Намын удирдагчдын нэр хүнд…

7c55f94ebe6c8b3bbigСаяхан Хятадууд Мао Цэдун даргынхаа 120 насны ойг тэмдэглэж, зарим нь цул алтаар хүртэл хөшөө босгов. Нам төр удирдагчаа хүндэтгэнэ гэж үүнийг хэлдэг ажээ. Манайхан коммунист нам коммунист удирдагчийнхаа ойг тэмдэглэж байгаа биз гээд шал тоохгүй байгааг би сайн мэдэж байна. Энэ бол түүхээ хүндэтгэдэг, нэр төрөө хүндэтгэдэг, удирдагчдаа хүндэтгэдэг аливаа нам төрийн зайлшгүй хийх ажил мөн. ХКН энэ үүргээ нэр төртэй биелүүлэв. Харин монголын МАН бүх удирдагчаа шороо тоостой хутгаад хаячихсан хөсрий царайлчихаад сууж байж өөрийгөө ардчилсан, нэр хүндтэй нам гэж солиорох бөлгөө. Энэ тухай өгүүлсү…
Мао ба Сүхбаатар
Мао 1893 оны 12 дугаар сарын 26-нд төрсөн юм. Харин манай Сүхбаатар жанжин 1893 оны 2 дугаар сарын 2-нд төрсөн. Чацуу хоёрын нэг нь ядуу тариачны, нөгөө нь ядуу малчны гэр бүлд төржээ. Мао тосгоны бага сургуульд суржээ. Сүхбаатар 12 настайдаа бичиг үсэг суржээ. Адилхан л байхгүй юу. 1910-аад онд Мао хот руу “алга” болжээ. Суут хүмүүс цаанаасаа тийм юм шиг байгаам. Харин Сүхбаатар энэ үед эх орныхоо эрх чөлөөний төлөө тулалдаж баатар цол хүртжээ. Эр зоригоороо бусдаас ялгарч байгаа нь тэр.
Сүхбаатар журамт нөхдийн хамт 1921 оны 3 дугаар сарын 1-нд МАН-ыг үүсгэн байгуулж Ардын хувьсгалыг ялалтад хүргэжээ. Харин манайд 1921 оны Ардын хувьсгал дөнгөж ялж байсан 1921 оны 6 дугаар сарын сүүл 7 дугаар сарын эхээр Мао Шанхай хотноо Хятадын Коммунист Намыг байгуулж байлаа.
Ази тивд байгуулагдсан анхны намуудад зүй ёсоор орох энэ хоёр нам XX зууны Төв Азийн түүхэнд жинтэй хувь нэмэр оруулсан юм. Хоёулаа дэлхийн капитализм, коммунизмын даяар зөрчлийн эрин үед үүсч, хоёулаа Коминтерн хийгээд ЗХУ-ын тусламжтайгаар байгуулагдаж, ялалт амжилтад хүрсэн юм. Харин Хятадын хойч үе нь ХКН болон түүний удирдагчдыг хайрлан хүндэтгэдэг, харин Монголын хойч үе нь МАН-ын түүхэн замнал болон бүх удирдагчдыг хараан зүхэгч болсноороо ялгагдана.
Ингээд Хятадууд улс орноо үсрэнгүй хөгжүүлж чадаж байгаа бол Монголчууд тэгж чадаж байгаа эсэх нь үлэмж эргэлзээтэй. Үүнд олон шалтгаан байдаг боловч түүхээ үл хүндэтгэх, түүхэн зүтгэлтнээ үл ойшоох адгийн зан үйлдэл нөлөөлсөн нь ямар ч эргэлзээгүй.
120 жилийн дараа Хятадууд Мао даргадаа алтаар хөшөө барьж байхад Монголчууд Сүхбаатар жанжныхаа хөшөөг буулгана гэж яриад сууж байна. Манайхан үнэн солиотой ард түмэн ш дээ. Ялангуяа хувьсгалын болон намынхаа удирдагчийн нэр төр, хөшөөг хамгаалж чадахгүй МАН-ынхан бол хог новш, арчаагүй хөгийн шаарууд гэсэн гарцаагүй дүгнэлт гарна.
Ямар үхснээ хийж Тэрэлжийн тунхаг гаргаж, МАН нэрийг авсан юм гэж би Та нараас асууж байна…
Үндэсний түүх
Ямар ч нийгэм зөрчил, тэмцэлгүй байна гэж үгүй. Энэ нь түүх болсон тохиолдолд уг түүхэн үйл явдлыг бүрэн сэргээн тогтоох боломжгүй, түүний буруу зөвийг тогтоох боломж бас л байхгүй юм. Энэ бол туйлын үнэн юм.
Иймээс түүхэн үйл явдлыг түүх бичлэг болгон үлдээхдээ тухайн үндэстний хөгжин дэвшихэд таатай өнгө аясаар бичдэг нь аль ч улсын түүх бичлэгийн хууль юм. Нэг их зарлан тунхагладаггүй боловч аль ч улсын ямар ч түүх бичлэг ийм байдаг. Үүнийг үндэсний зарчим гэж нэрлэдэг.
Гэтэл XXI зууны Монгол Улсад цэв цэвэр, ямар ч алдаагүй, хамгийн үнэн зөв, төгс түүх бичнэ гэж илжиг шиг дайрах болов. Ингээд түүх болон түүх бичлэгээс үй түмэн алдаа олж, буруу зөвийг нь тунгаахыг оролдож, бүгдээрээ түүхийн шүүгчийн албан тушаалд сайн дураараа ажиллаж, бүх нийтээрээ солиоров, балайрав.
Дээр дурдсан үндэсний зарчмын дагууд түүхэн зүтгэлтнүүдийн гавъяа хийгээд алдааг ихээхэн болгоомжтой ярих ёстой. Ялангуяа алдаанд туйлын хянуур хандах ёстой. Өмнөх түүх бичлэг алдаатай байсан. Түүний алдааг засах ёстой байсан. Гэтэл нөгөө тийш нь тас мушгиж, өөр бүр ч том алдаа хийх эрх бидэнд байхгүй байсан.
Энэ мунхаг ажлыг Баабар тэргүүлэн олон жил удирдан явуулж байна. Эхлээд МАН-ын түүхийг бутартал шүүмжилж, үнэн хэрэг дээрээ устгав. Энэ нь эхлээд түүх бичлэгийн алдааг засах зөв чиглэмжтэй байснаа сүүлдээ үзэл суртлын довтолгоо, түүхийн хорлон сүйтгэх үйл ажиллагаа болон хувирав. МАН-ын түүхийг устгахын тулд хамгийн эхлээд түүний амин сүнс болсон Д.Сүхбаатар Ю.Цэдэнбал тэргүүтэй нам төрийн зүтгэлтнүүд рүү улайрсан дайралт хийв.
Улс төрийн талаар өрсөлдөж, тэмцэлдэж байгаа утгаар энэ бол хамгийн зөв, хамгийн оновчтой, хамгийн хорлогчинтой, хамгийн алсын хараатай дайралт байсан юм. Улс төрийн өрсөлдөөн дундаас хамгийн хүнд хэцүү нь үзэл санаа, үзэл суртлын тэмцэл байдгийг учир мэдэх хүмүүс сайн мэднэ. Дайснууд нь хамгийн зөв бөгөөд хамгийн ашигтай газраас дайралтаа эхлэв.
Амиа хорлохуй
Гэтэл үүнд МАН бэлэн байсан уу ?! Уг нь бэлэн байсан юм. Гэтэл наймаа худалдаа үзэл суртлаас дээр гэж усан тэнэгүүд бодох болов. Ингээд үзэл суртал, шинжлэх ухааныхаа бүх отрядыг тараан хөөж явуулав. МАН-д эрдэм ном, түүх соёл огт хэрэггүй аж.
Энэ нь эхлээд мэдэгдэхгүй байв. Ингээд аажим аажмаар шахуулж, сүүлдээ зодуулж эхлэв. Одоо бол МАН үзэл санааны үхлийн ирмэг дээр байна. Амиа хорлоно гэж үүнийг хэлдэг юм.
Түүхэн зүтгэлтнүүд
Хүн бол Бурхан биш юм. Түүхэн зүтгэлтнүүд ч гэсэн нарийн судлаад ирэхээр сайнтай, муутай байх нь бий. Гэхдээ л тэдний олонхи жирийн нөхцөлд жирийн хүн шийдвэрлэх боломжгүй түүхэн асуудлыг хувь хүний онцгой шинжийнхээ ачаар монгол үндэстэндээ тустайгаар шийдсэн байдаг юм.
Тэд жирийн хүнтэй л адилхан, жаргаж зовж, уйлж инээж, алдаж эндэж явсан. Сүүлийн үед “ардчилсан” түүхчид түүхэн хувь хүмүүсийн талаар элдэв “юм” олонгуутаа бусад түүхэн баримт, цаг үеийн нөхцөл байдалтай харьцуулалгүйгээр шууд л өнөөдрөөр үнэлж гоочлох. Ухаандаа Сүхбаатарыг даалуу тоглодог байсан, бараг л муу мөрийтэй тоглоомчин гэх. Тэр үед даалуу тогдодоггүй монгол эр ховор байсан. Одоо ч гэсэн Та нар дарвайтлаа покер тоглодог биз дээ…
Чойбалсанг алуурчин гэх. Гэхдээ арав гаруйхан настай банди Санбээсийн хүрээнээс оргож явганаар Нийслэл Хүрээнд ирээд орос сургуульд орж чадсаныг яагаад бодож болдоггүй юм. Одоо Та нар шиг нусгайчуудын хэн нь явганаар Дорнод аймгаас Улаанбаатар ирж чадах юм. Түүхэн бие хүний хамаг юм цаанаасаа заяасан байдаг гэж би боддог юм.
Ингээд хамгийн эхлээд МАН-ын түүхэн зүтгэлтнүүдийн “алав”. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал гээд бүгдийг нь гутаан доромжилж, хүн авахын танаггүй шороотой хутгав.
Үүний өөдөөс МАН юу хийсэн юм ?! Юу ч хийгээгүй. Харин ч шившгээ хутгасан. Эхний үед тал талын шахалт ирээд хэцүү байсан гэж бодоход дараа нь сэхээ ороод алдаагаа засах боломж бүрэн байсан. Гэтэл тэгээгүй, зүгээр л мартаж орхисон.
Үр дүн нь гайхамшигтай: Одоо МАН-д нэр төртэй буюу нэр цэвэр нам төрийн зүтгэлтэн ганц ч байхгүй. Хувьсгал, нийгмийн дэвшил, бүтээн байгуулалтын түүхийг бүтээсэн зүтгэлтнүүдийн бүхэл бүтэн үеийг харлуулж, хог дээр хаяв.
Намын дарга нар гэхэд л С.Данзан, Д.Бодоо, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх, сүүлийн үеэс Г.Очирбат, Б.Даш-Ёндон, Н.Багабанди, Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр гээд нэр цэвэр хүн үзээд өгье гэсэн ч байхгүй…
Сүүлчийн хэд нь ч яахав, хараал идэж болдог юмаа гэхэд түүхэнд хамаарах зүтгэлтнүүд чинь нэр цэвэр байх ёстой биз дээ. Гэтэл тийм юм алга, эрхэм МАН гуай…
Үүнийгээ энэ муу Баабараас болоод, Баабар л энэ хэдэн түүхчийг уруу татаад манай намын хэдэн зүтгэлтнүүдийг “алаад хаячихлаа” гэж л битгий ярьж үзээрэй. Үүнд Та нар өөрсдөө хамгийн их буруутай. Хэрэв Та нар нэр төр, зарчим, түүх, шинжлэх ухааныг хүндэтгэж байсан бол юу боллоо гэж жирийн нэг микробиологич толгой дээр чинь “бүжиг эргэж” байхийм. Үүнийг хохь чинь гэдгийм… Тэр үүргээ хэтэрхий сайн биелүүлж, дайсныхаа сүр сүлд, хийморь лүндааг нэгмөсөн дарж чаджээ. АН хүнээ ашиглаж чаддаг ажээ. Гэтэл МАН бол намайг 7 удаа ажлаас халж, шүүхээр шийтгэж, намаасаа хөөж байгаа юм чинь. Ингэхээр чинь МАН-ын өмнөөс байлдчихаад МАН-даа алуулж байдаг усан тэнэг эрдэмтэн МАН-д ганц ч үлдээгүй л байхгүй юу…
Тэнэг новшнуудад
Түүх бичлэгт түүхэн зүтгэлтнүүдийг алдаршуулдаг нь ямар учиртай юм бол гэж асуух гэж байна уу ?! Энэ чинь хамгийн их ач холбогдолтой байдаг юм.
Түүхэн зүтгэлтнүүдийг алдаршуулснаар (үүнийг шинжлэх ухаанд идентификация гэдэг) үндэстэн бахархан дуурайх үлгэр жишээтэй (эталон) болдог. Нэг зүтгэлтнийг дагаад олон баатар гардаг. Жишээ нь: Түвдэнгийн Бор. Ийм маягаар тухайн үндэстний хойч үеийн бахархан дуурайх алдарт хүмүүсийг гаргаж ирдэг. Энэ нь нийгмийн уламжлал шинэчлэл, залуу үеийн хүмүүжил, төлөвшилд үлэмж ач холбогдолтой.
Манайд бол үзэгдсэн харагдсан түүхэн бие хүмүүсийг нулимсаар байтал түүх нь ч, нийгэм нь ч жигшмээр утгагүй болж байна. Энэ бол санаатай хийж буй тархи угаалт, монгол үндэстнийг бахархах үйлсгүй, түүхэн зүтгэлтнүүдгүй болгон устгах хорт бодлого, гаднаас зориудаар хийж буй үзэл суртал мөн.
Хятадууд Мао даргынхаа ойг бүх нийтээрээ тэмдэглэж байгаа нь тун зүйтэй ажил юм. Тэд үндэстнээ нэгтгэх үзэл суртлаа хийж байна. Саяын ойгоор Си Цинпин дарга нь Мао даргын ойг даруухан тэмдэглэх ёстой гэж уриалаад байхад ард түмэн нь маш өргөн тэмдэглэж байна. Цаанаасаа тэгж “тохируулсан” ч байж ч магадгүй. Хэрэв хятадууд манайхан шиг Маогийн алдааг ярих гэвэл үйл түмэн юм ярьж болно л доо. Гэхдээ тэд тэгдэггүй, энэ нь ч их учиртай юм байна.
ХКН-ыг Коминтерн, Оросын коммунист большевикуудын нам шууд оролцон байгуулж өгсөн юм. Яг МАН шиг. Ингэлээ гээд хятадууд манайхан шиг пөх пах, гадаадынхан байгуулсан нам гэж шүүмжилдэггүй, Мао даргаа урвагч гэдэггүй юм билээ.
Манай Сүхбаатар жанжин 20 гаруйхан насандаа эх орныхоо төлөө тулалдаж баатар боллоо, тэгээд амь насаараа дэнчин тавьж оросоос тусламж авлаа, МАН-ыг байгуулалцлаа, Хиагтыг гамингаас чөлөөллөө, Ардын журамт цэргийн жанжин болж, эх орноо дайснаас цэвэрлэлээ, Ардын шинэ төрийг байгуулалцлаа. Энэ бол ганц хүний амьдралд гайхамшиг биш үү ?! Үүнээс өөр түүнээс юу нэхээд байгаа, тэнэг лаларууд вэ ?!
Цаашдаа бол XIX зууны сүүлч, ХХ зууны Монголын түүхийг бүхэлд нь үндэсний сэргэн мандалт, нийгмийн дэвшлийн түүх гэж үзэх үзэл санаа, гүн ухааны суурь дэвсгэр дээр түүхэн бүх зүтгэлтнүүдийн зөвхөн түүхэн гавъяа, оролцоог дурдсан түүх бичлэг бүтээхийг зоривол зохино.
Түүх бичиж байна гээд шүүхийн тогтоол шиг балай хэрүүл бичих явдлыг таслан зогсоомоор байна. “Ардчилсан” түүх бичлэгийн хөгийн нугалаа, завхралыг арилгаж, үндэсний түүх бичлэгт шамдан орох цаг болсон байна.
Үүний эхлэл болгож энэ оны 2 дугаар сарын 2-нд болох их жанжин, МАН, Ардын армийг үндэслэн байгуулагч Д.Сүхбаатарынхаа 120 насны ойг өргөн тэмдэглэх нь зүйтэй. Аягүй бол МАН-ын тэнэг царайтууд өдийд мартчихсан яваадаа.
Сүхбаатар бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын нэгэн том бэлэгдэл мөн. Гэсэн хэдий боловч МАН үүнийг хамгийн түрүүнд тэмдэглэх ёстой санагдана. Яагаад гэвэл МАН түүх болон түүхэн зүтгэлтнүүдээ хэр хүндэтгэж байгаа нь үүгээр харагдана. Тэмдэглэхгүй бол яахав дээ, Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөхөө болиод Э.Бат-Үүлийн барьж өгсөн хөшөөнд хүндэтгэл үзүүлж таарна байх. Гэхдээ Богдын хөшөөнд мөргөх үү, цэцэг өргөх үү гэдгээ ялгах хүн МАН-ын маанагуудын дунд ганц ч байхгүйг би дэндүү сайн мэднэ л дээ…
МАН-ынхныг ингэж маанагтаж байх хооронд нөгөө Э.Бат-Үүл нь Сүхбаатарын хөшөөг буулгаад хаяхаа мэдэх байлгүй. Э.Бат-Үүл хөшөө, хашаа хоёр буулгахдаа “өндөр мэргэжлийн” болсон, одоо бол бүр ч хурдан буулгаж сураа биз. Удахгүй МАН-ыг өөрийг нь буулгаж хаяхаар Та нар мэднэ гайгүй…
Намынхаа нэр төрийг хайрлахгүй, намынхаа түүхэн зүтгэлтнүүдийн нэр төр, дурсгалыг хайрлахгүй, хүндэтгэхгүй, тэгээд юуг хайрлаж хүндэтгэх гээд байгаам, энэ усан тэнэг МАН-ынхан…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 01 дүгээр сарын 08

http://ganaa.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …