Өмгөөлөгч Түгжсүрэнгийн Одгалтай ярилцлаа
Тэрбээр эрх зүйч, хүний эрхийн баталгааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд хууль зүйн салбарт 22 жил ажиллажээ. Анхан шатны шүүх, өмгөөллийн байгууллага, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албанд ажилласан туршлагаа тэрээр гишүүдийн эрхийг хамгаалах, Холбоог ил тод, бие даасан болгох ажилд зориулах зорилгоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа аж. Түүний хэлэх дуртай үг “Үнэнч, шударга, тууштай бай”.
– Таны хувьд өмгөөлөгчийн мэргэжлийн хамгийн сайхан тал юу вэ?
– Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил. Цаг үеэсээ хоцрохгүйн тулд байнга уншиж, өөрийгөө хөгжүүлж, хууль тогтоомж болон мэргэжлийн дүрэм журмаа нягтлан судлах шаардлагатай. Суралцаж, мэдэж, шинэ нөхцөлд дасан зохицох нь энэ ажлын нэг үнэ цэн юм.
– Таны гэр бүлийн хүмүүжил ажил мэргэжилд тань хэрхэн нөлөөлсөн бэ?
– Аав Нас-Уртын Түгжсүрэн Дундговь аймгийн Хулд сумын уугуул, физикч, одон орон судлаач, эрдэм шинжилгээний ажилтан байсан. Англи хэлний үгсийг өөрөө цээжилж, АНУ, Япон, Болгар, Орос, Англид хичээл зааж байсан бөгөөд 60 гарсан хойноо япон хэлийг бие даан сурсан. Ээж Ренчингийн Төмөрбаатар физикийн багш, сургуулийн тэнхимийн эрхлэгчээр ажилласан. Аав, ээжээс өвлөсөн үнэнч, шударга, тууштай байх сургаал маань амьдралын минь баримжаа болсон.
– Танай гэр бүл боловсрол, мэргэжлийг эрхэмлэдэг уламжлалтай юм байна
– Ах, дүү бид тавуулаа эмч, эдийн засагч, программист, санхүүч, эрх зүйч мэргэжил эзэмшсэн. Эрдэм мэдлэгт тэмүүлэх, хөдөлмөрөө хүндэтгэх хандлага гэр бүлд маань үргэлж чухал байлаа. Энэ суурь миний сонгосон мэргэжил, өнөөдрийн ажилд их нөлөөлсөн гэж боддог.
– Шүүхээс өмгөөлөлд шилжсэн туршлага танд юу өгсөн бэ?
– Анхан шатны шүүхэд ажилласан үеэс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хүний эрхийн баталгааны талаар бодит туршлага хуримтлуулсан. “Их Засаг” их сургуульд магистрын зэрэг хамгаалахдаа “Анхан шатны шүүхийн тогтолцоон дахь хүний эрхийн баталгаа” сэдвээр судалсан. Прокурор, мөрдөн байцаагч, шүүгчээр ажиллаж байгаад өмгөөлөгч болсон хүмүүс эрүүгийн чиглэлд өндөр мэдлэг, туршлагатай байдгийг анзаардаг. Тэдэнтэй хөл нийлүүлэн ажиллахын тулд өмгөөлөгч бүр өөрийгөө сайн хөгжүүлэх ёстой.
– Залуу болон ахмад өмгөөлөгчдийн харилцааг та хэрхэн хардаг вэ?
– Залуу өмгөөлөгчдийнхөө ажил үйлсийг дэмжих дуртай. Тэд бидний залгамж халаа бөгөөд эрчтэй хөгжиж байна. Ахмад үеийнхний хэмжээлшгүй туршлагаас суралцахын зэрэгцээ залуусын шинэ санаа, арга барилыг хүлээн авч, харилцан суралцах нь чухал. Мэргэжлийн хүрээнд хууль тогтоомжийн зөрчлийн талаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байсан нь ч энэ салбарыг тасралтгүй судлах шаардлагыг харуулдаг.
– Өмгөөлөгч, үйлчлүүлэгчийн харилцаанд ямар асуудал нийтлэг ажиглагддаг вэ?
– Зарим өмгөөлөгч хийсэн ажлаа бүртгэж, тэмдэглэдэггүйгээс үйлчлүүлэгч мэргэжлийн хөдөлмөрийн агуулгыг бүрэн ойлгохгүй байх тохиолдол гардаг. Тиймээс хийж буй ажил, хөлс, хугацаа, талуудын үүргийг эхнээс нь тодорхой ярилцаж, бичгээр гэрээ байгуулах хэрэгтэй. Үйлчлүүлэгч асуудлаа үнэн зөв, бүрэн мэдээлэх нь өөрийн эрх ашгийг хамгаалахад нь ч тустай. Өмгөөллийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд нийцүүлэн гэрээгээ нягт боловсруулах нь үл ойлголцол, ёс зүйн маргаанаас сэргийлэхэд чухал.

– Та манлайлал, удирдлагыг юутай холбож ойлгодог вэ?
– Миний хувьд манлайлал гэдэг зохион байгуулалт. Багаасаа ангийн дарга хийж, дараа нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албыг удирдахдаа зорилгоо тодорхойлох, хийх ажлаа төлөвлөх, үүрэг хуваарилах, биелэлтийг шалгахын чухлыг ойлгосон. Үүний зэрэгцээ хүнтэй зөв боловсон харилцах, уян хатан байх шаардлагатай.
– Холбооны эрх зүйн орчинд гарсан өөрчлөлтийг та хэрхэн үнэлдэг вэ?
– Монголын Өмгөөлөгчдийн Холбооны тухай хуультай болсноос хойш үйл ажиллагаанд эерэг өөрчлөлтүүд гарсан гэж хардаг. Энэ эрх зүйн орчныг бүрдүүлэхэд мэдлэг, хөдөлмөрөө зориулсан өмгөөлөгчдөдөө талархаж явдаг. Одоо байгаа ололтоо бататгаж, гишүүдэд илүү бодит үйлчилгээ үзүүлэх нь дараагийн чухал ажил.
– Өдөр тутам баримталдаг үг, зарчим тань юу вэ?
– “Хүн бай, зөөлөн бай” гэдэг үгийг хэлэх дуртай. Ажил, амьдралдаа энэ зарчмыг баримтлахыг хичээдэг. Мөн спортлог хүн. Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос зохион байгуулдаг спортын тэмцээнүүдэд оролцож, хамт олонтойгоо идэвхтэй цаг өнгөрүүлэх дуртай.
НЭГЭН ЗУУНЫ ХҮЧИРХЭГ ХОЛБОО
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл