Монгол Улсын гадаад худалдааны эргэлтийн хэмжээ 2013 оны 12 дугаар сарын эцсийн байдлаар 10,627 саяам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 4.5 хувиар буюу 496 сая ам.доллараар буурсан дүн гэж холбогдох газраас мэдээллээ. Харин үүнд экспорт 112 сая ам.доллараар, импорт 384 сая ам.доллараар буурсан нь нөлөөлсөн байна. Түүнчлэн гадаад худалдааны жилийн өсөлтийн хурд өмнөх оны мөн үеэс гурван нэгж хувиар буурсан бөгөөд үүнд экспортын жилийн өсөлт гурван нэгж хувиар, импортын жилийн өсөлт зургаан нэгж хувиар буурсан нь нөлөөлжээ. Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 52 хувь буюу 5,486 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 15 хувь буюу 1,623 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийсэн байна. Харин БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс зургаан хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 16 хувиар буурчээ. Үүнээс гадна экспорт, импортын жилийн өсөлтийн зөрүүг гурван сарын шаталсан дунджаар авч үзвэл сүүлийн жилүүдэд байнгын бууралттай гарсан байна. Тухайлбал экспорт, импортын жилийн өсөлтийн хурд 2011 оны 10 дугаар сараас хойш буурсан хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн бага зэрэг өсөх хандлагатай байгааг статистик дүнгээс харж болохоор байна.
Д.Биндэръяа