Тарбозавр Батаарын түр музейг нээлээ

2013-06-08bataar_big3Сүхбаатарын талбайд Тарбозавр Батаарын түр музей өнөөдөр нээлтээ хийлээ. Музейн нээлтийн “Би гэртээ ирлээ” ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Л.Оюунгэрэл, Батаарыг хүлээн авах ажлын хэсгийн дарга, Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал, Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Пайпер Энн Уинд Кэмпбэллийн бие төлөөлөгч Кийт Спэйн болон бусад албаны хүмүүс хүрэлцэн ирээд байв.

Арга хэмжээг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт нийслэлчүүд, ард иргэдээ!
Энд хуран цугласан хатагтай, ноёдоо!
Өнөөдөр та бид түүхэн үйл явдалд оролцож, үүнийхээ гэрч болж байна.
Өнгөрсөн оны тавдугаар сарын 19-ний бямба гаригийн өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утсаар ярьж, “Л.Оюунгэрэл зөвлөх /тухайн үед Ерөнхийлөгчийн зөвлөх байсан/ шөнөжин ажиллалаа, харин одоо ажил эхэлж байна. Монголоос хулгайлагдсан Тарбозавр Батаарыг хоёр хоногийн дараа АНУ-ын Нью-Йорк хотод болох дуудлага худалдаанд оруулахаар зэхэж байгаа тул энэхүү хууль бус үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй байна” хэмээн хэлсэн. Тэгвэл өнөөдөр монголчууд бид Т-Батаарыг бусад “нөхдийн” хамтаар эх орондоо авчрахад бэлэн болсон энэ сайхан баярт үйл явдлын гэрч болж байна.
Тарбозавр Батаарын тухай хэн ч уйдахааргүй, хэдэн ч янзын сонирхолтой адал явдалтай, хөгжилтэй зохиол бичигдэж, кино бүтээгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Үйл явдал өнөөдөр ч, энэ цаг хоромд ч явагдаж байна. Эх дэлхийн үүсэл, хувьсал, байгалийн катаклизм, хүний үүсэл хөгжил, шинжлэх ухаан, мухар сүсэг, хууль шударга ёс, хил дамнасан хулгай, хил дамнасан мөрдөн мөшгөлт, хар цагааны тэмцэл гээд үнэнхүү сонирхолтой сэдвээр зохиол бүтээл гарна гэдэгт найдаж байна.
Далан сая жилийн настай Т-Батаарыг эх нутагт нь авчирах үйл явц улс дамнасан, хууль зүй, олон улсын эрх зүй, дипломат харилцаа, хууль шүүхийн байгуллагуудын хамтын ажиллагаа, олон улсын сэтгүүл зүй, палеонтологийн эрдэмтдийн эв нэгдэл, хамтын ажиллагаа, тэдгээртэй зэрэгцээд танин мэдэхүйн хийгээд бусад олон олон сорилт, бэрхшээл тулгарсан боловч амжилттай хэрэгжсэнд нэн баяртай байна. Батаарыг эх оронд нь авчрахад Монгол, АНУ, Канад, ОХУ, БНХАУ-ын палеонтологич, эрдэмтэн мэргэд, хууль хамгаалах байгууллагууд, сэтгүүлчид тэргүүтэй маш олон хүний хамтын ажиллагаа, хүчин зүтгэл шингэсэн юм.
2013-06-08bataar_big2
Өнөөдөр би энд зөвхөн хууль эрх зүйтэй холбоотой цөөн хэдэн зүйл яримаар санагдаж байна.
НЭГ: Монгол Улс бол тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан үеэсээ эхлэн соёлын өвөө хамгаалж ирсэн гайхамшигтай түүхтэй. Одоогоос 99 жилийн өмнө өөрийн түүх, соёлоо хамгаалах тухай тусгай хуультай байв. Энэ нь Монгол Улсын 14 дүгээр оны наймдугаар сарын шинийн 8-н буюу 1924 оны есдүгээр сарын 5-ны өдөр Засгийн газрын хурлаар баталсан “Хуучны зүйлийг сахин хамгаалах тухай дүрэм”.
ХОЁР: Хулгайн аргаар хэд хэдэн улс дамжин гадаадад гарсан түүх соёлынхоо энэхүү хосгүй олдворыг эх нутагтаа эргүүлэн авчрах ажиллагаа бэрхшээлтэй, амаргүй байсныг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Энэ амаргүй хуулийн ажиллагаанд ялахад Монгол Улсын өөрийн орны түүх соёлын дурсгалт зүйлс, соёлын өвийг хамгаалах, гадаадад гаргахыг хориглосон хууль, эрх зүйн баримт бичгүүд гол үүрэг гүйцэтгэсэн. АНУ-д болсон хуулийн ажиллагааны хүрээнд бид энэ бүхнийг өөрийн талд хөдөлшгүй баримтаар нотолж чадсан. Үүнд:
–  1924.9.5-ны Засгийн газрын хурлаар баталсан “Хуучны зүйлийг сахин хамгаалах тухай дүрэм”
–      1929.10.25-ны “Аливаа худалдааны эд бараа зэрэг зүйлийг сэмхэн нааш цааш хязгаар нэвтрүүлэгчдийг цагдан байцааж цээрлүүлэх тухайн түр дүрэм”-ийн 17 дугаар зүйл,
–      1924 оны “БНМАУ-ын Анхдугаар Үндсэн хууль”-ийн 3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэг,
–       1940 оны “БНМАУ-ын Үндсэн хууль”-ийн 5 дугаар зүйл,
–     1957.7.6-ны №104 тоот “БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн Зарлиг”,
– 1957.7.8-ны “БНМАУ-ын Үндсэн Хуулийн зарим зүйлд өөрчлөлт оруулах тухай хууль”,
–     1960 оны “БНМАУ-ын Үндсэн хууль”-ийн 10 дугаар зүйл,
–     1992 оны “Монгол Улсын Үндсэн хууль”-ийн 6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус Соёлын өвийг хамгаалах талаар тодорхой зүйл, заалтууд орж байсныг онцолж байна. Эдгээр нь хэргийг манай талд шийдэхэд онцгой нөлөөтэй байсныг тэмдэглэн хэлье.
–       1996 оны Соёлын тухай,
–       2001 оны Соёлын өвийг хамгаалах тухай
–       1988 оны Газрын хэвлийн тухай,
–       Эрүүгийн хууль
ГУРАВ: Батаартай холбоотой хуулийн ажиллагаа явагдаж байхад олон бэрхшээл тулгарсны нэг нь АНУ болон Монгол Улсын хооронд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй, АНУ эрхзүйн өөр тогтолцоотой зэрэг юм. Тэнд газрын доорхи зүйлс тухайн хувь хүний өмч, хэрхэн захиран зарцуулах нь тэр хүний асуудал байдаг бол Монгол Улсад газар, түүнийхэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байдаг. Гэтэл энэ хэргийг:
–       1969.5.23-ны өдөр баталж, 1980.1.27-ны өдөр хүчин төгөлдөр болсон “Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенц”,
–       1970 оны “Соёлын үнэт зүйлийн хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай конвенц,
–       1972 оны “Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах конвенц-ээр шийдсэн. Үүгээрээ бид хулгайн аргаар хэд хэдэн улс дамжин харьд гарсан түүх соёлынхоо хосгүй үнэт олдворыг эх нутагтаа эргүүлэн авч болдгийг, “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг”-ийг дэлхий нийтэл харуулж, сануулж чадсан.
ДӨРӨВ. Өнгөрсөн нэг жилийн дотор бид цаг мөчтэй уралдан уйгагүй ажиллахдаа энэхүү хосгүй олдворынхоо гарал үүслийг шинжлэх ухааны болон хууль зүйн талаас нь хөдөлшгүй баримтуудаар нотолж, улмаар АНУ-ын шүүхэд нэхэмжлэл гаргаж хууль зүйн ажиллагаа явуулсан бөгөөд нийтдээ 3 удаа шүүх хурал болсны нэгэнд нь ялагдаж ч байлаа. Гэсэн ч шургуу ажиллагаа, гадаад дотоодын сайн санаат маш олон хүний хамтын хүчин чармайлтын үр дүнд, олон улсын хууль зүйн хэм хэмжээ үйлчилсний үр дүнд бид хамтдаа ялалт байгуулж Тарбозавр Батаараа эх нутагтаа авчирсан юм.
