Бид тэдэнд маш олон зүйлийг зааж өгч чадна л даа. Хэрхэн цэвэрч байхыг, зангианыхаа өнгийг цамцтайгаа хэрхэн хослуулахыг, хүний сонсохыг хүссэн үгийг яаж онож хэлэхийг гээд л… Гэхдээ тэдний “борог” зангуудаас бидэнд ч бас сурах зүйл олон бий. Хэрвээ эрчүүдийг амьдралын багшаараа сонговол бүсгүйчүүдэд тэд ямар хэрэгтэй зүйлсийг зааж өгч чадах вэ?
1. “Ширэн нүүрлэх” ухааныг
Хэчнээн ичмээр зүйл хийсэн ч юу ч болоогүй юм шиг аашилж чадах “зузаан арьс” эрчүүдэд л бий. Өөртөө бурууг тохолгүй, шүүмжлэлийг хэт гүн тусгаж авалгүй, үнэхээр хэрэгтэй гэж бодсон зүйлсээ шүүж сонсоод л үлдсэнийг нь толгой дотроосоо арчиж хаядаг тэдний хэнэггүй зангаас бидэнд чимх, биш ээ, атгын төдий хэрэгтэй. Ер нь шаналж, санаа зовох үүргийг бүгдийг нь сайн дураараа өөрсөддөө хүлээснээрээ бид бөөн бөөн гэмшлээс өөр юу хождог гэж? Уг нь бид ядаж л санаа зовж байгаагаа харуулснаар нөгөө хүнээ зөөллөнө гэж боддог боловч, зарим үед, ялангуяа ажил хэргийн тал дээр шулуухан яриад л асуудлыг дуусгах нь эсрэг талдаа хамаагүй хэрэгтэй байдаг. Мөн чимээгүй шаналах нь хүмүүсийг улам хөндийрүүлдэг бол, “ширэн нүүр” хааяа харилцааны ан цавыг арилгаж, бие биенээ холуур тойроод байсан хүмүүсийг уулзуулдаг ачтай шүү. Тийм болохоор алдаа гаргасныхаа дараа ч гэсэн гараа халаасандаа хийгээд, шүгэлдэж алхаж чаддаг, гомдоосон хүнтэйгээ ч нүүр тулан уулзаж чаддаг “санаа амар” нэгэн байхыг дэргэдэх гүндүүгүй эрчүүдээсээ суралцаарай.
2. Өөртөө төвлөрөх чадвар
Үүнийг нь бид “өөрийгөө дөвийлгөсөн”, “биеэ тоосон” гэж нэрлэдэг л дээ. Гэхдээ нөгөө талаас нь бодоод үзвэл, ямар ч үед өөрийгөө нэгт тавих нь тийм ч муу зүйл биш. “Би” гэж ярьдаг эрчүүдийн давуу тал нь хэзээд өөрийнхөө үзэл бодлыг бусдад итгэл үнэмшилтэйгээр зарлаж, байр сууриа бүрэн дүүрэн ойлгуулж чаддагт бий. Тэд хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа, өөрийг нь хохироож байгаа зүйлийг үг дуугүй дагаж чадахгүй. Эрэгтэйчүүд энэ хүчтэй чанараа ашиглан, бизнесийн хэлэлцээрийг өөрийнхөө талд амархаан эргүүлчихдэг. Бас үнэхээр нэг зүг рүү хардаг хүнээ ч олоод авдаг. Бүхнийг нөгөө хүний өнцгөөс бодолцож үзэхээс илүү, үнэн гэж итгэдэг нэг цэг дээрээ л бат зогсоход өөртөө төвлөрөх чанар маш хэрэгтэй. Тийм учраас дараагийн удаад хэн нэгэн чиний зөв үзэл санаанд нөлөөлөх гэж оролдвол, өмнөх болзооны туршид өөрийнхөө тухай ярьсан “эго” залууг санаж, бүү ухраарай. Тэгвэл л үүнийг өөрийгөө хайрлах нэг хэлбэр мөн гэдгийг мэдрэх болно. (Гэхдээ энэ нь хувиа хичээсэн зангаас огт өөр шүү.)
