Хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянана

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд амьдарч буй айл өрх, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын халаалтын зуух, түлшний хэрэглээ, угаарын хий мэдрэгчийн ажиллагаанд тооллого, хяналт шалгалт хийх ажлын хэсэг хуралдлаа. Хурлыг нийслэлийн Засаг даргын Агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөр хариуцсан зохицуулагч А.Амартүвшин ахалж, хэрэгжүүлж буй ажил болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн харьяа хяналт хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий агентлаг, дүүргүүдийн холбогдох албан хаагчид болон “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын албан хаагчид байнгын хяналт шалгалт, тооллогыг гүйцэтгэж байна.

Шалгалтад:

  • 3–15 кВт хүчин чадалтай халаалтын зуух ашиглагч айл өрхүүд,
  • 15–100 кВт болон 100 кВт-аас дээш хүчин чадалтай зуух ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулж, аюулгүй ажиллагааны зөвлөмж өгч байгаа юм.

Хурлаар хяналт шалгалтыг эрчимжүүлэх хүрээнд дараах гурван чиглэлээр үүрэг даалгавар өглөө

  • Хатуу болон ахуйн хэрэглээний хийн түлшний борлуулалтын цэгүүдэд шалгалт хийж, айл өрхийн угаарын хий мэдрэгчийн ажиллагаа, зуухны бүрэн бүтэн байдал, түлшний хэрэглээг хянах,
  • Дулаан, эрчим хүч үйлдвэрлэх, түгээх чиглэлээр уурын болон усан халаалтын зуух ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн түлшний хэрэглээ, зуухны ашиглалтын байдлыг шалгах,
  • Хатуу түлшний үйлдвэр, агуулах, борлуулалтын цэгээс дээж авч, дотоод болон олон улсын итгэмжлэгдсэн хөндлөнгийн лабораториор шинжлүүлэн дүгнэлт гаргахыг тус тус үүрэг болголоо.

Эдгээр арга хэмжээ нь хатуу түлшний чанар, стандартыг мөрдүүлэх, зуухны аюулгүй ажиллагааг хангах, түлшний зохистой хэрэглээг төлөвшүүлэх, угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдааныг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үг хэллээ

Эрхэм хүндэт ард иргэд ээ! Улс, аймаг, цэргийн цолтой хүчит бөхчүүд ээ! Анхдугаар Үндсэн хуулиа …