Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд орон сууцны үнэ өмнөх улирлаас 7.2 хувиар өсчээ.
Үндэсний Статистикийн хорооны мэдээлэлд Баянгол дүүрэгт хамгийн их буюу 8.5 хувийн өсөлт гарсныг онцолсон байна. Ялангуяа Баянгол дүүрэгт байрлалтай шинэ орон сууц буюу 2002 оноос хойш ашиглалтад орсон орон сууцны үнэ 9.9 хувиар өсчээ. Мөн Хан-Уул дүүрэгт орон сууцны үнэ өндөр өсөлттэй хэвээр гарсан байна. Хан-Уул дүүрэгт үнийн өсөлт 7.7 хувьтай байжээ.
Харин Сүхбаатар, Чингэлтэй болон Сонгинохайрхан дүүрэгт орон сууцны үнийн өсөлт дөрөвдүгээр улиралд 6.1-6.8 хувьтай гарчээ. Үүнээс гадна хамгийн олон төсөл хэрэгжиж байгаа Баянзүрх дүүрэгт орон сууцны үнэ өмнөх улирлаас 6.9 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.