3. Хааяа үнэхээр жаахан хүүхэд шиг байж чаддаг чанар
Зарим үед нөхрийнхөө ээж нь юм шиг л санагддаг уу? 30 хүрсэн ч PC тоглоомноосоо салж чаддаггүй “бие нь томорсон хөвгүүд”-ийн бидэнд зааж чадах хичээл бол “байгаадаа сэтгэл ханах”. Эмэгтэйчүүд бид үргэлж одооныхоосоо илүү зүйл рүү тэмүүлдэг сайхан чанартай боловч энэ нь нөгөө талаас бидэнд амьдралдаа, хайртдаа, ажилдаа сэтгэл хангалуун бус байх шалтгаан болдог. Тийм болохоор л бидэнд зарим бэлэг “жижигддэг” бол, эрчүүдийн хувьд үнэхээр хайртай хүн нь л өгч байгаа тохиолдолд юу ч сайхан санагдсан хэвээр байдаг юм. Өдөр ирэх тусам бидний бусдад тавих шаардлага, хүсэх хүлээлт өндөрссөөр байдаг бол, эсрэгээрээ эрчүүдийн үнэлэмж хэдэн жилийн өмнөхөөс ч өөрчлөгдөхгүй байх нь бий. Чухал асуудал тулгарсан үед ч тоглоом тохуу хийдэг “мэдрэмжгүй” залууд чинь хайртынхаа хэлсэн өчүүхэн магтаалд урамшиж улам илүү хичээх, дахин магтуулахын тулд хийсэн юмаа байн байн харуулах, чиний сонгож өгсөн цамцыг өмсөх болгондоо эргэн тойрондоо гайхуулах хүүхдэрхэг чанар бий. Гол учир нь тэдний ихэнх нь “юу ч өөрчлөгдөөгүй” гэдэгт бат итгэж, юм бүхэнд өмнөх шигээ хөнгөнөөр, талархалтайгаар хандаж чаддаг юм.
4. Шударга маргалдах чадвар
“Цусаа гартал зодолдож, тосоо гартал тэврэлдэнэ” гэдэг үг нь л үүний утгыг бараг илтгээд өгч байгаа биз? Эрчүүдэд уучлалыг маш хурдан хүлээж аваад, юу ч болоогүй юм шиг мартах гайхамшигтай чанар бий. Асуудалд биш, асуудлыг шийдэхэд анхаарлаа хандуулдаг төрөлхийн чадвартай нь ч холбоотой байж магадгүй. Ямартай ч, эрчүүд нэг хундага тулгаад л бүхнийг өнгөрсөнд нь үлдээдэг бол бүсгүйчүүд бид хоорондоо муудалцах юм бол буцаад хэвийн харилцаандаа ороход нэлээд цаг хугацаа шаардагддаг. Анзаараад байвал, эрчүүд маргааны үед эсрэг талынхаа дээр гарахын тулд хурц үгнүүд ашиглалгүй, харин яагаад үнэхээр уурласан тухайгаа л голчлон ярьдаг. Өөрийн мэдэлгүй л, анх юунаас үүдэж бухимдаад энэ хүртэл хэрүүл үүсгэснээ дунд нь алдчихдаг бүсгүйчүүд бидэнд үүнээс нь ч бас суралцах чанар байгаа биз?
5. Сэтгэлээрээ “мөнхийн залуу” байх чадвар
Дундаж гадаад төрхтэй эмэгтэй хүн өөрийгөө “царай муутай” гэж өргөмжилдөг бол, дундаж эрчүүд толинд харах болгондоо “Би ч бас л давгүй залуу шүү” гэж өөрийгөө магтдаг. Жийнс нь багтахгүй байвал эмэгтэйчүүд өөрсдийгөө жин нэмсэн гэдэгт үг дуугүй итгэдэг бол, эрчүүд өмднийхөө агшдаг материалд л бурууг өгчихөөд өөрөө сэтгэл зоволгүй инээж суудаг. Өө бас, өөрөөсөө олон насаар дүү сайхан залуу руу харц чулуудах эмээ бараг л байдаггүй бол, 60 настай өвөө нар аягүй л бол 20-той охинд “Танилцъя” гэж хэлэх зоригтой байгаа даа. Тэдний хувьд гадаад төрх нь өөрийгөө доогуур үнэлэх шалтгаан огтхон ч болдоггүй. Бид ч бас тэдэн шиг, нэмэгдэж байгаа үрчлээ болгон илүү бие даасан, секси, харин ч хамаагүй сэтгэл татам болгож байгаа гэдэгт итгэж яагаад болохгүй гэж?