Энэ онд коксжих нүүрсний зах зээл тогтворжино

imagesЭрдсийн зах 2014 онд

Коксжих нүүрсний зах зээл тогтворжино

Одоогийн байдлаар Австралийн коксжих нүүрсний FOB үнэ 122-137 ам.доллар/тонн байна. Харин CFR нөхцөлтэй үнэ нь 151 ам.доллар/тонн байна. Оны эхэнд коксжих нүүрсний үнэ 160 ам.доллар/тонн байсан бол аажмаар буурсаар өнгөрсөн зургадугаар сард шалдаа бууж, 123 ам.долларт хүрсэн юм. Хэдийгээр үнэ оны сүүлийн улиралд харьцангуй өсөх хандлагатай болж ирсэн ч одоо эргээд нэлээд доогуур түвшиндээ хүрээд байна. Ерөнхийдөө энэ жил коксжих нүүрс олборлогчид хэрхэн ашиг хийх вэ гэхээсээ илүүтэй хэрхэн алдагдалгүй ажиллах вэ гэсэн “бодрол”-д автсан жил байлаа. Ирэх он гарсаар коксжих нүүрсний үнэ өсөх таамгийг зарим шинжээч хэлж буй ч, худалдан авагч тал тодруулбал Хятадын гангийн үйлдвэрүүд одоогийн үнээр эсвэл үүнээс доогуур үнэлгээгээр нүүрс авах сонирхолтой байгаа юм.

Нөгөөтэйгүүр энэ оны зах зээлийн таагүй байдал Монгол нүүрст ихээхэн хүчтэй “цохилт” болсныг тэмдэглэе. Ерөнхий нөхцөл байдал харьцангуй сайжирч буй ч хилийн үнэ сэргээгүй хэвээр байсаар. Хятадын гангийн бүс нутгуудад коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 50-70 юань/тонноор нэмэгдээд байгаа бол хилийн бүс болон Өвөрмонголын хэсэгт үнийн өөрчлөлт гараагүй тун доогуур хэвээр байна. Тодруулбал, Сэхээ боомт дээр хагас коксжих нүүрс нэг тонн нь 400 юань/тонн байгаа бол Ганцмод боомтод сайн чанарын коксжих нүүрс 550 юань/тонн байгаа нь Хятадын бусад нутаг дахь зах зээлийн сэргэлтээс Монгол нүүрс ангид байна гэсэн үг юм.

АНУ-ын олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллага “Moody”-гийн үзэж буйгаар энэ жилийн эрдсийн зах зээлийн таагүй байдал 40 сая тонноос илүү олборлолт бүхий коксжих нүүрсний уурхайг хаагдахад хүргэжээ. Энэ байдал цаашид ч үргэлжилж, ирэх оны дунд үед зах зээлд үнийн өсөлт авчирч мэдэхээр байна. Тодруулбал, ирэх жилийн эхэнд  коксжих нүүрсний үнэ 150-160 ам.доллар/тонн, дунд үе гэхэд АНУ, Австралийн олборлолтын зардал өндөртэй уурхайнууд зах зээлээс шахагдсанаар үнэ 170-175 ам.доллар/тонн болж өсөх таамаг дэвшүүлжээ. Гэхдээ “Moody” ирэх онд зах зээлд нийлүүлэлтийн илүүдэлтэй байна гэж үзэж байна. Австралид шинэ төслүүд ашиглалтад орохын зэрэгцээ газарзүйн хувьд АНУ-ыг бодвол гол зах зээлд ойр учир тус улсын нүүрсний өрсөлдөх чадвар илүү сайн байх ажээ.

Хятадын коксжих нүүрсний импорт 2018 он гэхэд 23 хувиар өсч, 108 сая тоннд хүрэх таамгийг  Австралийн нөөц баялаг, эрчим хүчний эдийн засгийн газар  гаргаад байна.  Үүнээс үзэхэд коксжих нүүрсний зах зээл аажимдаа сэргэх хандлагатай харагдаж буй юм. Гэхдээ энэхүү таамаг нэлээд өөдрөг тооцоолол гэдгийг тэмдэглэе. Учир нь эрдэс баялгийн судалгааны гол байгууллагуудын нэг “Macquarie” мөн онд Хятадын импортын үзүүлэлт энэ жилийнхээс ч доогуур буюу 66 сая тонн байна гэж таамаг дэвшүүлжээ.

Хятадын коксжих нүүрсний импорт энэ оны эхний арван сарын байдлаар 60.8 сая тоннд хүрээд буйг Хятадын гаалийн ерөнхий газраас мэдээлж байна. Судалгааны байгууллагуудын мэдээлж буйгаар энэ онд Хятад улс 71 сая тонн коксжих нүүрс импортлох төлөвтэй байна. Энэ нь Хятадын хувьд коксжих нүүрсний импортын хамгийн оргил үзүүлэлтэд тооцогдохоор байна. Тус улсын хувьд энэ жил коксжих нүүрсний импортоороо Японыг ардаа орхиж, дэлхийд тэргүүлэх байр  эзлээд буй юм. үргэлжлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …