Өнөөдөр Монгол оронд үүсчихээд байгаа улс төр, эдийн засаг нийгмийн нөхцөл байдлыг ард түмэн ойлгож, өөрсдийн хувь заяаныхаа төлөө, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө тэмцэх цаг иржээ. Тэмцэл гэдэг заавал буу зэвсэг барин тэмцэх биш. Хамгийн гол үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн яаж шийдэхийг хайх явдал. Олсон шийдлээ хэрэгжүүлэх л үйл явц.
Египетийн ард түмэн 30 жилийн дарлалаас гарах хамгийн зөв гарцыг тайван жагсаал цуглаан гэж үзсэн. Тахрирын төв талбай дээрээ Египетийн ард түмэн ахан дүү адил нэгдэн 20 хоног тууштай суулт зарлаж, эсэргүүцлээ илэрхийлсний үр дүнд зорилгодоо хүрч Мубаракийг огцруулж, шүүхийн танхимд аваачсан юм. Мубаракийг Египетийн ард түмний эсрэг хийсэн гэмт хэрэг, улс орны хөгжлийг хойш татсан, зогсоосон зэрэг зүйл ангиудаар өнөөдөр яллаж байна. Харин Ливийн ард түмний эрх чөлөөг хүссэн, сайн сайхан амьдралынхаа төлөө боссон иргэдийн эсрэг Каддафи цэрэг армиа хөдөлгөж, улс орноо иргэний дайны гал руу түлхсэн юм. Эцсийн эцэст хүчирхийлэл яргаллыг төрүүлдгийн баталгаа Ливи оронд явагдсан. Гэхдээ тэд эрх чөлөөгөө олсон. Тэдний тэмцэл олон зуун хүний амиар олдсон төдийгүй улс орноо сүйрүүлсэн юм.
Монголын ард түмэн өнөөдөр төр засаг, эрх баригчиддаа итгэхгүй болсноо илэрхийлж байна. Өнөөгийн эрх баригчид, намууд Монгол улсыг хөгжүүлж чадахгүй нь нэгэнт тодорхой болсныг илэрхийлж байна. Монгол хүн сайхан амьдрахыг хүсэж байна. Энэхүү хүслийн нэг илэрхийлэл бол 2008 оны долоодугаар сарын 1-ний ард түмний жагсаал байсан юм. Тэр өдөр ард түмэн хүчирхийллийг эхлүүлээгүй, хийгээгүй нь тодорхой. Харин эрх баригчид хүчирхийллийг өдөөж улмаар таван хүний аминд хүрсэн. Эрх баригчид хүчирхийллийг л хийдэг. Тэд хүмүүсийг зориуд хүчирхийлэл хийхэд хүргэсэн. Долоодугаар сарын 1-ний үйл явдлыг хүчирхийлэл гаргалгүйгээр шийдэж болох байсан гэдгийг олон хүн ярьж байна.
Хүн төрөлхтний түүхэнд ард түмэн хүчирхийллийг хийсэн тохиолдол байдаггүй юм.
Өнөөдөр Монголчуудын амьдрал там шиг л байна. Монгол хүн ирээдүйдээ итгэх итгэл нь алдарсан байна. Төрдөө итгэх итгэл алдарлаа. Ард түмэн өөрчлөлтийг хүсэж байна. Ард түмэн сайн сайхан амьдрал, шударга ёсыг хүсэн нэг талаас босох бол эрх баригчид эрх мэдэл, луйвардаж авсан эд хөрөнгөө алдахгүйн төлөө тэмцэх болно. Ард түмэн эцэст нь ялна. Харин хохирол нь ямар байх вэ гэдэг нь эрх баригчдын Монголоо бодсон шийдэл, ард түмний нэгдмэл байдлаас хамаарна. Хүчирхийлэл нэгэнт эхэлвэл яргалал, цус урсах нь тодорхой.
Сонгуулийн тухай хууль Монголын ард түмний сонгох эрх чөлөөг луйвардан авахаар хийгдсэн төдийгүй Монголын төрийн эзэн болсон ард түмнийг илт доромжилсон хууль болсон юм.
Сүүлийн 23 жилд төр засгийн эрхийг барихдаа Монгол орныг луйвардаж, ядууралд оруулчихаад өнөөдөр “Хүний эрх” хэмээн ичих ч үгүй хэлж байгаа ёс суртахуунгүй бэртэгчнүүдээс сайн сайхан зүйл хүлээгээд хэрэггүй болжээ. Тэд Монгол орны хамгийн том дайсан төдийгүй тэднээс л хүчирхийллийн галыг өдөөж мэднэ. Луйварчдын 23 жилийн турш Монголын ард түмний эсрэг хийсэн гэмт хэргүүд нь дэндүү их бас дэндүү гутамшигтай. Тэдний хийсэн ой гутам жигшүүрт үйлдлүүдийг эргэн харцгаая.
- Ардчилсан хувьсгалынхаа маргаашаас л алт дилерийн хэргээр гэмт хэрэг, луйвраа эхлүүлсэн. Энэ бол зөвхөн алт завшсан хэрэг биш Монголын ард түмний баялгийг хулгай хийж, луйвардаж авсан том гэмт хэрэг байсан юм. Өнөөдрийг хүртэл хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Бас хэн ч хариуцлага нэхсэнгүй.
- Хэт зүүний социалист идеологийг устгана гээд Социализмын үед байгуулсан бүхий л бүтээн байгуулалтуудыг нурааж худалдсан. Өмч хувьчлал нэрийн дор Монголын ард түмний 70 жилийн бүтээн байгуулалтыг төмрийн хогонд тушааж, ард түмнээ траншейчин, гооньчин, гудамжныхан, гэр хорооллынхон, ядуучууд хэмээх элдвийн хочоор доромжлон нэрлэсэн.Олигархиуд баялгаас баяжигсад өөрсдийгөө Үндэсний хөрөнгөтнүүд хэмээн худал цол гуншин өгч гэмгүй царайлсаар. Өнөөдрийг хүртэл хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Бас хэн ч хариуцлага нэхсэнгүй.
- НҮБ-аас тухайн улсын байгалийн баялаг тухайн ард түмний халдашгүй өмч хэмээн зарлачихаад байхад Монголын ард түмний байгалийн баялгийг гадаадынхантай хуйвалдан луйвардаж тоносоор байна. Монгол үндэстний эсрэг Монгол улсын язгуур эрх ашгийг зөрчсөн Оюутолгойн гэрээг баталчихаад худал ярин сууцгааж байна. Одоо Тавантолгойгоос эхлээд олон арван ордуудыг бусдад зарж байна. Өнөөдрийг хүртэл хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Бас хэн ч хариуцлага нэхсэнгүй.
- Монгол улсын нэрээр гадаадаас тэрбум, тэрбумаар нь зээл тусламж авч улмаар түүнийг хувьдаа ашиглаж олон хүн баяжлаа. Монгол улсын гадаад өр 2013 оны байдлаар 18,2 тэрбум долларт хүрлээ. Энэ бол Монгол улсыг аль хэдийн ломбарданд тавьчихсан гэсэн үг юм. Эх орноо аль хэдийн худалдчихсан гэсэн үг. Өнөөдрийг хүртэл хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Бас хэн ч хариуцлага нэхсэнгүй.
- Монгол хүн амын 50 хувь буюу 1 сая 450 мянган иргэнээ ядуугийн ангилалд оруулчихаад одоо юу ярих гээд байгаа юм бэ? Яаж “би хөгжүүлж чадна” гэж агаарын юм ярьж, ичих нүүргүй бурж чадаж байна. Яаж өөрийгөө эх оронч, ардчилагч гэж нэрлэж чадаж байна аа. Өнөөдрийг хүртэл хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Бас хэн ч хариуцлага нэхсэнгүй.
- Ардчиллын гол үзүүлэлтүүд тогтмол буурч байгаа буюу товчхондоо Монгол улсад ардчилал булшлагдаж байгааг “Дэлхийн улс орнуудын Ардчиллын индекс”-ийн дүнгээс харж болно. Монгол улс 2013 онд 54 дүгээрт бичигдсэнээс харж болох юм. Энэ бол Монгол улсыг ардчиллаас дарангуйлал руу гулсаж байгааг бодитоор харуулж байхад “яаж өөрсдийгөө ардчилагч” хэмээн цоллож чадаж байна. Өнөөдрийг хүртэл хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Бас хэн ч хариуцлага нэхсэнгүй.
- Ардчиллыг булшилж, ядуурлыг өсгөдөг нэг том хүчин зүйл бол авилга гэдгийг хүн төрөлхтөн зарласан. Монгол улсын авлигын индекс 2013 онд 183 орноос 83 дүгээр байранд жагссан нь Монгол орон авлигад гүн идэгдсэнийг илтгэж байна. Ардчиллаа хамгаална гэж ярьж байгаа нөхдүүдийн хэлж байгаа үгнээс нь харахад эцсийн эцэст амиа хамгаалах л гэсэн жижигхэн хүслийг нь илтгэж байна. Авилгалын сүлжээ Монгол улсыг минь бүрхэж мөхөөж байна, сүйрүүлж байна. Өнөөдрийг хүртэл хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Бас хэн ч хариуцлага нэхсэнгүй.
- Монгол улсын хөгжлийн цорын ганц гарц хэмээн магтан дуулаад байгаа уул уурхайг дагаад 19 мянган янхан бий болчихоод байхад “Монгол улс хөгжиж байна” гэж яаж ярьж чадаж байна? Монгол охид нь бэлгийн боолчлолд өртөж, Монгол хөвгүүд харьд боолын хөдөлмөр эрхэлж байхад яаж “хүчирхийлэл хүний эрх” хэмээн яаж худал хэлж, хууран мэхлэлтээ хийж чадаж байна вэ? Энэ нөхдүүдийг үргэлжлүүлэн сонговол энэ орноос юу үлдэх вэ? Өнөөдрийг хүртэл хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Бас хэн ч хариуцлага нэхсэнгүй.
- Баян ядуугийн ялгаа тэнгэр газарт тулсныг жиникоэффицент Монголд аль хэдийн 0,44 хүрчихсэн байгаагаас харж болно. Ийм төрийг ард түмний төлөө гэж ярих ч хэрэггүй биз дээ. Өнөөдрийг хүртэл хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Бас хэн ч хариуцлага нэхсэнгүй.
- Өнгөрсөн 23 жилийн турш Монголын нийгэмд мухар сүсгийг дэлгэрүүлж, боловсролын салбарт нь худал мэдлэг заачихаад яаж мэдлэгийн нийгэм байгуулна, хөгжүүлнэ хэмээн ярьж чадаж байна. Мэдлэггүй хүмүүс мэдлэгийн нийгэм, эдийн засгийг байгуулж чадахгүй. Өнөөдрийг хүртэл хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Бас хэн ч хариуцлага нэхсэнгүй.
- Эдийн засгийн өсөлт гаргасан боловч тэр нь ард түмний амьдралд наалдахгүй, Монголчуудын эерэг амьдралд өөрчлөлт гарахгүй байна. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр улс төр-бизнесийн луйварчдын бүлэг Монгол орныг минь эзлэн авсныг илтгэж байна. Өнөөдрийг хүртэл хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Бас хэн ч хариуцлага нэхсэнгүй.
Энэ мэтээр Монголын ард түмний эсрэг хийсэн гэмт хэрэг, луйвруудыг жагсаагаад байвал урт жагсаалт үүсэх нь тодорхой. Монголын бүхий л зүйлс “буруугаар явагдаж” байгааг яаралтай “зөв” зам руу оруулах шаардлагатай байна. Өнөөдрийн Монголын нөхцөл байдал энэ байдлаараа цааш үргэлжлэх ямар ч бололцоогүй болсон учраас 2011 оны арванхоёрдугаар сарын 29-ны өдөр Үндэсний Эрх Чөлөөний Хувьсгалын 100 жилийн ойгоор ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн “Одоогийн Дээд шүүхэд бүртгэлтэй бүх намуудыг татан буулгаж улмаар Улс төрийн намуудын тухайн хуулийг шинэчлэн баталж дахин бүртгэх” санаачилгыг хэрэгжүүлж ҮНДЭСТНИЙ ЗӨВШИЛЦӨЛ-ийг эхлүүлэх саналыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Учир нь өнөөгийн эрх баригч луйварчид, болсон болоогүй улс төрийн намууд энэ бүхний шалтгаан. Тэд Монголын баялгийг идэж, ууж, цөлмөж байна. Тэд Монголын ард түмнийг идэж, ууж, цөлмөж байна. Тэд энхрий хайрт үр хүүхдийн минь ирээдүйг идэж, ууж, цөлмөж байна.