2013-06-08bataar_big1
 Энэ гавъяат үйлст АНУ, Англи, Орос, Монголын палеонтологич эрдэмтдийн эв санааны нэгдэл, мэргэжилдээ үнэнч АНУ-ын хуульчид, өмгөөлөгчид, шүүгчид, энэ нарийн түвэгтэй үйл явцыг олон нийтэд шуурхай мэдээлж сурталчилж тэдний дэмжлэгийг татсан сэтгүүлчид, блогчид, гадаадад суугаа монголчууд, албан байгууллагууд болон Монголын төлөө гэсэн сэтгэлтэй олон хүний хувь нэмэр орсныг онцлон тэмдэглэж байна.
Та бүхэндээ маш их баярлалаа.
Энэ баярт мөчид Тарбозавр Батаарын олдвор дуудлага худалдаагаар зарагдах гэж буй тухай ноцтой мэдээллийг авсан даруйдаа цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч ганцааранг нь бус алдагдсан өөр олон үнэт олдворын хамт буцаан авчрах амаргүй ажиллагааг олон улсын түвшинд чадварлаг удирдсан Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн дипломат ур чадвар, олон улсын нэр хүнд голлох үүрэгтэй байсныг хэлэхийн ялдамд энэ ажилд сэтгэл зүрхээ зориулсан хүмүүсийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна.
 Ийнхүү олуулаа хүчин зүтгэсний үр дүнд бид ердөө нэг жилийн өмнө эргэж олдохооргүй алга болох байсан өөрсдийнхөө үнэт өмч, түүх соёлынхоо хосгүй биет өвийг эх орондоо буцаан авчирч нийслэлийнхээ төв талбайд босгосон “Үлэг гүрвэлийн түр музей”-д байрлуулаад байна.
Өнөөдөр бид түүх соёлынхоо хосгүй үнэт өвөө таньж мэддэг, бусдын гарт алдалгүй буцаан авч чаддаг, үүний тулд олон улсын хэмжээнд амжилттай үйл ажиллагаа явуулж чаддаг болсноо цохон тэмдэглэхэд таатай байна. Түүх соёлоо сайн мэдэх тусам аливаа улс орны ард иргэд гэгээрч, боловсрол мэдлэг нь дээшилж өөрсдийнхөө ахуй амьдралыг дээшлүүлэх, улс орноо цэцэглэн хөгжүүлэх чадвар нь нэмэгддэг жамтай.
Манайд ийм шинэ цаг, сайн цаг ирж байна.
Гэртээ ирсэнТарбозавр Батаараа тавтай үзэж сонирхогтун”хэмээв.
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Л.Оюунгэрэл, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Пайпер Энн Уинд Кэмпбэллийн бие төлөөлөгч Кийт Спэйн нар үг хэлсний дараа Батаарыг өлгий нутагт нь эргүүлэн авчирч, үлэг гүрвэлийн төв музейн үндэс суурийг тавьж, зон олныхоо хүртээл болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан төрийн болоод хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчдөд энэхүү арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс Батаарын хүндэт өргөмжлөлийг гардуулах ёслолын арга хэмжээ болов.
Батаарыг эх оронд нь авчрах, хадгалах болон бусад үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж, дэмжлэг үзүүлсэн Korean Air компани, “Туушин” компани, “Бодь даатгал” компани, “Цэнхэр од” компани, “Оул секьюрити” компанид тус тус өргөмжлөл олгов. Мөн Батаарыг эх оронд нь авчирах бүхий л үйл ажиллагаанд гар бие оролцсон палеонтологич Н.Болорцэцэгийг “Алтангадас” одонгоор шагналаа.
Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Л.Оюунгэрэл, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Пайпер Энн Уинд Кэмпбэллийн бие төлөөлөгч Кийт Спэйн нар Батаарын түр музейн туузыг хайчилж, олон нийтийн хүртээл болголоо.
Эх сурвалж: http://www.president.mn

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …