Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдаад 22 жил болжээ. Жарнаар тооцвол гуравны нэг нь гэсэн үг. Хүмүүний амьдралаар тооцвол тэр үед дөнгөж мэндэлж асан хүүхэд аль хэдийнэ эрийн цээнд хүрч, жагссан эр болж. Анх хуульч мэргэжлийг эзэмших гээд Их сургуулийн оюутны ширээний ард суусан анхны өдөр, анхны хичээл болох “Мэргэжлийн удиртгал” хичээлийг доктор, профессор Т.Сэнгэдорж багш маань орж байсан нь тод санагдана. Багшийн биднээс асуусан анхны асуулт нь “Үндсэн хууль гэж юу вэ?” гэх асуулт байв. Бид ч “ногооноороо” амьтад юун багшийн асуултад хариулах зориг байтугай нь л байлаа тэр үед. Тэгсэн манай ангиас нэг зоригтон тун итгэл дүүрэн гар өргөдөг байгаа. Одоо шүүгч болчихсон “Төрийн нэрийн өмнөөс” гээд л уншиж буй нэгэн л дээ. Мань хүн хэлж байна аа. “Үндсэн хууль бол гол хууль юм аа” гэж. Багш ч “Зөв л дөө. Гэхдээ чи арай дэлгэрүүлээд хэл дээ” гэв. Хариулт нь “Үндсэн хууль бол тулгуур хууль юм”. Багш дахиад л лавшруулан “Зөв, зөв. Чи арай өөрөөр нэг хэл дээ” гэсэн чинь зоригт эр маань “Үндсэн хууль бол маш чухал хууль юм” гэж авдаг байгаа…
Энэ дурсамжийг өгүүлэхийн учир нь нээрэн л түүнтэй адил Үндсэн хуулийн талаарх ойлголттой хэсэг нь нийгэмд өнөө ч зонхилдог гэдэгт миний бие одоо ч эргэлздэггүйд буй хэрэг. Энэ нь Үндсэн хуулийг, түүний мөн чанарыг сайн ухаагүй тэр хэсгийн ч буруу бас биш юм. Үнэндээ 1992 онд шинэ Үндсэн хуулиа сэтгэл бахдан баталж байсан 400 гаруй депутатын олонхи нь ч чухамхүү Үндсэн хуулийнхаа язгуур үзэл баримтлалыг ойлгож баталж байсан гэдэгт одоо ч би итгэдэггүй. Ямар сайндаа л хүн нь биш, мал нь “үндэсний баялаг” болж байхав. За тэр ч яахав. Ингээд халиад байвал шинэ Үндсэн хуулиас чамгүй л “юм” олж харна. Энэ удаад миний бие Үндсэн хуулийн гуравдугаар бүлэг буюу ТӨРИЙН БАЙГУУЛАЛ гэх хэсэг, тухайлан эрх мэдэл хуваарилах зарчим, үзэл санаа өнөө хэр төвшинд утгажиж буйд анхаарал хандуулахыг хүслээ. Цаг нь ч болж, хэтэрсэн үү л гэхээс биш… Учир нь манай улс төр, парламентат ёсны практик нь анх бодож сэдэж асан эрх мэдэл хуваарилах онолын зарчим, үзэл санаанаасаа зарим үед гажин бодолтой болон бодлогогүй жишгийг улам бүр бордож буйтай шууд холбоотой юм. Иргэдийн дунд энэ улсын эзэн нь хэн болох, хэн хамгийн том дарга нь болох, төрийн гурван өндөрлөг гэх мэт зорилгогүй мэт боловч үр дагавар нь таатай бус хандлага угшаад уджээ. Ерөнхийлөгч нь Засгийн газрынхнаа дуудаад загнадаг юм байна, тэгэхээр тэр “хаан” юм байна гэх үзэл эцэстээ хэнд ашигтай юм бэ. Тэр “хаан”-д ашигтай юу, “албат” олонд уу? Эсхүл УИХ бол төрийн эрх барих ДЭЭД байгууллага учраас юу дуртай, хүссэнээ ард түмний нэрийн өмнөөс шийдэж болно гэх нь ер нь зөв үү, буруу юу. Засгийн газар нь ч гэсэн УИХ-ынхаа гишүүдийн дөрөвний нэгийн төлөөллөөс дангаараа бүрдчихээд “Надад хууль хамаагүй ээ” гэж хэлтлээ элийрчихсэн сууж байх нь ер нь эрүүл хандлага мөн үү?
Үндсэн хууль бол иргэддээ үндсэн эрх, эрх чөлөөг нь эдлүүлэхийн хамт ард түмэн төрийнхөө эрхийг хазаарлах дээд хяналт юм. Үндсэн хуулийн зүйл, заалтыг нэг бүрчлэн ухаж үзвэл УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын бүрэн эрх, харилцан уялдаатай холбогдсон нэлээдгүй хэм хэмжээ байна. Тухайлбал, УИХ ба Ерөнхийлөгчийн харилцааны тухайд Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэл буюу төрийн эрх мэдэл хуваарилалтын “зангилаа”, “гүүр, холбогч” болох нь тун тод анзаарагдана. Хууль тогтоох /УИХ/, гүйцэтгэх /ЗГ/, шүүх эрх мэдлийн алинд нь ч түүнийг шууд тухайлан Үндсэн хуулиар хамааруулсангүй. Уг нь Ерөнхийлөгчийн засаглалтай улсад Ерөнхийлөгч нь гүйцэтгэх эрх мэдэлдээ харьяалагдаж, тэргүүлдэг л дээ. Ойрхны жишээ нь АНУ, ОХУ гээд л байна. Засгийн газрын танхимыг бүрдүүлэх талд Ерөнхийлөгч илүү жин дарж, эрх мэдэлтэй байдаг учраас тэр л дээ. Хэрэв парламент нь Засгийн газрыг нь Ерөнхийлөгчийн тааллаар нь бүрдүүлж өгөхгүй бол парламентаа тараах хүртэл эрх Ерөнхийлөгчид нь байдаг учраас тэр. Тэр утгаараа манай улс Ерөнхийлөгчийн засаглалтай улс биш юм. Харин ч эсрэгээрээ Ерөнхийлөгч нь олон зүйл дээр парламентаасаа хамааралтай байдаг. Жишээ нь: Ерөнхийлөгчид зөвхөн УИХ-д суудалтай нам нэр дэвшүүлэх эрх эдэлдэг. Энэ нь тэр хаанаас нэр дэвших мандатаа өвөртөлж буйг тодорхой хэлсэн хэрэг. Үүнийг бүр нотолсон заалт нь Ерөнхийлөгч хэдийгээр нийт ард түмнээс сонгогдсон ч гэсэн түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хуулийг УИХ баталж байж сая үндсэн ажилдаа ордог явдал юм. Үүнийг зүгээр нэг ёслолын ажиллагаа мэтээр бас андуурч болохгүй. Учир нь хэдийгээр Төрийн тэргүүн маань ард түмний саналаар сонгогддог ч түүнийг чөлөөлөх, огцруулах эрхийг УИХ-д Үндсэн хууль олгосон юм.
“Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ-аар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар огцруулна. Ерөнхийлөгчийг түр эзгүйд бүрэн эрхийг нь УИХ-ын дарга хэрэгжүүлнэ. Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу УИХ хүчингүй болгоно. Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцна” гэх Үндсэн хуулийн заалтууд нь угтаа манай улсыг парламентын засаглалтайг эргэлзээгүй нотолсон хэрэг юм. Ерөнхийлөгчид хариуцлага ногдуулсан, шийдвэр, зарлигийг нь УИХ хянан үзэж, хүчингүй болгох санаачилга гаргаж байсан, Ерөнхийлөгч хэрхэн УИХ-д ажлаа хариуцсан туршлага энэ 22 жилд гарсангүй. Тийм болоод ч тэрүү УИХ ийм эрхтэй, чиг үүрэгтэйгээ ч мартталаа, УИХ-ын гишүүд нь Ерөнхийлөгчөө өөрсдийнхөө “даргын дарга” гэж харж ханддаг болтлоо “доошоо оржээ”. Жишээ нь, өнөөдөр УИХ Ерөнхийлөгчийн шийдвэрүүдийг хянаж, тэдгээр нь бүрэн эрхийнхээ хүрээ хязгаарт багтаж буй эсэх, хуульд нийцэж буй эсэхийг хянаж үздэг зохион байгуулалтын хэлбэр, жишгийг бүрдүүлэх нь бүү хэл энэ тухайд санаж сэрэхээ ч анзаарах сөхөөгүй байгаа нь хэнд ч нууц биш.
Миний бие Ерөнхийлөгч УИХ-ын хооронд “яс хаях” атгаг санаа өвөртөлж ийн өгүүлээд байгаа хэрэг биш юм. Энэ нь ердөө л Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны хүрээ хязгаар ХУУЛЬ юм шүү гэдгийг дахин дахин нотлох гээд буйд учир нь байгаа юм. Жишээ нь, хамгийн сүүлд гэхэд Ерөнхийлөгч бүх шатны шүүгчдийг чөлөөлөөд дараа нь томиллоо. Ингэхдээ ямар нэгэн хууль зүйн үндэслэл, шалтгаан нэрлэлгүйгээр 10 гаруй шүүгчийг томилсонгүй. Шуудхан хэлэхэд чөлөөлчихлөө гэсэн үг. Гэтэл Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 4-т зааснаар “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно” гэж заасан байна. Дээрх 10 гаруй шүүгч өнөөдөр хуулийн ямар үндэслэлээр чөлөөлөгдсөнөө мэдэхгүй, зарлигт нь энэ тухай байхгүй байж л байна. Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн нь маргаангүй болж таарч байх шиг. Тэгээд яах вэ энэ тохиолдолд…? Үндсэн хуульд хариулт нь тов тодорхой байна. Ерөнхийлөгч өөрөө алдаагаа зас, хэрэв засахгүй бол УИХ тэрхүү зарлигийг нь хуульд нийцүүлж зас гэж. Хэрэв энэ талаар аль аль нь алхам хийхгүй бол Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргаж, түүнийх нь дагуу УИХ Ерөнхийлөгчийг огцруулах хүртэл асуудлыг ярихыг Үндсэн хууль “үүрэг болгосон” байна. УИХ-ыг ч бас Ерөнхийлөгчөө хүртэл бүгдийг нь атгадаг, дураараа авирлах боломжийг Үндсэн хууль олгоогүй юм. Тухайлбал, Үндсэн хууль УИХ-ыг тараах болон тарах тухайд Ерөнхийлөгчид САНАЛЫН ЭРХ олгосон байдаг. Үүнд УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн УИХ-ыг тараах санал болгох эрхтэй юм. Мэдээж эцсийн шийдвэрийг УИХ гишүүдийнхээ гуравны хоёроор гаргана лдаа. Мөн Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай шийдвэр гаргана гэж Үндсэн хуульд заажээ. Энэ бол нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчөөр дамжуулж парламентыг ард түмний хяналтын хүлээснээс алдууруулчихгүй байлгах, төрийн тогтвортой залгамж чанар, дархлааг хадгалах чин хүслээс эхтэй зохицуулалтууд юм. Аль аль нь мөн шинэ Үндсэн хууль хэрэгжсэн 22 жилийн түүхэнд туршигдах боломж олдоогүй байгаа заалтууд. Гэхдээ энэхүү биежээгүй бүрэн эрхээс илүүтэй парламентад тавих хяналтын хамгийн бодитой эрх нь VETO буюу парламентын шийдвэрт хориг тавих эрх юм. Үндсэн хууль ёсоор Ерөнхийлөгч “УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих” эрхтэй бөгөөд хоригийг УИХ-ын нийт гишүүний гуравны хоёр нь буюу 26 гишүүн хүлээн авбал уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр бус болдог. Үүнийг ард түмэн Ерөнхийлөгчөөрөө уламжлан парламентдаа тавьж хяналтын маш том эрх гэж ойлговол зохилтой. УИХ-ын 25 гишүүн+Ерөнхийлөгч=УИХ-ын 50 гишүүн гэж ойлгож ч болмоор. Ерөнхийлөгч дангаараа 25 хууль тогтоогчтой эн тэнцүү саналын эрх эдэлж байна гэх утгаар шүү дээ. Сүүлийн 22 жилд хамгийн түгээмэл хэвшил болсон жишиг бол энэхүү ХОРИГ юм. Гэхдээ энэхүү ХОРИГ голдуу /бараг 100%/ хууль дээр тавигдаж ирсэн байдаг. Үндсэн хуулийн утгаас харахад Ерөнхийлөгч хоригоо хуулиас гадна УИХ-ын “бусад шийдвэр” дээр ч тавьж болохоор нээлттэй орхисон. “Бусад шийдвэр” гэдгийнх нь хүрээ хязгаарыг тухайлан Үндсэн хуулиар заагаагүй. Энэ юу гэсэн үг вэ? Миний бодлоор, Ерөнхийлөгч тодорхой ХҮНий асуудал, бүр тодруулбал УИХ-ын бүрэн эрхийн хэмжээний томилгоо, чөлөөлөлттэй холбоотой шийдвэрт ч хориг тавих хууль зүйн боломж нээлттэй байх шиг. Жишээ нь, Засгийн газрыг бүрдүүлэх, Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьж болох нь ээ?!! Энэ сэдвийг ингэсгээд нээлттэй орхиё.
Энэ удаад УИХ ба Ерөнхийлөгчийн институцийн тухайд Үндсэн хууль юу өгүүлж буй талаар зах зухаас нь л хөндлөө. Засгийн газар, шүүх, нутгийн өөрийн удирдлагын эрх мэдэлтэй цогцоор нь авч үзэж байж Үндсэн хууль төрийн эрх мэдлийг хэрхэн хуваарилсан үзэл баримтлалыг ухаж таних нь тодорхой. Гэхдээ УИХ ба Ерөнхийлөгчийн харилцан хамаарал, үйлчлэлийн талаарх дээрх Үндсэн хуулийн иш санаа бидэнд нэг л зүйлийг өгүүлж байна. Тэр нь Үндсэн хууль УИХ ч бай, Ерөнхийлөгч ч бай аль нэгэнд нь илүү их эрх дарх өгөх тун чиг сонирхолгүй байгаа бөгөөд тийнхүү нэг нь нөгөөгөө хэт эрх атгандаа байлгахыг тэвчихгүй гэдгийг хэлж байна. Угаас төрийн эрх мэдлийг хуваарилахын мөн чанар аль нэг эрх мэдэл нөгөөгөөсөө аль болох бие даасан, хараат бус, бас харилцан хяналттай байхад л оршдог. Үүнийг улам бүр төгөлдөршүүлэх нь хууль тогтоогчийн Үндсэн хуулийн өмнө хүлээсэн эн тэргүүний үүрэг юм. Тэрхүү төгөлдөршил үндэсний зөвшилцлөөр л дамжин утгажина.
Баттөмөрийн Энхбаяр
Эх сурвалж: http://www.unen.mn