Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин” Монголд чөлөөт хэвлэл үүссэний 25, Монголын сонины холбоо байгуулагдсаны 15 жилийн ойд зориулан сэтгүүлзүйн салбарын хүндтэй эрхмүүдийн яриаг цувралаар хүргэж байгаа билээ. Урьд нь ихэвчлэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, өдөр тутмын сонины эрхлэгч гээд сэтгүүлзүйн салбарын томчуултай хөөрөлдсөн бол энэ удаад Монгол Улсын төрөөс гавьяат цол гуншин хүртээгүй ч өнөөдөр 25 жилийнх нь тухай ярьж байгаа Монголын чөлөөт хэвлэлд өөрийн орон зайгаа баттай эзэлж, анхны сонинуудын эхийг бэлтгэж явсан жирийн нэгэн эрхмийн яриаг хүргэж байна. Түүний авьяас, мэргэжлийн ур чадвар чөлөөт хэвлэлийн өнгөрсөн түүхэнд зайлшгүй үнэ хүндтэй юм.
-Монголд чөлөөт хэвлэл үүсч хөгжсөний 25 жил, Сонины холбоо байгуулагдсаны 15 жилийн ойн баярын мэнд хүргэе ээ. Найз минь урьдынхаараа л гялалзаж суух шив?
-Баярлалаа. Ерөнхийдөө “АSSA” сайтаа л хариуцаж сууна даа. Байгуулагдаад удаагүй ч хэрэглэгч, тандагчдын хүрээ нь өргөжиж л байна.
-Хоёулаа сэтгүүлзүйд хэрхэн хөл тавьсан талаар тань ярилцлагаа эхлэх үү?
-Тэгье тэгье. Би Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж байсан Л.Дашням гуайн Монгол мэдлэгийн их сургуулийг төгссөн.
-Сургуулиа төгсөөд л сэтгүүлзүй рүү хөл тавьсан уу?
-Монгол мэдлэгийн их сургуулийг төгсөөд л 1997 оноос “Ардын эрх” сонины шавь сургалтад хамрагдсан. Ц.Балдорж зэрэг сэтгүүлзүйн салбарын томчуудаар хичээл заалгаж байлаа. Хоёр төгсөлт хийсний сүүлчийн сургалтад нь хамрагдсан. “Ардын эрх” сонин, Ц.Балдорж эрхлэгчийн санаачлан хэрэгжүүлсэн тэр сургалтыг 20 орчим хүн төгсөж гарсан. Өнөөдөр таван жил орчим дээд сургуульд сураад олж авч чадахгүй байгаа мэдлэгийг зургаан сар “шавь” сургалтад суусан бид олоод авсан гэж бардам хэлнэ.
-Тэнд багшилж байсан хүмүүсийн сургалтын арга барилыг “онцгой” гэж ярьдаг л даа. Өөрөө тэр сургалтыг төгссөн хүний хувьд юу хэлэх вэ?
-Одоо эргээд бодож байхад гайхмаар үр дүнтэй сургалт байжээ. Хамгийн гол нь практик сургалтын ач холбогдол нь шууд л сургалт, дадлага хоёрыг хослуулдгаараа өнөөдрийн танхимын сургалтаас илүү. Жишээ нь сонины жижигхэн мэдээг яаж бичдэг юм, тухайн цагт болоод өнгөрсөн үйл явдлыг үнэн бодитой, дүрслэлтэй яаж мэдээлэх юм гээд үнэхээр их зүйл сургасан байна. Багш нар яг дэргэд байж самбар дээр “Ба, Бэ”-гүй бичиж ойлгуулж байсан нь “шавь” сургалтын давуу тал байж.
-“Ардчилал” сонин дээр хааяа нэг гардаг уншууртай, сонирхолтой нийтлэл Н.Түвшинбат автортай байдаг нь “шавь” сургалтын багш нартай холбоотой юу, эсвэл унаган авьяастай холбоотой юу?
-Энэ талаар урьд нь төдийлөн бодож яваагүй юм байна. Өнөөдөр “Өдрийн сонин”-ы Ж.Гангаа ахын бичсэн аян замын тэмдэглэл, тухайн улс орны энгийн дүр төрхийн талаар өгүүлсэн бичлэг, нийтлэлүүдийг уншихад ямар урамтай, уншууртай байдаг билээ. Уг нь Ж.Гангаа ах шал өөр мэргэжилтэй хүн юм шүү дээ.
