БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөххот хотноо 2026 оны есдүгээр сарын 7, 8-нд Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн 16 дугаар форум амжилттай болж өндөрлөлөө.
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой энэхүү форумыг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл, Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл санаачлан зохион байгуулж, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хариуцан зохион байгуулав.
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн форум нь хоёр улсын хооронд ээлжлэн зохион байгуулагддаг уламжлалтай арга хэмжээ юм. Энэ удаагийн форумд БНХАУ-ын 60 гаруй, Монгол Улсын МСНЭ-ийн УЗ-ийн гишүүд нарын 40 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож, хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.

Форумын нээлтийн арга хэмжээний дараа “Хятад, Монголын найрамдлын тухай шилдэг бүтээл” шалгаруулах ёслол болж, хоёр талын хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санамж бичигт гарын үсэг зурах ёслол болов.
Мөн форумын хэлэлцүүлэгт Дэн Шяоцы, Э.Дагиймаа, Гэрэлт, И.Отгонжаргал, Чэнь Инчонь, Д.Дэлгэрмаа, Ли Шяоюй, Н.Цэлмүүн, Юн Шян, Б.Чинзориг, Бөхбуян, У.Уранцэцэг нар илтгэлээ хэлэлцүүлж, хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаа, туршлага солилцох болон хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх асуудлаар санал бодлоо хуваалцав.
Форумын хаалтын ёслолд Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Олон улсын харилцааны албаны дарга Фан Шиньрян, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга А.Дэлгэрцэцэг нар хаалтын үг хэлж, 16 дугаар форумыг албан ёсоор өндөрлүүллээ.
Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн 17 дугаар форумыг ирэх онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо.
Форумын дараагийн өдрөөс эхлэн 09 сарын 10-12-ний өдрүүдэд Монгол, Хятад улсын сэтгүүлччид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид Хөх хот дах Өвөр Монголын төв музейг үзэж сонирхон, Өвөр монголын Өдрийн сонин болон Радио телевизийн хороогоор зочиллоо.
Мөн хоёр улсын сэтгүүлчид Хятад улсын Сычуан мужийн Чэндү хотод хүрэлцэн очиж, Сычуан Их сургуулийн Хуанши амны хөндийн эмнэлэг, Жюйшень технологийн төв, хүн дүрст роботын Иноовацийн төв, Чэндү хотын Олон улсын Төмөр замын боомт, боомт дах чөлөөт бүсийн худалдаа, эртний Шү улсын эртний хятадын соёл иргэншлийн музей, Жяньнаньчүнь архины үйлдвэр болон Чэндү хотын фанда үржүүлэг, судалгааны бааз, Сычуань мужийн радио, релевизийн төвөөр зочилж, танилцан, мэдээ бэлтгэж ажиллажээ.
Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл

