Б.Болд, Э.Чулуунчимэг нар хөдөө орон нутгийнханыг “ИЛБЭНЭ”

1559636_657465997644367_1173939556_n

Өнгөрөгч долоо хоногт буюу нэгдүгээр сарын 16,17-ны хоёр өдөр Монгол бөхийн өргөө алга ташилтаар хур буулгаж, хайрын дуунд өвлийн жаврыг мартсан хүмүүсийн халуун илчээр дүүрэн өнгөрсөн. Энэ бол залуу дуучин Б.Болд, Э.ЧУлуунчимэг нарын энх мэндийн аялгуугаар монгол түмнээ илбэсэн “Илбэе” анхны уран бүтээлийн тоглолт байсан юм. Амьд хөгжмийн Маршалл хамтлагтай хоршин нийтийн дуу ямар сайхан эгшиглэж болохыг, уран бүтээлийн анд нөхөд ахан дүү болсон рок попынхонтой хэрхэн сайн тоглолт дэглэж болохыг тэдний уран бүтээлийн тоглолт харуулсан. Ер нь сүүлийн хэдэн жилд дуучдын анхны уран бүтээлийн тоглолт түүн шиг үзүүштэй болсоныг санахгүй юм гэсэн СУИС-ийн багш нарын магтаал үзэгчдийн суудлаас цухалзаж байсан нь үзээгүй хүний хорхой хүргэм байсныг нуух юун.

Уран бүтээлч хүнийн хувьд анхны тоглолт ард олонд өөрийгөө танилцуулдаг нэрийн хуудсыг санагдуулам байдаг бол удаах тоглолт төгсөх шалгалттай адил байдаг гэдэг. Ийнхүү гэр бүлийн хос залоуун дуучид 2013 онд мэргэжлийн дуурийн дуулаач болсноосоо хойш өөрсдийн нэг, хоёрдугаар курст оюутны ширээнээс эхлэн хийсэн уран бүтээлүүдээ өнөөдрийг хүртэл хэрхэн баяжуулж, хөгжүүлж, хөдөлмөрлөж байснаа олон түмэнд дэлгэн харуулж тоглолтоо хүргэсэн. Зүрхэн хэлбэртэй улаан өнгийн тайзны засалтыг Монголд анх удаа хийснээрээ, гэрлийн шоу, дэлгэцийн үзүүлбэрүүдийг өвөрмөц шийдэлтэй харуулснаараа, үндэсний хэв маягийг 100 хувь шингээснээрээ, үсчин гоо сайханчдын мастеруудыг тайзны ард урьснаараа, мэргэжлийн баг тоглолтын зохион байгуулалтыг олон сарын турш төлөвлөснөөрөө, дээрээс нь монгол бөхийн өргөөнд хоёр өдрийн турш 5-6 мянган хүнийг хуран цугларуулж, зогсолтгүй дуулуулж, алга ташуулснаараа энэ тоглолт хэсэгтээ ам дамжин яригдах нь тодорхой болсон юм. Нутгийн зөвлөл нь гарч лизингийн машин гардуулдаг баярын хурал шиг, ярьсан юм шиг нэг төрийн түгээ ирчихээд анхны гэсэн тоглолтыг нь СТА цол тэмдэгээр мялаадаг улиг болсон аргачлал “Илбэе” тоглолтонд харагдаагүй. Харин амьдралын дундах хайраас ургасан Б.Болд, Э.Чулуунчимэг нарын охин Б.Аялгуу энэ тоглолтын нэгэн чимэг байсан.

Хөгжмийн зохиолч Р.Билэгт, М.Туяа, Т.Сэр-Од, Д.Цэцэрлэг, Д.Баасанхүү нарын шилдэг гэгдэх уран бүтээлүүд дуулагдсан тэдний тоглолтыг хөдөө орон нутгийн үзэгч түмэн тэсэн ядан хүлээж буйгаа маш ихээр уламжилсан. Тэгвэл том тоглолтын ард гарсан гэр бүлийн хосууд санаа амарч хойш суух биш, сар шинийн дараахан хөдөө орон нутгийн үзэгчиддээ “Илбэе” тоглолтоо хүргэж, илүү ойроос уулзахаар хөдлөх гэж байгаа аж. Гэгээн хайрын өдөр гэгдэх 2 сарын 14-нөөс тэдний хөдөө орон нутгийн тоглолт Б.Болдын өссөн төрсөн Эрдэнэт хотоос эхэлж магадгүйг ойрын эх сурвалж мэдээлж байна. Ямартаа ч бүх зүйлээрээ ойр байгаагүй сайхан болсон “Илбэе” тоглолт хөдөө орон нутгаар үргэлжлэх бололтой.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …