Монголчууд үнээний сүүнээс “инсулин” гаргаж авна

7812_593656464057829_1745853766_nМонголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг олон улсад таниулах зорилго бүхий хамтын ажиллагааны санамж бичгийг “Монголын брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо” /МББҮХ/, Хөдөө аж ахуйн их сургууль /ХААИС/-тай хамтран байгуулж, гарын үсэг зурах ёслол боллоо.

Ёслолын ажиллагаанд МББҮХ-ны ТУЗ-ийн дарга Б.Балжинням, ТУЗ-ийн гишүүн Н.Ганбямба болон ХААИС-ын захирал, доктор профессор Т.Хэрүүга, Инноваци бизнес эрхэлсэн дэд захирал доктор профессор Д.Эрдэнэбаатар нар оролцсон юм.

Дэлхийд танигдсан Монголын хөдөө аж ахуйн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тус хоёр байгууллага хэрхэн хамтран ажиллах талаар ХААИС-ын захирал, доктор профессор Т.Хэрүүгагаас тодрууллаа.

–          Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд ямар ямар ажлуудыг хийх вэ?

Судлагааны сургууль болох зорилт тавин ажиллаж байгаагийнхаа хүрээнд хэрэгжүүлж буй чухал ажлуудын нэг нь хөдөө аж ахуйн салбар дахь Монголын брэнд бүтээгдэхүүнийг бий болгох юм. Тиймээс бид МББҮХ-той хамтран дээрхи төсөл дээр хамтран ажиллахаар болсон. Хамтын ажиллагааны хүрээнд брэнд бүтээгдэхүүн бий болгоход гол үндэс болох “сургалт, судалгаа, туршилт, бизнес маркетинг” гээд бүхий л тал дээр ажиллана. Ер нь бие биенийхээ хийж чадахгүй байгаа зүйлийг нөхөж, чадах бүхнээрээ хамтран ажиллах болно.

–          Хэдий хэр хугацаанд хамтран ажиллах вэ?

Санамж бичиг хугацаагүй байгаа. Гэхдээ ирэх долоо хоногоос бид уулзаж гурван жилийн хугацаатай “Монгол улсад брэнд бүтээгдэхүүн бий болгох хамтарсан хөтөлбөр” боловсруулна. Хөтөлбөр дотор жил жилийн ажлын төлөвлөгөө гарна.

–          Хөдөө аж ахуйн яг ямар бүтээгдэхүүн брэнд болох боломжтой байгаа вэ?

ХААИС дээр 2013 оны дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн “Экологид ээлтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь” нэртэй төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийн хүрээнд хийгдэх зарим нэг ажлыг брэнд бүтээгдэхүүн болгох нь 2014 онд хийгдэх чухал ажлуудын нэг хэсэг болон төлөвлөгдсөн.

Малын гаралтай ноос, ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийд мэдэх болсон. Үүнээс гадна монгол малын сүү, айраг, ээзгий, гээд цагаан идээг брэнд болгох боломжтой. Мөн манай бэлчээрийн малын эрдэс шим агуулсан мах махан бүтээгдэхүүн, борцыг дэлхийд танигдсан брэнд болгоход нэлээд дөхөм.   Цаашлаад монголын хөрсөнд ургасан жимс жимсгэний үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүн гарган авна.

Юутай ч бид одоогоор “үнээний сүүнээс “инсулин” гаргаж авах, адууны чөмгөнөөс “могойн хор тайлах” бодис гаргах” гэсэн эм бэлдмэл гаргах төслүүд дээр гадны байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Үүнээс гадна “Ааруул” төслийг хэрэгжүүлж яг гэрийн нөхцөлд хийсэн шиг шим тэжээл бүхий ааруулыг үйлдвэрийн орчинд үйлдвэрлэх судлагааг явуулж байна.

–          “Инсулин” гаргаж авах талаар дэлгэрүүлээч?

Францын Арева компанитай хамтран  5 жилийн хугацаанд хэрэгжих 50 сая төгрөгийн төсөл байгаа. Төслийн хүрээнд Улаанбаатар хотоос 60 км зайтай, 30 га газарт “Хөдөө аж ахуйн био технологийн парк” байгуулна. Парк маань брэнд бүтээгдэхүүнүүдийг бойжуулж гаргах хамгийн том төв болох юм.

–          Тэгвэл ХААИС-иас эдгээр парк болон төслүүд дээр ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хэрхэн анхаарч байна?

ХААИС-д 10 мянга гаруй оюутан есөн бүрэлдэхүүн сургуульд баклавар, магистр, доктрын зэргээр суралцаж байна. Харьяа дүүргийн эрдэм шинжилгээний хүрээлэндээ оюутнууд судлагаа шинжилгээ явуулдаг томоохон нэгж.

Дээр дурьдсан “Био технологийн хүрээлэн” байгуулах төслийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарт ажиллах 500 био технологичийг бэлтгэх хөтөлбөр багтсан байгаа. Энэ 500 хүн маань ХАА чиглэлээр баклаврын зэрэг эзэмшин улмаар Монголдоо 6 сар, Францд 6 сар хэлний бэлтгэлд суралцна. Ингээд үлдсэн 12 сарын хугацаанд Франц улсдаа био технологийн үйлдвэрлэл дээр ажиллах юм.  Төгсөж ирээд эх орондоо баригдсан байх “Хөдөө аж ахуйн Био технологийн хүрээлэн”-дээ ажиллана.

Үүнээс гадна олон улсын JAICA байгууллагатай хамтран “ХААИС-ийн сургалтын чанарыг бэхжүүлэх” гурван сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр болсон. Мөн сургалт, судалгааны 4,8 сая ам.долларын гэрээг өчигдөрхөн байгуулаад байна.

ХААИС дээр ийнхүү олон улсын шинж чанартай томоохон сургалт, судалгаа бизнесийн төслүүд хэрэгжээд эхэлхээр “хүний нөөц бэхжиж, сургалт судалгааны орчин сайжирч” цаашдаа бидний хүсэж мөрөөдөж буй брэнд бүтээгдэхүүн бий болоход алхам алхмаар ойртох юм.

index

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …