Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Сургууль байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/1127 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын 2013 оны A/354 дүгээр захирамжаар томилогдсон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох” шинжээчийн Ажлын хэсгийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дүгнэлтийн дагуу Технологийн дээд сургуулийн дэргэдэх “Технологийн ахлах сургууль”-ийг байгуулахаар боллоо.
Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан, сургуулийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, багшлах боловсон хүчний чадавхийг сайжруулан ажиллахыг үүсгэн байгуулагчид үүрэг болголоо. Шинээр байгуулагдсан сургуульд холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг нийслэлийн Боловсролын газарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэст, үр дүнгийн гэрээ байгуулж, статистик мэдээнд хяналт тавьж ажиллахыг Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоод даалгалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.