Гэтэл сэтгүүлзүйн сургуулийг төгссөн хүүхдүүдээс хамаагүй илүү уншууртай бичээд байгаа юм. Би үүнийг л чөлөөт сэтгүүлзүй гэж ойлгоод байгаа л даа. Миний хувьд хааяа нэг “Ардчилал” сониндоо бичдэг л юм. Зарим нэг юм нь жаал уншууртай болсон юм болов уу гэж дотор хүндээ л хэлдэг дээ. Бид уншууртай хүний сэтгэлийг татсан нийтлэл бичихийн тулд өөрсдөө их боловсрох, ялангуяа маш их унших хэрэгтэй санагддаг.
-“Ардын эрх” сонины шавь сургалтыг тантай хамт төгссөн ямар хүмүүс өнөөдөр Монголын сэтгүүлзүйд ажиллаж явна?
-Манай төгсөлтийнхөн ихэнх нь сэтгүүлчээр ажилласан, ажиллаж байгаа. Сургалт дуусах дөхөөд ирэхээр хэвлэл мэдээллийн байгууллагууд руу шууд хуваарилдаг байсан. Одоо манай “Ардчилал” сонины гэрэл зургийн сурвалжлагч Ш.Отгонжаргал, “Өнөөдөр” сонины Г.Эрдэнэтуяа, “Үндэсний шуудан” сонины эрхлэгч Г.Отгонбаяр гээд байна аа байна.
-Ер нь “Ардын эрх” сонины шавь сургалтад хэрхэн хамрагддаг байсан юм бэ?
-“Шавь” сургалт явагдах гэж байгаа тухай зар явсан юм. Тэгээд шалгалт өгч байсан. Өнөөдрийн Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүлзүйн дээд курстэй ойролцоо ч сургалт нь түргэвчилсэн хэлбэртэй байсан юм. Тухайн үед Монголын чөлөөт хэвлэл, сонины зах зээлд сурвалжлагч, сэтгүүлчид зайлшгүй дутагдана гэдгийг олж харсан Ц.Балдорж эрхлэгч нарын алсын харааг зайлшгүй үнэлэх ёстой.
-Сэтгүүлзүйн мэргэжлийн хичээлийг ямар багш нар зааж байсан бэ?
-За даа Монголын сэтгүүлзүйн бүх л томчуул хичээл заасан даа. М.Зулькафиль, “Өдрийн сонин”-ы эрхлэгч Ж.Мягмарсүрэн, Б.Цогзаяабаатар нар багшилж байсан. Харин энэ сургалтыг ерөнхийд нь хариуцаж байсан И.Бадарч гуайн талаар тэр бүр ярьдаггүйд нь харамсаж явдаг. Гэрэл зургийн хичээлийг нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт гэрэл зурагчин М.Цэрэнжамц гуай заадаг байсан юм. Одоо эргээд бодож байхад М.Цэрэнжамц гуай шиг жинхэнэ сэтгэл зүрхнээсээ заадаг багш бий болов уу гэж бодогддог л юм. Тэр үе чинь хар цагаан зурагтай байсан үе шүү дээ. Зургаа авлаа, лабораторид нь угаалаа, гаргасан алдааг нь шууд халуухан яриад л өгдөг байсан.
-Өөрийн тань хувьд сонины эх боловсруулах, макет бэлтгэлийн чиглэлээр суралцсан уу?
-Үгүй үгүй. Сэтгүүлзүйн анхан шатны мэргэжлээр суралцсан.
-Шавь сургалтаа төгсөөд “Ардын эрх” сониндоо ажилласан уу?
-Үгүй. “Амьдрал” сонины редактораар очсон. Тэр үедээ их амжилттай ажиллаж байсан сонин л доо.
-Н.Түвшинбат гэдэг хүнийг өнөөдрийн чөлөөт хэвлэл, сонины зах зээлд ажилладаг хүмүүс гайгүй сайн мэднэ гэж бодож байгаа. Ер нь хэдэн оноос сонины макет бэлтгэж эхэлсэн юм бэ дээ?
-Өнөөдрийн шар сонин гэж яриад байдаг хэвлэлд л мэдээ, нийтлэл, фельетон бичдэг байлаа. Одоо “Залуу ком”-д ажиллаж байгаа Б.Отгонбаяр ах хамт ажиллаж байв. Яагаав нөгөө “Оюуны Ундраа”-гийн С.Отгонбаяртай хэсэг заргалдсан даа. 1990-ээд оны дунд үе гэдэг бол чөлөөт хэвлэл, “шар” сонины алтан үе байсан даа. Тэр үед “Хань”, “Хонгорзул”, “Жигшүүрт хэрэг” гээд жинхэнэ макет, эх бэлтгэлийн хувьд одоо ч гайхагдах сонинууд гарч байсан юм. Би “Хонгорзул” сонины эхийг бэлтгэж байлаа.
“Шар” гэж яриад байгаа сонинуудын дунд өнөөдөр ч макет, эх бэлтгэл ур үзэмжээрээ тэргүүлсээр байгаа энэ сонины эхийг бэлтгэх гэж хоёр хоног ажил дээрээ хонож байлаа. Хэдийгээр “Хонгорзул” сонинд чимхлүүр ажил асар их орсон ч одоо бодож байхад тэр үеийн сонинуудаас хамгийн зөв макеттай нь “Монголын нэг өдөр” гэж боддог. Сонины эхний нүүрний харьцаа, зураг, мэдээний байршил гэдэг их чухал байдаг. Нэн ялангуяа тухайн сонины тогтсон зарчим, хүний нүдэнд буух дүрслэл хамгийн чухал.
-Ингээд бодохоор аливаа сонины эхний нүүр гэдэг их учиртай юм байна шүү. “Хань”, “Хонгорзул” сонин өнөөдрийг хүртэл энэ зах зээлд амжилттай ажиллаж байгааг эх бэлтгэл, макеттай нь холбон ойлгож болно биз?
-Тэгж ойлгож болно. Би “Хонгорзул” сонинд нэлээн сүүлд очсон л доо. Тэр үед миний хувьд хийж байгаа ажил гарт орно ч гэдэг юм уу даа, нэг их түүртдэггүй болчихсон байсан л даа. Нэг сонины байрнаас нөгөө рүү нь таксидаж очоод одоо нэг жаахан эвгүй үгээр бол “халтуурдаж” байлаа. Гэхдээ би тэр үедээ үнэхээр эрэлт хэрэгцээ ихтэй байсан нь ажлаа муугүй хийдэг байсны нотолгоо л гэж бодож явдаг шүү дээ.
-“Монголын нэг өдөр” сонинд багагүй хугацаанд ажилласан байх аа. Л.Зоригт, Л.Төрбаяр ах нартай хамт ажиллаж байсан гэсэн үг үү?
-Тэгсэн тэгсэн. Ц.Баяраа, Л.Зоригт ах хоёр яг л зааж зөвлөөд явж байсан. Өнөөдрийн эрхлэгч байгаа Ш.Отгонцэцэг байсан. Ер нь “Монголын нэг өдөр” сонины анхны редакци нэг их өөрчлөгдөөгүй л болов уу.
-Монголын чөлөөт хэвлэлийн түүхийг өнөөдөр ч бичилцэж яваа “Сэрүүлэг”-ийн С.Баярмөнх, “Хань”-ийн Д.Батсүх, “Монголын нэг өдөр”-ийн Л.Зоригт ах нартай олон жилийн харилцаатай явж ирсэн юм билээ. Та нар хэрхэн холбогдож, ажил хэргээ явуулсан хэрэг вэ?
-1990-ээд оны дунд үед сонины макет бэлддэг, арай гайгүй чадварлаг эх бэлтгэгчид өнөөдрийнхийг бодвол цөөхөн байж. Тэгээд тэр цөөхөн хүмүүсийн тухай мэдээлэл амархан тархдаг байсан хэрэг л дээ. Яг үнэндээ гарын 10 хуруунд орохоор макетчин байсан гээд хэлчихэд буруудахгүй.
-Та нарын гарын ур, сэтгэлгээний онцлог тухайн үеийн “шар” сонины гүйлгээ борлуулалтад нөлөөлдөг байсан нь тодорхой. Өнөөдрийн сонин, тэр үеийн сонины ялгааг юу гэж харж байна?
-Тэр үе буюу 1990 оны эхэн үе хүмүүсийг яах аргагүй мэдээллийн өлсгөлөнд оруулсан үе байж. Худалч хүнд тэр үед хоёр үг холбоод бичихэд шүүрч аваад уншиж байсан үе юм шүү. Маш их сенсаци хөөцөлдөж байж. Нийгэмд ямар ч мэдээлэл өгөхгүй, ач холбогдолгүй юмнууд тараадаг байж. Түүнийхээ хэрээр ч аймшигтай, хүнд гэмт гэмт хэрэг гардаг байж. Би тэгж л боддог.Тухайн үед “Зиндаа” сонинд ажиллаж байхдаа “Монголын нэг өдөр” сонинд давхар ажилладаг байлаа. Өдөр, шөнөгүй ажиллаж байсан юм шүү. Одоо та нар итгэхгүй дээ. Долоо хоногт завсар зайгүй сонин хийж байсан. Хажуугаар нь сэтгүүлүүд тасардаггүй байлаа.
-Тэр үед гарч байсан “шар” сонинуудыг одооо харахад наргиантай ч юм шиг, инэээдтэй ч юм шиг харагдаад байдаг л даа?
-Ингэж дүгнэх нь ямар ч утга учиргүй юм. Одоо жишээ нь “Хань” сониныг аваад үз л дээ. Макетны хувьд урьд байгаагүй, өвөрцөц гэвэл маргах хүн байхгүй. Гэтэл анх гарсан цагаасаа хойш 20 жил тасралтгүй уншигчдын унших дуртай, хайртай сонин байсаар л байна. Энэ нь юуг хэлээд байна гэвэл тухайн сонины гадаад өнгө төрхөөс гадна нийтлэлийн бодлого, сэтгүүлчдийнх нь чадвар гэдэг хамгийн чухал гэдгийг л харуулж буй хэрэг. “Хань” сонин орон нутагт хамгийн их захиалга авдаг сонин шүү дээ. Ингэхээр “Хань” сонины эрхлэгч Д.Батсүх ах орон нутгийн уншигчид юуг илүү их сонирхож байгааг олоод харчихсан хэрэг. Сонин гэдэг чинь бизнес, мөнгө олох талбар шүү дээ. Энэ талбарыг яаж хамгийн оновчтой ашиглах, хэрхэн чадвартай ажиллахаас л энэ салбарт илүү олон жил амжилттай ажиллах нь шалтгаална.
-“Зиндаа” сонины захиалга гуравхан хоногийн дотор 10 гаруй мянгаар нэмэгдэж байсан гэх юм билээ. Энэ ажлыг та бүхэн хэрхэн яаж амжуулсан юм бэ?
-Гурван орой ярилцсан юм аа. “Зиндаа” сонины хажууд “Хийморь” гэдэг сонин гардаг байв. Тэр сониныг эрхлэн гаргагч маань Цэргийн начин А.Тэгшээ гэдэг ах минь байлаа шүү дээ. Тэгээд манай хоёр сонины редакци хуралдсан юм. Бөөн юм болсон. Тэгтэл “Хичээлийн шинэ жил эхлэх гэж байна.
Хүүхдүүдэд үлдэцтэй хожим хэрэгтэй ажил хийе гэсэн миний санал дэмжигдэж олонхын санал авдаг юм байна. Тэгээд Монгол-Орос, Монгол-Хятад, Монгол-Япон, Монгол-Солонгос гээд хийе гэсэн. Тэгсэн чинь манайхан 100 хувь дэмжсэн. Үндсэндээ дөрвөн ярианы дэвтэр хийсэн нь одоо ч хэрэглэгдэж байгаа шүү. Бүгд нийлээд 700 гаруй хуудас ном болсон.
-Та өнөөдөр Монголын чөлөөт хэвлэлд яах аргагүй 20 гаруй жил ажиллаж яваа юм байна. Харин хамгийн их гар нийлж явсан хүн гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Хамгийн их гар нийлсэн сэтгэлд үлдсэн хүн гэвэл Мандахбаярыгаа л хэлнэ дээ. За бас зурхайч Л.Тэрбишдагва гуайн хуанлийг дурсах хэрэгтэй гэж бодож байна. Яагаад гэвэл “Зиндаа” сонины захиалгын гүйлгээнд Л.Тэрбишдагва гуйан хуанлийг оруулсан юм л даа. Энд нэг юм хэлэхэд Л.Тэрбишдагва гуайн хуанлийг Улаанбаатарт ирэхээс өмнө хэдэн мянган хувиар хуурамчаар үйлдээд авч ирээд тарааж байсан юм. Би тэрийг нь харж л байлаа. Тэр ч үүднээс оюуны эрхээ хамгаалах гэж Л.Тэрбишдагва гуай Мандахбаяртай тухайн үедээ 60 сая төгрөгийн гэрээ байгуулж байсан. Л.Тэрбишдагва гуайн тэр хуанли урд 110 мянган хувь хэвлэгдэж ирээд ямар ч ашиг олоогүй л дээ. Бид чинь Нарантуул захаас өдөрт 20 гаруй хуурамч хэвлэл зарагчдыг барьдаг байлаа шүү дээ.
-За бид хоёрын ярилцлага өндөрлөж байна. Монголын Сонины холбоо байгуулагдсаны 15 жилийн ойд зориулаад юу хэлэх вэ?
-“Өглөөний сонин”-ы энэ цуврал ярилцлагыг зарим нэгийг нь уншсан. Монголын сэтгүүлзүйд гавьяа байгуулсан эрхэм хүндтэй хүмүүсийн араас өчүүхэн ярилцлага өгөх боломж олгосонд үнэхээр их баярлалаа. Монголын Сонины Холбооны 15 жилийн ойг тохиолдуулан нийт сэтгүүлч та бүхэндээ ажлын амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсье.
Д.Энхтүвшин