан цианит натрийгаа хүхрийн хүчлээр саармагжуулж, хоргүйжүүлдэг гэж өөрсдийгөө хамгаалдаг ч дэлхийн түүхэнд цианит натрийгаар байгаль орчныг хордуулсан олон гашуун түүх байдаг аж. Эдгээрээс хамгийн их шуугиан тарьсан нь 1985 онд АНУ-ын Суммитвайллэ, 1995 онд Гаяанагийн Омай, 1998 онд Киргизстаны Кумтор, 2000 онд Румыний Баяа Марэ, 2000 онд Папуан Шинэ Гвинейн Толукума, 2001 онд Гана улсын Тарквагийн ордын хэргүүд аж.
Харин манай “Хонгорын хордлогыг” монголчууд бид өөрсдөө л зөвшөөрдөггүй болохоос энэ жагсаалтын үргэлжлэл гэдгийг олон улсын шинжилгээ нотолдгийг дахин сануулахад илүүдэхгүй биз ээ.