Улс төрийн бүхий л намуудыг татан буулгаж Үндэстний Зөвшилцөл-ийг эхлүүлэх нь өнөөдөр Монгол орны өмнө тулгамдчихаад байгаа түм буман асуудлыг хүчирхийлэлгүйгээр шийдэх хамгийн зөв гарц юм. Хэрэв энэ үгүй гэвэл мэдээж хүчирхийлэл гарах нь ойлгомжтой. Хүчирхийлэл эхэлвэл яргалал гарах нь тодорхой.
Энэхүү ҮНДЭСТНИЙ ЗӨВШИЛЦӨЛ-ийг хэрхэн хийх вэ гэхээр өнөөдрийн байгаа намуудыг татан буулгаад Намуудын тухай шинэ хуулиар дахин бүртгэж түүндээ намуудын үзэл баримтлалыг тодорхой байхаар тусгаж өгөх юм. Өнөөдрийн зүүн, барууны үзэл баримтлалгүй улс төрийн намуудыг төгсгөл болгож зүүн, барууны чиг баримжаатай улс төрийн намуудыг байгуулах ёстой. Нэр нь өөр болохоос бусдаараа хоорондоо ялгарахаа больсон хэтэвч нэгтэй өнөөгийн улс төрийн намууд Монголын ард түмний дайсан болоод байна.
Тиймээс Үндэстний Зөвшилцлийг яаралтай эхлүүлэх шаардлагатай байна. Мэдээж эрх баригч намууд үүнийг зөвшөөрөхгүй. Гэхдээ энэ нь улс орны эрх ашигт нийцэх учир боломжит бүхий л аргыг хэрэглэн хийх ёстой. Хэрэв Үндэстний зөвшилцлийг эхлүүлж, хэрэгжүүлж чадвал Монгол улс хүчирхийлэлгүйгээр өөрчлөлтийг хийж чадна. Үүнийг ард түмэн хүсэж байна.
Одоогийн Монгол хүнийг хамгаалж чадахгүй, доромжилсон Үндсэн Хуулийг өөрчилж, Монгол хүн өөрийн газар нутаг дээрээ хамгийн нэгдүгээрт байхаар тусгасан шинэ Үндсэн Хуулийг батлах ёстой. Шинэ Үндсэн Хуулийг баталснаар Монголчууд алдсан бүхнээ эргүүлэн авах бүрэн боломж нээгдэнэ. Үндсэн Хуулийг хуульчид хийдэггүй бөгөөд харин философичид хийдэг.
Ингэж чадвал өнөөдрийн бөөгнөрчихөөд байгаа түм буман асуудлыг шийдэж Монгол хүн сайн сайхан амьдралаар амьдрах цаг ирнэ. ҮНДЭСТНИЙ ЗӨВШИЛЦӨЛ-д Монгол хүн бүрийн оролцоо чухал байх болно. Сайн сайхны төлөө Монголчууд зөвшилцөх цаг нь иржээ. Гэртээ болохгүй бүхэнтэй зөрчилдөн бухимдаж, телевизтэйгээ хэрэлдэхийн оронд Монголчууд зөвшилцөх цаг нь болжээ. Асуудлыг идэвхгүй сууж биш идэвхтэйгээр ажиллаж шийддэг юм. Монгол хүн бүр сайныг хүсэж, хүчирхийлэлгүйгээр асуудлыг шийдэхийг эрхэмлэдэг ард түмэн тул зөв гарцыг олж чадах нь тодорхой. Ард түмэн хүчирхийллийг хүсэхгүй байна. Хүчирхийлэл яргаллыг, харуусал, зовлон л авчирна. Эвдрэл, талцал, үзэн ядал Монголчуудад сайн сайхныг авчрахгүй. Нэгэн хувь тавилантай Монголчууд минь зөвшилцөцгөөе.
Монгол улсын иргэн Б.Буджаргал